Чавес 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Чавес 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлэв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес  2012 оны 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлж, өөрийг нь дэмжигч хувьсгалт хүчнүүдийг эв нэгдлээ бэхжүүлэхийг ням гаригт уриалсан байна.

“Оюутны өдөр”-ийг өдрийг тэмдэглэх үеэр Засгийн газрын байр, Мирафлоресын Ордоны өмнө цугларсан оюутнуудад хандан “Венесуэлийн хувьсгал, социализмын үйл хэргийн үргэлжлэлийг баталгаажуулахын тулд бид эв нэгдэлтэй байх ёстой” гэж хэлжээ.

Чавесын хэлснээр сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах аваас улс орон даяар эмх замбараагүй байдал бий болж, дайн дэгдэхэд хүргэнэ гэсэн байна.

Мөн түүнчлэн хувьсгалт хүчний дотор хагалан бутаргагч урсгалууд бий болж, учирч болзошгүй постчавизм буюу чавизмын  үе  өнгөрсний дараа байр сууриа бэхжүүлэх гэсэн хүчнүүд бий болж байгааг өөрийг нь шүтэн бишрэгч нартаа анхааруулсан байна. 

Зүсээ хувиргасан “тавдугаар цувааныхан”  Чавес нас, бие нь хөгширсөн тул дахиж түүнээс олигтой,  үр бүтээлтэй зүйл гарахгүй гэж ярьцгааж, хөрөнгөтнүүдийн турхиралтаар ард түмний ёс суртахууныг сулруулан хагалан бутаргах арга замыг эрэлхийлэн, сонгууль угтан өөрийн улс төрийн байр сууриа сурталчлах боломж эрэлхийлж байна гэж Венесуэлийн ерөнхийлөгч ярисан аж.
Ийм нөхцөл байдлын дор 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн  ганц “Эх оронч туйл” байгуулан оролцох, түүнд улс төрийн намууд төдийгүй ажилчид, тариачид, оюутнууд, эмэгтэйчүүдийн байгууллага, урсгалуудыг татан оролцуулах ёстой гэсэн байна.

“Иймд улс төрийн тулаан улам эрчимжинэ. Бид туйлын ялалтад хүрээгүй байна. 2011, 2012 оны тэмцэл хүнд хэцүү байх болно. Хөрөнгөтнүүд намайг Мирафлорес Ордоноос гаргахаар оролдож байгаа боловч дэмий хоосон үлээж, лонх хийдэггүйг анхаарах ёстой гэж” гэж Чавес хэлсэн ажээ.

Уго Чавес өөрийн дэмжигчдэд хандан “сонгууль босгонд тулж ирчихээд байна, ер нь кампанит ажил  энэ үе мөчөөс эхэллээ гэж хэлж болно гээд боливаризмын үзэл санааны дор  ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө нэрээ дэвшүүлж байгаагаа сануулаад  “энэ цэрэг эр хувьсгалын фронтын тэргүүн эгнээнд байх уу эсвэл хөрөнгөтнүүд  ард түмний мөрөөдлийг хөсөр хаях уу гэдгийг шийдвэрлэх цаг мөч ирж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж