Лионель Месси: Би жирийн л нэг хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Лионель Месси: Би жирийн л нэг хөлбөмбөгч

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ жилээс эхлэн FIFA World Player of the Year болон France Football сэтгүүлээс шалгаруулдаг Ballon d’Or шагналыг нэгтгэн жил бүр шилдгийн шилдэг гэсэн ганцхан тоглогчид “Алтан бөмбөг” шагналыг гардуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн жил тус хоёр шагналыг хоёуланг нь хүртэж, дэлхийн хэмжээний шилдэг хөлбөмбөгч гэх статусаа баталсан Аргентиний довтлогч Лионель Месси FIFA.com-д сонирхолтой ярилцлага өгчээ. Энэ жилийн шагналд ч нэр дэвшээд буй “Барса”-гийн супер од Мессигийн ярилцлагыг толилуулъя.

-Лионель, шинэ өрсөлдөөний талбар таныг улам хурцалдаг тухай олон ярилцлагадаа дурдсан байсан. Гэтэл танд одоо нэмж авах шагнал бараг үлдээгүй юм биш үү?

-Тийм ээ, дэлхийн аваргаас бусад бүх томоохон шагналыг авсан гэж болно. Гэхдээ л дэлхийн аваргын үеэр Германтай хийсэн тоглолтыг бодохоор л уур хүрээд байдаг юм. Бид түүнээс ч илүү өндөр амжилт гаргахыг хүсч, мөрөөдөж очсон болохоор тэр ялагдал үнэхээр том цохилт байлаа. Гэтэл эхний мөчөөс эхлээд л бүх зүйл буруу эргэсэн. Илүү амжилт гаргана гэж итгэж найдаж байсан болохоор ичгэвтэр байлаа.

-Аргентинчууд Германы багт хожигдохыг хараад Шави, Иньеста нарын таны хамтрагчид цочролд орсон гэж ярьсан байсан. Аргентинчуудыг хагас шигшээд өрсөлдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм билээ?

-Үнэн шүү. Бид тийм ч сайн эхлэл тавиагүй. Гэхдээ тоглолт бүрт сайжирч, формдоо орсон. Ямартай ч бид тоглож, гаргасан үр дүндээ хүндэтгэл хүлээсэнд баяртай байна. Шави, Иньеста нарын тухайд ямар ч формтой байлаа гэсэн аргентинчууд хүчтэй өрсөлдөгч гэдгийг тэд мэддэг гэж бодож байна. Үүнийгээ ч баталж, Буэнос-Айрост болсон нөхөрсөг тоглолтод бид Испанийн багийг бут ниргэсэн шүү дээ.

-Таны испани хамтрагчид тань FIFA-гийн Ballon d’Or шагнал хүртэх боломжтой юу?

-Энэ жилийн шагналын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гол нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Хэрэв шагналын эзэн би биш байвал “Барселона” клубын маань тоглогч хүртээсэй гэж хүсч байна. Шави, Иньеста нар гайхалтай хүмүүс, шилдэг ч тоглогчид. Тийм ч учраас бусдаас илүүтэй энэ шагналыг хүртэх гавьяатай тоглогчид.

-Тэгвэл энэ оны FIFA-гийн шилдэг дасгалжуулагчаар хэн тодрох бол?

-Энэ асуудалд би багтайгаа хамт байх болно. Би хувьдаа Пеп Гуордиалагийн төлөө саналаа өгнө. Олон тэмцээнд түрүүлж, цом хүртсэн болохоор тэгж байгаа юм биш. Гуардиолагийн үүрэг, хариуцлага, хөлбөмбөгийн философи нь үнэхээр агуу. Мэдээж “Реал Мадрид”-ын өнгө төрхийг өөрчилснөөс гадна “Интер Милан”-ы хамт гурван цом хүртсэн Жозе Моуриньог дурдахгүй байж болохгүй. Дэлхийн аваргатай холбож яривал Висенте дел Боске, Йохим Лёв нар мэдээж хүчтэй өрсөлдөгчид. Тэднээс гадна өөр олон шилдэг дасгалжуулагчид нэр дэвшсэн ч миний хувьд дээр дурдсан дөрвөн дасгалжуулагч хамгийн өндөр магадлалтай.

-Аргентиний шигшээ багийн дотор хагарал үүсэхэд таныг ашигладаг гэж та өөрөө ярьж байсан. Танд үнэхээр тэгж санагддаг хэрэг үү?

-Мэдээж. Бусад хүмүүс намайг бүх л зүйлийн төлөө буруутгаад байх шиг санагддаг. Ямар нэг асуудал гарлаа гэхэд надад огт хамаагүй байсан ч хүмүүс надаас болсон мэтээр ярьдаг шүү дээ. Тийм ч учраас би өөрийн хийх ёстой зүйлдээ, хөлбөмбөг тоглохдоо, хэлж, ярьж буй зүйлдээ ч ихээхэн анхааралтай, бодолтой хандахыг хичээдэг. “Ямар ч нөхцөл байдалд би Аргентиний багт хамгийн сайн сайхныг хүсэх болно. Хэн нэгэнд асуудал, бэрхшээл гаргах гэж оролдож байгаагүй” гэдгийг би үргэлж хэлдэг.

-Та ойрын үед Диего Марадонатай холбоо барьсан уу?

-Тийм ээ, саяхан ярилцсан. Диегогийн удирдлага дор тоглохдоо би баяртай байсан, яг л одоо Серхио Батистагийн удирдлага дор ажиллаж байгаа шиг. Үндэсний шигшээ багийн бусад тоглогчдын л адил би тоглолтод анхаарлаа хандуулдаг. Би жирийн л нэг хөлбөмбөгч шүү дээ. Аргентиний хөлбөмбөгийн холбоотой холбогдох бусад асуудлыг өөр хүмүүс хариуцдаг. Тэд л шийдвэр гаргадаг болохоор миний зүгээс ямар нэг асуудалд оролцох эрхгүй.

-Хөлбөмбөгөөс бусад зүйлд та Марадонатай хэр харилцаатай байдаг вэ?

-Маш сайн. Бие биеэ сайн мэддэг, сайн хамтрагчид. Бид хамтдаа Бээжингийн олимпиос алтан медаль хүртэж байсан.

-Аргентиний багийн тухай ярьсных, таны хувьд шигшээ багтайгаа хамт байх дараагийн гол зорилго бол “Бразил-2014”, мөн 2011 оны Америкийн цомын тэмцээн гэж бодож байна?

-Мэдээж, үүнд эргэлзэх зүйлгүй. Бидний хувьд Америкийн цомын тэмцээн маш чухал. Учир нь бид нутагтаа тоглоно, тиймээс ч энэ хэрээр бидэнд илүү шахалт ирж байгаа. Ямартай ч бид чадлаараа хичээж, түрүүлэх ёстой.

-Хамгийн их аюул учруулж буй өрсөлдөгчөө нэрлээч.

-Үргэлж л Бразил байсаар ирсэн. Бас Луис Суарес, Диего Форлан нарыг урдаа тоглуулж, гайхалтай хамгаалалтаар багаа бүрдүүлж, Өмнөд Африкт өндөр амжилт гаргасан уругвайчууд байна. Мэдээж Парагвайн багийг мартаж болохгүй. Тэдний хамгаалалт ямар ч өрсөлдөгчийг тавгүйтүүлж орхидог. Дэлхийн аваргын үеэр ч тэд Испанийг багагүй сандаргасан шүү. Харин дараа нь Чилийг нэрлэнэ. Марчело Биелса явснаар тэдэнд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй юм. Гэхдээ л тэд хүчтэй, аюултай өрсөлдөгч мөнөөс мөн.

-Шинэ жилийн баяр дөхсөн байна. Та ирэх оны хүслээ юу гэж шивнэх бол?

-Өнгөрсөн жилийнхтэй адилхан. Чадах чинээгээрээ хичээж, аль болох олон тэмцээнд ялах. Би үргэлж одоо байгаагаасаа илүү ихийн төлөө тэмцдэг. Ялангуяа Аргентиний багтайгаа хамт Америкийн цомын тэмцээнд түрүүлэхийг хүсч байна. Мэдээж ирэх онд гэмтэл бэртлээс хол байгаасай гэж хүсэх болно.

-Хөлбөмбөгийн хажуугаар та янз бүрийн хүмүүнлэгийн ажилд их оролцдог. Энэ тухайгаа яриач.

-Миний нэрээр нэрлэсэн хүмүүнлэгийн сан байгаа юм. Миний аав Хорхе болон ах Родриго нар маань хоёул энэ сангийн үйлст оролцдог. Миний хувьд, бусдын амьдралыг өчүүхэн ч болов гэрэл гэгээтэй, хүчтэй болгохын тулд чадлын хэрээр туслахыг хичээдэг. Ялангуяа дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн бэрхшээлтэй байгаа хүүхдүүдэд туслахыг зорьж байгаа.

-2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулсан FIFA-гийн аянд та оролцож, Өмнөд Африкийн хүүхэд, багачуудад тусалсан шүү дээ?

-Тийм ээ. “Хөлбөмбөг эрүүл мэндийн төлөө” нэртэй аян байсан юм. Хүүхэд багачуудад чиглэсэн бүхэн сайхан шүү дээ. Учир нь тэр л насандаа хүн бүгдийг ухамсарлаж, өөртөө шингээж авдаг. Тэгэхээр бид чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Зөвхөн би ч биш бүх хөлбөмбөгчид тэдэнд туслах ёстой болов уу. Өөрийн төрөлх улсдаа хүмүүнлэгийн сан байгуулсан, мөн өөрсдийн сургууль, эмнэлэг барьж байгуулсан хөлбөмбөгчид олон байдаг шүү дээ.

-ADIDAS-ын аян удахгүй эхлэх гэж байна. Таны санаачлан байгуулсан сангаас Барселон хотын Valle Hebron эмнэлгийн өвчтэй хүүхдүүдэд зориулсан хүүхдийн парк байгуулах гэж байгаа гэж сонссон юм. Бас Барселон болон таны төрөлх Росарио хотын эмч нарын хооронд туршлага солилцох солилцооны хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа гэсэн шүү дээ. Эдгээр төслийн талаар та дэлгэрүүлэхгүй юү?

-Нарийн ширийн зүйлийн талаар одоохондоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ADIDAS-ын аян Өмнөд Америкт чиглэх болов уу. Нийгмийн шалтгаанаар зовж шаналж байгаа, бас боловсрол авч чадахгүй байгаа хүүхдүүдэд бидний тусламж хэрэгтэй. Харин эмч нарын солилцооны хөтөлбөрийн санааг аав минь гаргасан юм. Эмч нар энд ирж /Барселоныг хэлэв/ ажиллах бүх нөхцөлийг бид хангана. Харин тэд эргэж очоод сурч мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлнэ шүү дээ. Маш олон төсөл биеллээ олж эхэлж байгаад бурханд талархах хэрэгтэй.

-Хүүхдүүдэд тусалдгаараа алдартай Роналдиньогийн адилаар та бас буяны ажил их хийж байна?

-Аз жаргалтай, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хүүхдүүдийг харахаас илүү сайхан зүйл байхгүй. Миний чадах ямар зүйл байна тэр болгоноор туслахыг хичээдэг. Гарын үсэг зурах төдий жижиг зүйл байсан ч хамаагүй. Хүүхдийн инээмсэглэл гэдэг хорвоогийн бүх мөнгөөс ч илүү үнэ цэнэтэй.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж