АН “их гэр”-ээ бужигнуулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

АН “их гэр”-ээ бужигнуулахгүй гэв

2012 онд дахиад л засаг хуваах уу?

Ардчилсан намын ҮЗХ-ны ХХХII хуралдаан болж өндөрлөлөө. Ээлжит бус их хурлаа товлосонгүй, даргаа солино гэж давшилсангүй, хамтарсан Засгийн газраас гарна гэж шантаажилсангүй.. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хэлсэнчлэн ҮЗХ-ны хурлыг тас ширтсэн сонжооч, шохоорхогчдын “Хагарлыг хүсэгчдийн харц”-анд “хагарахгүй” гэсэн хариу өгсөн нь ҮЗХ-ны ээлжит хурлын нэг үр дүн болов. “Гэдсэндээ хөлөө жийлцдэг “нялхсын дон” биднээс холдон одсоныг мэдрүүлэх ёстой. Гаднаас дэмжиж байгаа ард түмнийхээ итгэлийг дотроосоо булингартуулдаг гашуун сургамж бидэнд цөөнгүй байдгийг санаж сэрэхэд илүүдэхгүй. Нэн ялангуяа нэгнээ дэгээдэх жижиг улс төр намаа унагах том ангал руу хөтөлж магадгүйг бодох учиртай” гэж Н.Алтанхуяг даргын  хурлын эхэнд хэлснийг ҮЗХ-ны 228 гишүүнээс хуралдаанд оролцсон 190 гаруй хүний дийлэнх мөрдлөг болгов.
“Хурал хаяж, засгийг огцруулах нь цөөнхийн үүрэг мэт ойлгодог гэнэн төсөөлөл Монголын улс төрд үеэ өнгөрөөж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтарч ажиллах, дотоод хяналтаа хүчтэй болгох явдал сөрөг хүчний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага болж байна. Бид өнөөдөр энэ жишгээр л хамтран ажиллаж байна. Харин хамтарсан Засгийн газарт орсноор Ардчилсан нам МАН-ын сүүдэр болж, Ардчилсан намын дарга МАН-ын даргын халаасны хүн болсон мэтээр мушгин гуйвуулах нь үнэнээс хол гүтгэлэг гэдгийг итгэлтэйгээр тэмдэглэн хэлье” хэмээн ҮЗХ-ны хурлын өмнө өөрийнх нь зүгт чиглээд байсан шүүмжлэлд АН-ын дарга хариу барьсан юм.

Намын даргын тавьсан үндсэн илтгэлээс харвал УИХ-ын дараагийн сонгууль дөхөж буй энэ үед АН, МАН-ын рейтинг тун ойролцоо яваа юм байна. Гадаад, дотоодын байгууллагуудын судалгаанаас харвал сүүлийн нэг жилд Ардчилсан намын рейтинг МАН-аас 3-5 пунктээр илүү яваа нь харагджээ. “Энэ бол ард түмэн Ардчилсан намд итгэж байгаагийн нэн тодорхой илэрхийлэл. Итгэлийн хариуд та бид зүтгэх ёстой. Ардчилсан намын бодлого төлөвшин төгөлдөржиж, ардчиллын залуучууд ямар ч ачааг даах мэдлэг чадвар, дадлага туршлагатай болсныг түмэн олондоо  харуулах ёстой” хэмээн намын дарга илтгэв. Гэхдээ л гурваас тавхан хувь гэдэг тун яльгүй зөрүү. Монголын улс төрийн өнгийг тодорхойлогч АН, МАН-ын рейтинг ийнхүү ойролцоо яваа нь УИХ-ын 2012 оны сонгуульд энэ хоёр хүчин бас л дөхүү санал авч засаг хуваах нь уу гэсэн таамгийг төрүүлж мэдэхээр байна.

Оюутолгой тойрсон хов жив
Намын ажил, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, ээлжит бус их хурал гэхээсээ илүү Оюутолгойн гэрээ тойрсон хов жив багагүй цаг “идэв”. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Амьдрал дээр Оюутолгойн 34 хувь Монголын талд ногдоно гэдэг худлаа. С.Баярцогт бол худлаа ярьдгаараа алдартай хүн. Оюутолгойн зөвхөн энгийн хувьцааны 34 хувь л Монголын талд ногдоно. Давуу эрхтэй хувьцаа манайд хамаагүй. Энгийн хувьцааны 34 хувь гэж үзвэл Монголд Оюутолгойн 6,8 хувь л хамаатай. Өрмийг нь хүнд хамуулаад хусман дээр зодолдохоо больё” гэснийг Сангийн сайд үгүйсгэж индэрт гүйн гарлаа. Тайлбар хийх нь үү гэтэл Сангийн сайд С.Баярцогт хов яриад унав. Тэрбээр “Намайг Японд ажлаар явсан хойгуур Н.Батбаяр гишүүн С.Баярцогт Оюутолгойг бүхэлд нь Хятадад өгөх гэж байна, битгий дэмжээрэй гэж хэлсэн байна лээ. Чамайг Н.Батбаяр тэгж байсан гэж надад Х.Баттулга сайд хэлсэн. Ерөнхий сайд С.Баяр хэлсэн. Яагаад ингэсэн юм бэ гэж дараа нь асуухад Н.Батбаяр намайг алдаршуулах гэж тэгсэн гэж тайлбарласан. Надад тийм алдар хэрэггүй” гэчихэв. Өөрийнх нь нэр гэнэт ховонд хавчуулагдсанд цочирдсон уу, яасан Х.Баттулга сайд хуралдааны танхимаас гүйж гараад хэсэгтээ л эргэж ирсэнгүй.Н.Алтанхуяг дарга иймэрхүү байдлыг “УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан ҮЗХ дээр үргэлжилж байна” хэмээн тайлбарлалаа.

Роберт Фрийдландын захиа
ҮЗХ-ны хуралдаан дээр Оюутолгойн гэрээний асуудал хурцдаад ирмэгц С.Баярцогт сайд энэ сарын 12-ноор өдөрлөсөн нэгэн захидал гаргаж ирэв. Захидлыг Айвэнхоу Майнз компанийн тэргүүн бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд, Рио Тинто компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Том Албаниз нар Ерөнхий сайд С.Батболдын нэр дээр илгээжээ. Тэр захидал Н.Батбаяр гишүүний ярьсанд хариу болгосон мэт агуулгатай байв. “УИХ-ын зарим гишүүн Монгол Улсын Засгийн газрын эзэмших хувь 34 хувиас долоон хувь хүртэл буурсан хэмээн бодит байдлыг гуйвуулж байгаад бидний сэтгэл зовниж байна. Энэ нь илэрхий ташаа мэдээлэл юм. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой ХХК-ий энгийн хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа бөгөөд хувь эзэмшлийн хэмжээ нь төслийн хэрэгжилтийн хугацааны турш энэ төвшинд байх болно. Харин ч Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй хувиа ирээдүйд нэмэгдүүлэх боломжтой хувилбар бий” гэжээ. Гэлээ ч Н.Батбаяр гишүүн хэлснээсээ буцаагүйгээр барахгүй Ц.Оюунгэрэл нарын зарим  гишүүн захидлыг орчуулахдаа зарим санааг буруу илэрхийлсэн байна гэх шүүмжлэлийг танхимаас хэлсэн юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хамтарсан Засгийн газрын хоёр жилийн ажлын тайлангийн талаар илтгэл тавьж гэрээний биелэлт 60 хувьтай, мөрийн хөтөлбөрийн биелэлт сайн байгаа хэмээн ярьсан нь ҮЗХ-ны зарим гишүүний дургүйцлийг хүргээтхэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамтарсан Засгийн газрын ажил нь хамгийн муу яваа сайдаар очиж очиж илтгэл тавиулж бүх зүйл бүтэж байгаа мэтээр яриуллаа хэмээн бухимдаж байв.

“Засаг, нам гэдэг даргатай болчихлоо”
ҮЗХ-ны гишүүдээс хуралдааны үед цөөнгүй хүн сөрөг байр суурь илэрхийлсэн юм. Гишүүн Баабар энхийн цагаан тагтаа шиг илтгэлүүдийг сонсоод дургүйцлээ илэрхийлэв. “АН гудамжинд сөрөг хүчин болоод байсан жилүүдэд Э.Бат-Үүл тракторчдыг жагсааж, Л.Гүндалай чуулганы танхимд бужигнуулж, би нийтлэлүүдээ бичиж сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байсан. Тэр үед одоо энэ ҮЗХ-д байгаа, дарга болоод байгаа гишүүдээс хэн нь биднийг дэмжсэн юм бэ” хэмээн нэлээд бухимдангуй байв. ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяа хамтарсан Засгийн газрын тайлан бодит байдалтай нийцэхгүй байгааг илэрхийлж, С.Эрдэнэ, З.Энхболд нар амьдралаас тасарсан илтгэлүүд тавьсан дарга нараа шүүмжлэв. “Монголын охид бүсгүйчүүдийг доромжилсон” хэмээн АН-ын даргыг УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа буруутгалаа. Н.Алтанхуяг дарга илтгэлдээ “Улс үндэстэн оршихын дархлаа болсон охид эмэгтэйчүүд үе мултарсан харийн өвгөдийн өмнө өвдөг сөгдөж монгол хүний үнэ цэнийг алдагдуулж байна” гэсэнд тэрбээр дургүйцсэн юм. “Монгол бүсгүйчүүд бүгдээрээ харийн өвгөдийн өмнө өвдөг сөхөрсөн мэтээр намын дарга ярьсныг эсэргүүцэж байна” хэмээн ҮЗХ-ын гишүүн Б.Мөнхтуяа шүүмжиллээ. ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа “Цагаан сараар ҮЗХ-ны хурлыг хийнэ гэж дарга нар хэлж байна. Тэр үед хамтарсан Засгийн газраас гарах юм уу. Ер нь хэзээ Засгийн газраас намаа гаргаж боломж хожих вэ” хэмээн шахаж үзэв. С.Эрдэнэ, З.Энхболд нарын гишүүд “Дээр үед нам, засаг гэж ярьдаг байсан. Одоо засаг, нам гэдэг, намаасаа илүү засагтаа хайртай даргатай болчихлоо” гэсэн шүүмжлэлийг Н.Алтанхуяг даргад хаяглав.

Ээлжит бус хуралдаан хийхгүй
Оройхон тийш хуралдаанаа хаалттай болгож аваад ажиглагчдын сэтгэлийг гижигдэж байсан энэ асуудлыг сөхжээ. ҮЗХ-ны гишүүн, нийслэлийн АН-ын дэд дарга асан Н.Батаагийн саналаар уг асуудлаар санал хураалгахаар болоход 196 гишүүний 28 нь л дэмжсэн байна. Ингээд энэ асуудалд нэг хэсэгтээ цэг тавив. Их хүлээлт үүсгээд байсан АН-ын ҮЗХ-ны ээлжит ХХХII хуралдаан дорвитой  үр дүнд хүрээгүй мэт харагдаж болох ч хоёр гол шийдвэрт хүрч чадсан гэж хэлж болно. Монгол хүнийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг ҮЗХ-ны хуралдаанаар дэмжиж, дэлгэрэнгүй боловсруулах, хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулав. Хөтөлбөр гарснаар одоо хүртэл хэрэгжүүлж ирсэн иргэдийн улс төрийн эрх чөлөөг ирэх 20 жилд эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажуулах боломжтой болох юм. Мөн намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргалаа. Дүрэмд өөрчлөлт оруулснаар АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл гэсэн орон нутгийн төлөөллийн шинж чанартай, давхардсан хэв шинжтэй байгууллагыг эргэн харж, Гүйцэтгэх зөвлөлд УИХ, Засгийн газрын гишүүдээс түлхүү оруулах ажээ. Ингэснээр намаас нэгдсэн бодлого гаргах үйл ажиллагааг идэвхжүүлж, үйл ажиллагааг шуурхай болгох, үйл аж:иллагааг тогтмолжуулах боломжтой үүсэх аж.

Намын даргыг сонгуулийн үр дүнгээр сольдог учир энэ удаад солихгүй гэж үзсэнээс гадна АН хамтарсан Засгийн газраас гарахгүй, намын ээлжит бус их хурлыг хийхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Ямар боловч нэг хэсэгтээ АН-ын гишүүд их гэрээ бужигнуулахгүй хэмээн санал нэгдэв.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж