Цас орж, шар хантаазтангууд завгүй ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Цас орж, шар хантаазтангууд завгүй ажиллав

Өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн гурван өдөр  нийслэл хотод 1-1.7 мм-ийн зузаантай цас орж  дүүргүүдийн  Тохижилт үйлчилгээний компаниyд  шар  хантаазтангууд, Замын цагдаа,  Яаралтай түргэн тусламжийн эмч нарт багагүй ажил ундруулав. Шинэхэн орсон цас агаарыг цэвэршүүлэх нь таатай ч  хальтиргаа гулгаа  үүсгэж, зам тээврийн осол аваар гарах нэг үндэс болж, яаралтай тусламжийн дуудлагыг эрс ихэсгэсэн юм.  Өвлийн улиралд бэлэн байдалд байх ёстой Тохижилт үйлчилгээний компаниуд өвөлжилтийн бэлтгэлээ  боломжийнхоо хэрээр базаасан  нь харагдаж байв. Цас унасан эхний өдрөөс л ТҮК-ууд өглөө 06.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, харьяаллын замуудад элс давсаа цацжээ. Гэвч цас орж байхад замын хальтиргаа эрс нэмэгдэж  зуны дугуйтай  машинуудын тормос нь барихгүй  мөргөлдөж шүргэлцэх то­хиол­дол ч олонтаа гарсан байна. Түүнчлэн бэртэж гэмтсэн, осол аваар гаргасан гэх дуудлага Яаралтай түргэн тусламжийн дуудлагын нэлээд хувийг эзэлсэн гэх. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас замын хальтиргааг гулгаанаас сэргийлж эхний ээлжинд дүүрэг бүр 30 тонн давс, 60 тонн мөс хайлуулах бодис хуваарилахаар төлөвлөсөнөөс дүүргүүд 243 тонн давс, 107.3 тонн бодисны нөөцтэй  байгаа гэж мэдээлж байсан. Гэхдээ  Тохижилт үйлчилгээний компанийн олонх нь химийн  бодис нөөцлөөгүй байгаа юм. Тиймээс  нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 140 тонн мөс хайлуулах бодис нийлүүлэх  тендер зарласан бөгөөд ирэх сард дүргүүдийн ТҮК-уудад  хуваарилагдах аж. Цас малгайлан орсон дээрх өдрүүдэд Тохижилт үйлчилгээний компанийхан хэрхэн ажиллаж байгааг сонирхлоо.

Бямба гариг 06.30 цаг
Хоёр өдөр  орсон цас хайлмагтан, замын зах хэсгээр хөлдсөн  байв. “Цас орсноос хойш  хоёр ч удаа давс, элс цацсан  болохоор харьцангуй гайгүй байгаа болов уу”  гэж Баянзүрх дүүргийн ТҮК-ний ажилтнууд хэлж байв. Зам талбайн  ажилтан, жолооч ачигч нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилдаа гарчээ. Өглөө -10 хэмийн хүйтэнд шар хантаазтангуудын амнаас уур савсаж,  тэр дорхноо цантах аж. Тус дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө, Хувьсгалчдын гудамж, Амарсанаа,  Энэбиш, Чингүүнжавын гудамж  зэрэг гол замууд харьяалагддаг аж. Нэг ачилтандаа 3-3,5 куб метр газар давс цацаж нийтдээ 20 тонн давс хальтиргаа гулгаанд зарцуулжээ. Харин Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн 32 ажилтан  мөн л  гурван өдөр уртасгасан цагаар ажилласан байна. Цас шүүрдэх,  давс элс цацах  зориулалттай дөрвөн машины хүчээр 10 тонн давс, 10 тонн элсийг Амгалан, Чулуун овоо, Арслантай гүүрээс Офицеруудын ордон зэрэг чиглэлийн замд цацсан гэв. Одоо тус компаний нөөцөд 80 тонн давс, 90 куб метр элс үлдсэн гэж байлаа.

Цас орсон сүүлийн өдөр буюу бямба гаригийн 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн  баазын дарга Ж.Нямхүүтэй уулзаж, элс давс цацах ажлын явцын талаар ярилцсан юм.

-Өнгөрсөн хоёр өдөр цас орж замын хальтиргаа  ихэслээ. Энэ нөхцөлд танай ажилтнууд хэрхэн ажиллаж байна?

-Бид өнгөрсөн сараас өвөлжилтийн бэлт­гэл ажлаа хангаж, 90 гаруй тонн давс 30 орчим  тонн элс нөөцөлсөн учир тэвдэж сандраагүй. Харин ажилт­нууд маань гурван өдөр амралт­гүй ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдэд 9,9 тонн давс, 10 куб метр элсийг  Баян­хошуу, нэгдүгээр хорооолол, Энх­тайваны өргөн чөлөө зэрэг дүүр­гийн нутаг дэвсгэрт хамаарах бү­хий л замд дээр цацаж хальтиргаа гул­гаанаас сэргийлсэн. Одоо манай нөөцөд 87 тонн давс, 10 куб метр элс, 1 тонн химийн бодис үлдсэн. Дараа ахиухан хэмжээний цас орсон ч хүрэлцэх хэмжээний нөөц бий гэсэн үг.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

-Манайх нийтдээ 90 гаруй ажил­тан­тай. Энэ удаа  зам, гудамжны ажилтан, жолооч, ачигч нийлсэн 36 хүн ажиллаж байна. Давс, элс цацахад олон хүн хэрэггүй учраас зарим нь замцын цасыг шүүрдэх ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар /бямба гариг/  6000 метр квадрат талбай газрыг шүүрдсэн.

-Явган хүний зам орхигддог шүү дээ. Одоо ч гэсэн явган хүний замын цас хатуурсан харагдаж байна л даа ?

-Явган хүний зам  дээр давс, элс цацах нь тохиромжтой биш. Гэхдээ манай ажилтнууд өөрсдийн харьяаны явган хүний замуудын цасыг цохиураар цохиж цэвэрлэнэ. Энэ удаагийн  орсон цас тийм ч сүртэй хэмжээнийх биш. Ихээхэн хэмжээний цас орж,  шуурахаар манай дүүрэгт  хамаардаг даваанууд  хаагддаг гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн
ТҮК өвөлжилтөд бэлтгээгүй байна
Төрийн байгууллага, томоохон үйл­чил­гээний газар, яам тамгын газ­рууд төвлөрсөн, замын хөдөл­гөөний ачаалал ихтэй Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний ком­пани хальтиргааг хазаарлах элс давс, бодис  аль алиныг нь нөөц­лөөгүй  аж.  Учир нь энэ жил тус ком­панид дүүргийн Засаг даргын тамгын газраас хальтиргаанд хэрэг­лэх давс бодисны мөнгө төсөвлөөгүй аж. Тиймээс дүүргийн Засаг дар­гын тамгын газрын дэргэдэх Шуурхай албаныхан давс цацах аж­лыг гүйцэтгэжээ. Цаашид цас ихээр орохоор байдал хүндрэх нь ойл­гомжтой учир холбогдох газруудад давс, бодис нөөцлөх  хүсэлт гаргаад байгаа гэнэ. Харин  Сүхбаатарын тал­байн цасыг тус компаний 10 гаруй ажилтан ээлжээр шүүрдэж байсан юм.

Энэ жил олон жилийн дундажаас ахиу цас унаж, хүйтрэх төлөвтэй байгааг судлаачид анхааруулж буй. Цаашид их хэмжээний цас орохоор зөвхөн элс, давс цацаад хүчрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс хурдан хугацаанд цас хайлуулах зориулалттай химийн бодисоо хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх хэрэгтэй болно. Гэвч одоогоор ТҮК-ууд нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тендер зарлаж, урд хөршөөс орж ирэх химийн бодисыг л хүлээж байна.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж