Цэрэг эрс тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Цэрэг эрс тангараг өргөв

Сар гаруйн  өмнө 2010 оны II  ээлжээр цэргийн албанд татагд­сан шинэ цэргүүдийн тан­гараг өргөх ёслолын ажиллагаа  өнгөрөгч бямба гаригт Дотоодын цэргийн анги нэгтгэлүүдэд зохион байгуулагдав. Сэтгүүлч бидний хувьд хотоос 65 км-ийн зайд орших Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байр­лах Монгол Улсын мар­шал Х.Чойбалсангийн нэ­рэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн шинэ цэр­гүүдийн тангарагийн баярт очи­хоор хуваарилагдсан юм. Тан­гарагийн баярт орол­цо­хоор БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын Агаа­­рын дов­толгооноос хам­гаа­лах цэр­гийн командлагч, Бригадын генерал Т.Дашдэлэг, Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга хурандаа Л.Онцгойбаяр болон “Тусгай салаа” олон ангит киноны гол дүр Сүлд, Анужин, Раднаа хурандаа, мөн Төв аймгийн удирдлагууд, цэргийн ар гэрийнхэн хүрэлцэн иржээ.

Эгнээсээ Монгол Улсын 10 баатар төрүүлсэн тус ангид энэ удаагийн ээлжинд алба хаахаар Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Улаанбаатар зэрэг аймаг хотуудаас 86 шинэ цэрэг татагдан ирсэн  байна. Тэдний дунд дээд боловсролтой, гэр бүлтэй цэрэг цөөнгүй байгаа аж.  Тэд тангараг өргөх гэж байгаадаа ихэд баяртай харагдаж байв. Зочид төлөөлөгчид  тан­гарагийн баярын нээлтийн үг хэлс­ний дараа тус ангийн жанжин тугийг талбайн голд  байр­шуулав. Ярайтал эгнэн жагссан цэргүүд нэрсийн дараал­лаар ээлжлэн гарч ирэн  тангарагаа уншиж, батламжинд гарын үсгээ зурцгааж, “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн тангараглаж,  жанжин тугандаа хүндэтгэл үзүүлээд эгнээндээ орон зогсож байв. Тангараг өргөж буй цэргийн ар гэрийнхэн энэ үеэр “Миний хүү, манай найз, ах тэнд байна” гэж ам уралдан хэлцгээж, зургийг нь авах, уулзах гэж урагш тэмүүлэх зэргээр багахан үймээн дэгдээж байлаа. Энэ үеэр тангараг өргөсөн цэргүүд болон тэдний ар гэрийнхнээс сэтгэгдлийг нь сонссон юм.

Сургууль, мотобуудлагын I салаа­ны байлдагч М.Даваа­дорж: Тан­гараг өргөхөд өөрий­гөө эр хүн боллоо гэж мэдрээд сай­хан са­нагдаж байна. Уг гарал Зав­хан аймаг,  гэхдээ Улаан­баатар хо­тоос ирсэн.

Улаанбаатар хотын иргэн н.Туяа:  Дүү маань сургуулиа төг­сөөд өөрөө саналаараа шууд цэрэгт явахыг хүссэн. Цэрэгт явна гэхэд нь дургүй л байсан. Гэхдээ одоо харахад сайхан бай­на. Эр хүн цэрэгт явж байж жин­хэнэ эр хүн болдог юм байна.
Сэлэнгэ аймгийн малчин н.Ганболд: Бид хол гэлгүй хүүгийнхээ тангарагийн баярт оролцохоор Сэлэнгээс 16- уулаа ирсэн.  Сарын дотор хүү маань сайхан болжээ. Цэргээс халагдахдаа жинхэнэ эр хүн болоод ирэх байх. 

Байлдагч  Г.Давааням: Эх орны хүү болно л гэж ирсэн. Гэтэл жинхэнэ буу зэвсэг барьж үзэх, цэргийн сургууль хийх нь огт өөр байсан. Одоо жинхэнэ эр хүн болон төлөвшиж,их юм сурч байна даа. 

 Тангарагийн ёслолын дараа тус ангийн захирагч Д.Батбаатар болон БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар нар цэрэг дайчдад хандан “Цэргийн жинхэнэ албан та­тагдан ирээд тангараг өргөсөнд баяр хүргэе. Та бүхэн одоо эх орны цэрэг боллоо.  Бү­тэн нэг жилийн хугацаанд цэргийн эрдмийн суралцаад, хэрэв хүсвэл үргэжлүүлэн гэ­рээт цэргэр үлдэх боломж бий. Түүнээс гадна гэрээт цэргийн албан хаагч болсноор гадаадад эх орны нэрийн өмнөс “Энхийг сахиулах ажиллагаа”-нд орол­цох боломж нээлттэй” гээд цэр­гийн албаа нэр төртэйгээр хаахыг ерөөв. 

Удалгүй шинэ цэргүүд ир­сэн зочид төлөөлөгчдөд сар гаруйн хугацаанд цэргийн эр­дэм хэр сурсанаа харуулахаар салаа салаагаараа зэвсэгт ту­лаан, гардан байлдаан зэрэг жаг­саалын бэлтгэлийн үзүүлэх тоглолтыг сонирхуулав. Энэ үеэр цэргүүд хоорондоо тулааны үзүүлбэр  болох цохилт, өшиглөлт газар  хүчтэй унах зэргийг хараад зарим эцэг эхчүүд “Яанаа, хүүг минь” хэмээн уулга алдах нь дуулдаж байв. Үзүүлэх тоглолтын дараа ангийн Соёлын төвд “Тусгай салаа” киноны уран бүтээлчид  цэрэг эх орны  сэдэвт уг кинонд тоглосон тухайгаа цэргүүд болон тэдний ар гэрийнхэнд харилцан ярилцсан юм. Учир нь ЗХЖШ-ны дүгнэж байгаагаар “ Тусгай салаа” кино гар­санаар энэ намар цэрэгт та­тагд­сан залуус нилээдгүй нэмэгд­сэн гэнэ. Тиймээс ЗХЖШ-ын удирдлагууд энэ­хүү киног хийх болсон учир шалт­гааныг танилцуулав. Сүл­дийн дүрийг бүтээсэн жүжиг­чин А.Алтанхуяг энэ үеэр дайч­дад хандан “Гуравхан са­рын хугацаанд цэргийн ангид байсан ч жинхэнэ эр хүн болохын тулд цэргийн алба хаах хэрэгтэй гэд­гийг маш ойлгосон. Эх орныхоо төлөө, хайртай бүх­нийхээ төлөө эр цэргийн албанд ирсэн та бүхэн албаа сайн хаагаарай” гэв. Дараа нь “Тусгай салаа” киноны “Хайрын зарлан” дууг дуулж, сүүлийн үед Дэн­дэвийн дуу хэмээн хит болсон “Ааваа зорино” нэртэй дууг дуулж сонирхуулав. Энэ дууг дуулахад зааланд байсан бүх хүн даган дуулж, цөөнгүй аав, ээжийн нүднээс нулимс унаж бай­гаа харагдсан. Хэдхэн хормын өмнө эх орныхоо төлөө зүтгэхээ тангараглаж байсан цэрэг эр тэрхэн зуурт ээждээ эрхлэн томоогүй жаал шиг өвөр дээр нь суугаад, энэхүү дууг дуулж байхыг харах сонирхолтой санагдсаныг нуух юун.   Уулзалтын дараа шинэ цэр­гүүд өөрсдийн бэлтгэсэн кон­цертоо эцэг эх, найз нө­хөддөө толилуулж, төгсгөлд нь 32 бөхийн барилдаанаар “Тангарагийн баяр” сайхан болж өндөрлөв. Бөхийн барилдааны үзүүрт түрүүнд үлдсэн хоёр бөх чөлөөний хуудсаар шагнагдав.  Дашрамд дуулгахад, ЗХЖШ-ын удирдах албаныхан  энэ үеэр “Хуу­чин цагт цэргийн ан­гиас ирээдүйн аймаг, улсын цол­той бөхчүүд төрөн гардаг байв. Одоо ч дахиж цэргээс сайн бөх төрөх нь өнгөрсөн бололтой. Учир нь бөх барилдахаар сай­хан бие хаатай залус цэрэгт татаг­дахаа байж, нөгөө талаар цэргийн хугацаа бага тул тэдний бие хааг тэгш болгоод бөх бол­гочих боломжгүй байна.” гэж хоорондоо ярилцаж байсан даа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж