Охидыг 500 ам.доллараар арилждаг этгээдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Охидыг 500 ам.доллараар арилждаг этгээдийг шалгаж байна

БНСУ-ын  нэгэн телевизийн сувгаар
хүүхдийг хэрхэн хүчирхийллээс хамгаалах талаар нэвтрүүлэг хийсэн байна.
Тэрхүү нэвтрүүлэгт “Хүүхэд ямар тохиолдолд хүнийг сайн муу, танил  найз
гэж ойлгодог эсэхийг  туршихаар нууц дуран ажиллуулжээ. Ингээд  сэтгүүлч
эрэгтэй сургуулийн гаднах талбайд тоглож буй охид дээр очсон байна. Нэг
охиныг дуудаж уулзан  чихэр өгөөд  яваад өгч. Маргааш нь сэтгүүлч
эрэгтэй  нөгөө чихэр өгсөн охины дэргэдүүр явтал нөгөөх охин, сэтгүүлч
эрэгтэйг “миний сайн танил,  сайн ах” гэж тодорхойлсон байна.  Өөрөөр
хэлбэл энэ нэвтрүүлгээр хүүхэд нэг удаа уулзсан, өөрт нь сайн хандсан
хүнийг танил гэж ойлгож буйг тодорхой жишээ нь дээр дүрслэн үзүүлжээ.
Сүүлийн үед  Монгол Улсад насанд хүрээгүй охид бэлгийн хүчирхийлэл, 
гэмт хэргийн золиос болох тохиолдол   ихсэх болов. Хэдийгээр манайд 
хүүхдээр овоглож мөнгө гуйх төрийн болон төрийн бус байгууллага олон ч
нүдэнд харагдах ажил хийх нь цөөн. Дор саяхны нэг баримт өгүүлье.
Тухайлбал онгон охидыг 500 ам.доллароор арилждаг Баянгол дүүргийн
харьяат Н.Наранхүү гэгч этгээдийг цагдаагийнхан шуурхай илрүүлэн
баривчилсан байна. Тэрбээр тэнэмэл гэх охидыг  онилж, бусдад зуучилдаг
нэгэн байсан юм байх. Энэ этгээдийн хэргийг Улсын мөрдөн байцаах газраас
шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу Баянгол
дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Энэ мэт сэтгэл сэртхийлгэсэн
мэдээ хоног өнжилгүй,  хэвлэлийн хуудасны нэгдүгээр нүүрэнд тавигдах
болоод удаж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт  найман
настай охин бусдын гарт хүчирхийлэгдэж,  онц хэрцгийгэээр хөнөөгдсөн
жигшүүрт хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн Н.Мөнх-Оргил нь  Хөвсгөлд гэмт
хэрэг үйлдэхээс өмнө  дөрөвдүгээр сарын 8-22 өдрүүдэд Улаанбаатарт 14
настай гурван охиныг хүчирхийлж, хохирогчдийн биеэ хамгаалах чадваргүй
мэдсээр байж хоолойг нь боож, амьсгал бүтэлтэд оруулж санаатай алахыг
завдсан хэргийг давтан үйлдсэн гэдгээр яллагдагчаар татагдаад буй.
Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар
сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж улмаар бэлгийн дур
хүслээ хангасны дараа санаатай амь насыг бүрэлгэсэн жигшүүрт хэргээ
хүлээхгүй өнөөдрийг хүртэл гүрийсээр байгаа. Өнгөрсөн долоо хоногт түүнд
холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүрэгт болохоор товлогдсон ч
хойшилсон юм. Энэ мэт   сэтгэл сэмлэсэн мэдээлэл олныг цочроох боллоо.
Ер нь хүүхдүүдийн өмнө  манай эцэг эхчүүд асран хамгаалагчид ямар их
хариуцлага алдаж буйг доорхи хэдхэн тоо харуулж байна.  Монгол Улсад
1000 хүүхэд тутмын нэг гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг хэрэгт
холбогдож, 500 хүүхэд тутмын нэг халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд
тутмын нэг хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгааг Хүүхдийн эрхийг
хамгаалах байгууллага гаргажээ.  Манай Улсад хүүхдийг  хүчирхийллээс
хамгаалах хууль тогтоомж тодорхой бус, эцэг эхчүүд асран хамгаалагчид
үүрэг хариуцлагаа төдийлөн мэддэггүй.  Тиймээс бусдын гарт золиослогдож,
насан турш сэтгэлийн шарх, биеийн өвчин тээсэн охидын тоо өдөр тутам 
нэмэгдэж буй нь аюулын харанга дэлдэх мэт. Тиймээс өнөөдөр  бид
хүчирхийллээс хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг тулгамдсан асуудал
болж байна. Цагдаагийн байгууллага,  нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд
хоорондоо уялдаа холбоо муугаас хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нь
олон байгааг дээрх баримтаас харж болно. Тэгэхээр Хүүхдийн эрхийг
хамгаалах байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд,
хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, 
сургалт мэдээллийг шат дараатай явуулах  зайлшгүй шаардлага гарч байна.
Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа  дээшлүүлэх,  хууль
эрхзүйг орчинг боловсронгүй болгох гээд олон зүйлд анхаарах цаг  аль
хэдийн иржээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж