П.Сэрдамба ялагдал хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба ялагдал хүлээлээ

Энэ удаагийн Азийн наадамд тааруухан амжилт үзүүлж буй Монголын ширэн бээлийтнүүдийн ээлжит ялагдал үргэлжилж, Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба өчигдөр эхний тулаандаа ялагдсанаар Гуанжоугийн рингийг орхилоо. Монголын баг тамирчдыг ахлан Азийн наадамд оролцож буй П.Сэрдамбад нутаг нэгтнүүд нь ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан ч ийнхүү талаар боллоо. Эрэгтэйчүүдийн 46 кг-ын жинд шөвгийн 16-д дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны Биржан Жакыповтой хөх булангаас гарч тулалдсан П.Сэрдамба 9:0 (1:0; 4:0; 4:0) харьцаатай ялагдсан юм.

Мөн өчигдөр манай боксчдоос эрэгтэйчүүдийн 69 кг-д Ж.Отгонжаргал эхний тулаанаа хийж, Афганистаны тамирчин Нажибллах Азимиг 6:1 харьцаатай ялснаар шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан. Тэрбээр дараагийн тулаанаа маргааш орой 21.30 цагаас Филиппиний боксчин Уилфредо Лопезтай хийх юм.

Харин өнөөдөр манай эмэгтэй тулаанчид Гуанжоугийн рингэнд гарч тулалдана. Тодруулбал, 48-51 кг-д М.Нандинцэцэг Японы тамирчин Аяа Шиммототой, 57-60 кг-ын жингийн ангилалд О.Сувд-Эрдэнэ Энэтхэгийн Преети Бенивалтай тус тус өрсөлдөнө. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Отгондалай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө БНХАУ-ын боксчин Ху Чиньтэй тулалдах юм.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж