Ал Каида Парламентын ордонг онилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Ал Каида Парламентын ордонг онилжээ

Ал Каида бүлэглэл Германы парламентын ордон руу ирэх хоёр болон гуравдугаар сард халдлага үйлдэхээр зэхэж байна гэж нэгэн эх сурвалж Германы холбооны гэмт хэргийн агентлагт мэдээлжээ.

Мэдээлэлд халдлагын бүлэг нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний хоёр нь Берлинд 6-8 долоо хоног байгаа, харин үлдсэн нь Герман, Турк, Хойд Африкийн иргэд байгаа, тэд замдаа явж байгаа гэж мэдэгдсэн байна.

Дээрх мэдээлэл нь одоогоор баттай биш байгаа ч Германы мэдээллийн хэрэгслүүдээр аль хэдийн таржээ. Германы засгийн газар энэ долоо хоногт улс орон даяар аюулгүй байдлыг чангаруулж байгаа нь халдлага болно гэсэн таамгийг баталж байгаа юм.

Бямба гаригт Лисбонд болсон НАТО-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Германд болж болзошгүй халдлагын талаарх уур амьсгалыг намдаахын тулд Германы Канцлер Ангела Меркэл “Германы ард түмэн чөлөөтэй, айдасгүй амьдрахад алан хядах ажиллагаа байх ёсгүй” гэж хэлжээ.

Герман улсын хувьд “Reichstag” парламентын ордон бол түүхийн чухал бэлэг тэмдгийн нэг юм. 1990 онд хоёр Герман улс нэгдэхэд энэхүү ордонг дахин хууль тогтоох засаглалын ордон болгосон ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж