
Мөн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг шинээр баталсан байна.
Төрийн захиргааны албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол энэ тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоох, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог төрийн байгууллага бүрт байгуулан ажиллахаар болжээ.
Мөн тус хуралдаанаар “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зарим өөрчлөлтүүд оруулсан байна. Тухайн ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага тавигдсан тохиолдолд боловсролын байгууллагаас баталсан стандартын дагуу шалгалт өгөх гэнэ. Энэ шалгалтад тэнцсэнээр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй болох аж. Мөн бүртгүүлэх хүн бүр цагдаагийн байгууллагын тодорхойлолт авдаг байсныг болиулж, зөвхөн тухайн албан тушаалд томилуулахаар санал болгох иргэнээс авахаар болгож өөрчилсөн байна.