“Хяналт” нэгдсэн арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

“Хяналт” нэгдсэн арга хэмжээ болов

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Аяны хүрээнд Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга хошууч А.Мөнхтөр, эдийн засгийн ахлах төлөөлөгч  дэслэгч Ц.Уламбаяр  цагдаа Х.Батбаяр, БОАГ-ын Ой нэгжийн дарга Ю.Ганхуяг нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг Уянга Бат-Өзий, Хужирт сумдын ой бүхий газруудаар, сумдын БОХУбайцаагч, Цагдаагийн тасгийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг зөрчил гарч болзошгүй газрууд, замын цагдаагийн Онги, Тарнын гүүрний пост, Хархорин, Хужирт, Арвайхээр сумын модны захуудаар хяналт шалгалт хийжээ. 

Уг  арга хэмжээгээр нийт 30 гаруй ойн зөрчил илрүүлж,  дөрвөн хэрэгт эрүүгийн, 14 зөрчилд захиргааны  хэрэг үүсгэн шалгаж, 1500.0 мянган төгрөгийн торгууль, 2600.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдууулж,  42 шоо метр мод хураан,  18 тээврийн хэрэгслийг журамлаж  саатуулжээ. Хууль бусаар  мод бэлтгэж ашиглах, тээвэрлэх, борлуулах зөрчил  Өвөрхангай аймагт урьд оны мөн үеэс  60 гаруй зөрчлөөр буурсан байна.

Дашрамд дурьдахад хууль, журмын дагуу бэлтгээгүй, зохих зөвшөөрөл, эрхийн бичиг баримтгүйгээр мод бэлтгэсэн,тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан зөрчлийн  учруулсан хохирлын  хэмжээ 108.0 мянган төгрөгнөөс дээш гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж шалгана гэж хуулинд заасан байдаг аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж