Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лиссабонд хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лиссабонд хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд 2010 оны арваннэгдүгээр сарын 20-нд Португаль Улсын нийслэл Лиссабон хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүн БХЯ-ны сайд Л.Болд тус арга хэмжээнд оролцож байна.      

Өнөөдөр Афганистан дахь олон улсын ажиллагаанд Монгол Улс цэрэг илгээгч орон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлээд байгаа бөгөөд Афганистаны асуудлаар анх удаа болж байгаа энэ удаагийн уулзалтад урилгаар оролцож байгаа юм. 

Уулзалт НАТО-гийн улс төрийн шийдвэр гаргах үндсэн бүтэц болох Умард Атлантын зөвлөлийн уулзалт бөгөөд гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын түвшинд буюу дээд түвшинд болдгоороо онцлогтой. Ийм уулзалтаар гол төлөв холбоотны дотоод улс төр, стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа болон бусад түнштэй холбоотой асуудлыг авч хэлэлцдэг. 

Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болж байгаа НАТО-гийн 24 дэх удаагийн дээд түвшний уулзалтын гол зорилго нь 2009 онд болсон Страсбург-Келний уулзалтаас үүрэг болгосны дагуу НАТО-гийн “Стратегийн шинэ үзэл баримтлал”-ыг хэлэлцэж батлана.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Афганистан дахь Энхийг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч, НАТО-гийн гишүүн бус орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцсон Афганистаны асуудлаарх Умард Атлантын зөвлөлийн дээд түвшний уулзалт болох юм. Уг уулзалтаар Афганистанд явуулж буй үйл ажиллагаа болон цаашид баримтлах бодлогын талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Уулзалтаас “Афганистаны тунхаглал”, мөн уулзалтад оролцож буй нийт орны байр суурийг тусгасан “Хамтарсан мэдэгдэл” тус тус гарах аж.

Лиссабоны дээд түвшний уулзалтад НАТО-гийн гишүүн 28 орноос гадна, цэрэг хандивлагч улс орны төр, засгийн тэргүүн нар оролцох болно. Мөн НАТО, ОХУ-ын уулзалт энэ үеэр болох төлөвтэй байна. НАТО-гийн зүгээс Лиссабоны дээд түвшний уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, улс төрийн, цэргийн бүх шугамаар бэлтгэлийг хангаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж