“Sweetymotion” номер нэгт гэдгээ батлав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” номер нэгт гэдгээ батлав

“АСА” циркт өчигдөр орой доргио шоу тоглолт боллоо. АНУ-д долоон жилийн турш уран бүтээлээ туурвиж байсан “Sweetymotion” хамтлагийнхан “Number One” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн нь энэ юм. Тэд тоглолт хийхээс өмнө “Монголд хийж байгаагүй жинхэнэ шоу тоглолтыг нь хийнэ, тэр ч утгаараа АНУ-аас мэргэжлийн хөгжимчид, бүжигчид урьсан” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл тэд үнэхээр гайхалтай шоу тоглолтыг монголчуудад үзүүлэв. Барууны оддын өнгө аяс бүхий тайз засалт, гэрэлтүүлэг, бүжигчид, хөгжимчид гээд бүх зүйл шинэлэг байсан. Харамсалтай зүйл нь гэвэл микрофоны дуугаралт жаахан муу байсан.

 Тоглолтыг “Sweetymotion” хамтлагийнхан “Шувуудын цувааг битгий тоолоорой” дуугаар эхлүүлж, хуучны уран бүтээлээс гадна “Emotion” цомогт багтсан дуунаасаа дуулсан. Мөн “Black Eyed Peas” хамтлагийн болон дуучин Beyonce-гийн дууг дуулж сонирхуулсан юм. Харин  “Халуун элгэн нутаг” дуугаар тоглолтоо өндөрлөв. Тоглолтод “Мотив”, “S4”, “Бөртэ” хамтлаг оролцсон бөгөөд АНУ-ын мэргэжлийн хөгжимчид, бүжигчид, “АСА” циркийн акробатчин, алиалагчид тоглолтыг чимлээ. Нийт гурван цаг үргэлжилсэн “Number One” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hero Entertainment” ажиллажээ.

“Sweetymotion” энэ орой өөрсдийгөө “Number One” гэдгээ баталж чадсан юм. Тоглолт өнөөдөр орой мөн болох бөгөөд 19.00 цагт “АСА” циркт эхэлнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж