Монголын ховор шувууд гэрэл зургийн дуранд буужээ

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Монголын ховор шувууд гэрэл зургийн дуранд буужээ

Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клубын хамтран зохион байгуулсан 2010 оны Монголын шувууны фото зургийн уралдаан амжилттай өндөрлөлөө.

Уг уралдаан нь НҮБ-ээс 2010 оныг Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын жил болгосонтой уялдуудан Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтдыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхлыг хөхиүлэн дэмжих, жигүүртэн амьтдын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байв.

Энэ жилийн уралдаанд найман орны, тухайлбал, Монгол, ОХУ, Герман, АНУ, Англи, Франц, Өмнөд Солонгос, Унгар)ын 26 гэрэл зурагчин нийт 65 зүйлийн 90 фото зураг ирүүллээ. Оролцсон хүмүүсийн дунд аялал жуулчлалын хөтөч, дөнгөж эхэлж байгаа шувуу ажиглагчдаас эхлээд мэргэжлийн шувуу судлаачид, их дээд сургуулийн оюутан зэрэг төрөл бүрийн мэргэжилийн хүмүүс байлаа.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг зургийн чанар болон тухайн зүйлийн ховор нандин байдал зэргийг харгалзан байр эзлүүлсэн байна.

Уралдааны тэргүүн байрыг шувуу ажиглагч Х.Түмэндэлгэр Өмнөговь аймгийн Говь Гурван Сайханы Байгалийн цогцолбор газарт орших гурван үзэсгэлэнт уулсын нэг болох Зүүнсайхан хэмээх ууланд авсан Алтайн хойлогийн “Tetraogallus altaicus” зургаараа эзэллээ. Түүний авсан хойлогийн зураг нь өндөр уулын энэ ховордож байгаа шувууны хувьд маш сайн ховор фото болсон байна. Үүнээс гадна тэрбээр Хималайн хажир болон хэрмийн бялзуухай зэрэг хэд хэдэн сайхан зургаа уралдаанд ирүүлжээ. Уралдааны хоёрдугаар байрыг Өмнөд Солонгосын шувуу судлаач доктор Паек Вон Ки эзлэв. Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт өндөр ууланд аялаж явахдаа Урианхайн хиазат “Charadrius morinellus” хэмээх ховор зүйлийн зургийг дурандаа буулгажээ.

Гуравдугаар байрыг Стив Класан гэдэг Герман улсаас ирсэн шувуу ажиглагч эзэллээ. Тэрбээр Монголд шувуу ажиглах аяллаар энэ жил ирсэн бөгөөд Дорнод аймгийн Буйр нуурын хөвөөнд хоорондоо ноцолдож буй Шартүрүүт элсэг “Calidris ruficollis” хэмээх шувуутай их өвөрмөц агшинд тохиолдож гэрэл зургандаа буулгаж авсан байна.

Уралдааны тусгай шагналыг Т.Баттулга хүртлээ. Тэрбээр манай залуу шувуу ажиглагч нарын нэг бөгөөд энэ уралдаанд хэд хэдэн сайхан зураг ирүүлсэн. Түүний Самарч шаазгайн “Nucifraga caryocatactes” зураг их сайхан гарсан байна. Мөн Баттулгын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байх нэгэн жижиг нууранд авсан далавчаа дэвж байгаа гангар хунгууд, нуурын эрэг дээрх айлын гэр нь Монгол орны хөдөө нутгийн нуур бүхий газрын жинхэнэ дүр зургийг шингээсэн сайхан фото болжээ.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн хүнд гэрчилгээ, Марк Бразилын “Зүүн Азийн шувуудыг таних ном: Зүүн Хятад, Тайвань, Солонгос, Япон, Зүүн Орос” гэсэн алдартай ном, мөн “Монгол орны шувуудад чухал газрууд” ном, хоёр, гуравдугаар байрын эздэд гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд” номыг гардууллаа.
 
Уралдннд ирсэн фото зургуудыг дараах хаягаас үзэж болох юм:
<http://www.wscc.org.mn/photo_contest/index.html>
http://www.wscc.org.mn/photo_contest/index.html

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж