Япончуудын явуулгаар Хакухо өвдөг шорооджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Япончуудын явуулгаар Хакухо өвдөг шорооджээ

Япончууд уналтад ороод байсан сүмо бөхийг нь аварсан Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг элдвээр шалтаглаж байгаад зодог тайлахаас өөр аргагүй байдалд оруулж байсан.
Чухам яагаад ийм байдалд оруулах болсон шалтгааныг дээд зиндаанд хамгийн олон буюу 32 түрүүлсэн домогт Тайхо аваргынх нь амжилтыг эвдэх вий гэсэн айдастай холбон тайлбарладаг юм. Асашёорюү Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 25 удаа түрүүлээд байсан бөгөөд цаашид ч түрүүлэх боломжтой байсан. Тэгээд л их гүрэн зангарагаа харуулсан биз.

Харин энэ байдал Хакүхо дээр давтагдах гээд байгаа юм биш биз. Ингэж хардах шалтгаан бас байна" аа. Энэ сарын башё эхлэхээс өмнө Касүгано дэвжээний бөхчүүд болох Точиозан, Точиношин нар Хакүхогийн сэтгэлзүй рүү дайрч, домогт Фүтабаяма аваргын 69 дараалан ялсан амжилтыг бид тасалдуулна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч байсан.

Мөн хаана л бэлтгэл хийнэ, тэнд нь дагаж очиж хамт бэлтгэл хийж байлаа. Энэ нь нэг талаас нь бодоод үзвэл Сүмогийн холбооны хийж байгаа үйлдэл бололтой. Гэхдээ Хакүхо эхний өдөр Точиношинг давж, амыг нь тагласан. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Энэ сарын тэмцээнд ямар ч байсан их аварга Фүтабаямагийн 69 дараалан ялсан рекордыг эвдэнэ гэдгээ амлаад байгаа ёкозуна Хакүхог тэмцээний эхний өдрөөс эхлэн тусгай камер дагаж эхэлсэн.

Уг нь Ёкозунаг барилдсаны дараа ярилцлага авах сэтгүүлчид, телевизийн камерын тоог хязгаарладаг ч энэ тэмцээнд тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ бас л сүмогийн холбооноос хийж байгаа ажил. Явуулга гээд хэлчихвэл ч болохгүй юмгүй. Тэр олон камер, аппарат Хакүхогийн сэтгэлзүйд нөлөөлж, байнга камерын дуранд байхаар стрессдэн бухимдаж болох юм гэж тэд үзсэн биз. Үүнийг сүмогийн холбоо бодолцоогүй биш бодсон л байж таараа.

Гэхдээ үүнийгээ сүмогийн холбоо түүхэн амжилтыг эвдэж байгаа мөчийг дохё дээрх барилдаан төдийгүй барилдааны өмнөх, дараах бичлэгтэй хойч үедээ үлдээх зорилготой гэж тайлбарлаад байгаа юм билээ. Сайхан л тайлбар. Энэнээс гадна башё эхлэхийн өмнөх хэдэн өдөр түүнтэй хамт бэлтгэл хийх цолтой бөх олдоогүй гэсэн. Гоэдо тэргүүтэй Японы ирээдүй гэгдэж байгаа залуус Хакүхог дэвжээнд нь ирэхээр гэмтэл, бэртэлтэй гээд бэлтгэлдээ гарахгүй байсан аж. 69 дараалан ялна гэдэг бол тэр болгон аавын хүүгийн хүрэх оргил биш.

Асашёорюү ид үедээ ч 36-гаас илүү давж байгаагүй. Ийм өндөр босгыг давах гэж буй Хакүход Японы бөхчүүд хүртэл дургүй байгаагаа илэрхийлж байгаа нь энэ. Харин тэдний хүссэнээр болж хоёр дахь өдрийн барилдаанд Хакүхо Кисеносатод өвдөг шороодож, түүхэн амжилтыг эвдэхээсээ өнгөрлөө. Сүмогийн холбооны явуулга амжилтад хүрч чадлаа. Гэхдээ ингээд бүх юм дуусаагүй байна. Тэр өнөөдрөөс эхлэн дахин энэ амжилтын төлөө үзээд алдах цаг ч байна, хүч ч байна. Мөн хамгийн олон түрүүлсэн бөхийн амжилтыг эвдэх даалгавар хүлээж байгаа. Тиймээс л япончууд Хакүхог сүмогоос шахах аргаа эртнээс боловсруулж байгаа нь энэ биз. Том гүрэн гэдэг өөр л байдаг юм байна.

Н.Пунцагболд
www.urgelj.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж