С.Ламбаа: Ламбааг огцруулъя, мууг нь үзье гэсэн юм байхгүй. Үүний цаана улс төр явж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

С.Ламбаа: Ламбааг огцруулъя, мууг нь үзье гэсэн юм байхгүй. Үүний цаана улс төр явж байна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарыг тойрсон шуугиан тасрахгүй байна. Энэ бүхэн мэргэжлийн бус хүн салбар толгойлсноос болсон гэж үзэх хүн цөөнгүй бий. Ер нь аль ч улс оронд зөвхөн эрүүл мэндийн салбар л мэргэжлийн сайдтай байдаг гэсэн үгийг эрхэм гишүүд чуулганы хуралдаан дээр цухуйлгасан. Үүнийг та яаж хүлээж авдаг вэ?

-Юуны өмнө “Ардын эрх” сонины нийт уншигчид маань сар шинэдээ сайхан шинэлэв үү гэж мэндчилье. Би өөрөө хөөцөлдөөд сайд болоогүй юм шүү дээ. Намайг 2008 оны есдүгээр сард Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилж, түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна даа. Би эмч биш нь үнэн л дээ, эдийн засагч хүн. Багшаар эрүүл мэндийн салбар толгойлууллаа гэдэг л юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд би зүгээр л багш биш, эдийн засгийн онолын багш, эдийн засагч хүн. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын ҮЗХ шийдвэрлээд л намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллуул гэсэн.

Ер нь ор тас тэр талын мэдлэггүй нөхрийг тавьчихсан хэрэг биш л дээ. Би 1996 оноос хойш парламентын гишүүн байж, бүр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн байнгын хорооны даргаар хоёр удаа сонгогдож дөрвөн жил тэр ажлыг хийсэн. Нийт 10 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа энэ хугацаанд дөрвөн жил нь Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг 1996 оноос хийлцэж ирлээ. Миний ганц бахархаж хэлдэг юм бол энэ. Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийг 1996-2000 оны хооронд хийсэн юм шүү дээ. Тэр үед би байнгын хорооны дарга байсан, эрүүл мэндийн чиглэлийн хуулиуд дээр үнэхээр биечилж ажилласан. Тэр утгаараа би эрүүл мэндийн салбарыг нэг их хүмүүсээс асуугаад, лавлаад, энийг ингэдэг юм уу, тэгдэг юм уу, яадаг юм гээд яваад байхгүй. Үүнийг би өнөөдөр ам бардам хэлнэ. Тэгээд ч би Москвагийн их сургуулийн аспирантурт суралцаж байхаасаа л боловсрол, эрүүл мэнд хоёрыг эдийн засгийн талаас нь судалсан хүн.

-Энэ талыг нь харж таныг сайдаар томилжээ гэж ойлгож болох уу?

-Намайг анх томилоход тухайн үеийн Ерөнхий сайд  С.Баярын өгсөн үүрэг бий. Эмч нар, эмнэлгийн салбарын эмчилгээ, үйлчилгээний тухайд бол болж бүтэж байна. Өнгөрсөн 20 жил дотор хийгээгүй нэг ажил үлджээ. Эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн тогтолцоог ерөөсөө өөрчилж чадсангүй. Төрийн нуруун дээр байдаг, төсөв мөнгө нь хүрдэггүй. Даатгалын тогтолцоо болохгүй байна. Та эдийн засагч хүний хувьд үүнийг л нэг тийш болго гэж үүрэг өгсөн шүү. “Та энэ эрүүл мэндийн даатгалыг нэг ном голдиролд нь оруулаач, энэ салбарын санхүүгийн тогтолцоо зөв байна уу, буруу байна уу, үүний учрыг олооч ээ” л гэсэн. Тэр цагаас хойш энэ салбарын бүтэц, зохион байгуулалт, эдийн засаг, санхүүгийн бүх асуудлыг зохицуулж ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг өргөн барьсан. Эрүүл мэндийн тухай хуулийг ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцүүлнэ. Хоёр долоо хоногийн дараа УИХ-д өргөн барих байх. Эрүүл мэндийн даатгалын хуулийг цоо шинээр боловсруулсан. Харамсалтай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мэдэлд байдаг юм байна гээд хойшлуулсан. Одоо хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарт төсөв хөрөнгө байнга дутагддаг, түүнээс болж алдаа эндэгдэл гардаг. Боломжийн хэмжээний хөрөнгө төсөвлөж болдоггүйн шалтгаан юунд байдаг вэ, эдийн засагчийн ухаанаар бодоход…?

-Эдийн засаг талаас нь аваад үзэх юм бол салбарын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх ямар боломж нөхцөл байна вэ гэдгийг маш сайн зохицуулах хэрэгтэй. Сайд болж ирэнгүүт л бодит хөрөнгө оруулалт, зардал нь ямар байх вэ гэдэгт тооцоо хийсэн. 2009 оны төсвийг 329 тэрбум төгрөгөөр боловсруулсан гээд бод.

-Сангийн яам боловсруулсан төсвийг хамаагүй хасдаг гэсэн. Яагаад тэр вэ?

-Юуг барьж төсөв хасдаг вэ гэдэг ойлгомжтой. УИХ төсвийн хүрээний мэдэгдэл гээд баталчихдаг. Тэнд эрүүл мэндийн зардал төд байна гээд батлаад өгчихдөг, тэрнээс хэтрүүлж болохгүй гээд хасаад хаячихдаг. Нөгөө 329 тэрбум маань 229 тэрбум төгрөг болж батлагдсан, 100 тэрбумыг нь хасчихсан гэсэн үг. Гэтэл эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилье, орчин үеийн болгоё гэвэл 46 тэрбум төгрөг хэрэгтэй байдаг.

-Гишүүний 76 тэрбум, ямааны 30 тэрбумын дэргэд бага хөрөнгө байна. Тэгээд 229 тэрбумаа бүтэн авч чадсан уу?

-Тэр 76 тэрбумыг зориг гаргаад эрүүл мэндийн салбарт өгчихвөл босоод ирэх юм байхгүй юү. Харамсалтай нь эдийн засгийн хямрал нэрийн дор УИХ 2009 оны төсөвт тодотгол хийгээд нөгөө 229 тэрбумын маань 23 тэрбумыг гишүүдийн саналаар хасчихсан. Эмийн зардлыг 5,6 тэрбумаар, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гурван тэрбумаар хасна гэдэг бол байж болшгүй юм байхгүй юү. Тэрнээс болж 2009 онд асар их өр тавигдсан. Сангийн яаманд асуудал тавьж байж өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард бүх аймаг, орон нутгийн эмийн болоод урсгал зардлын өрийг барагдуулахаар болж янзалсны хүчинд манай салбар өнөөдөр 800 гаруй сая төгрөгийн өртэй гарлаа. Жилд таваас зургаан тэрбум төгрөгийн өр тавиулдаг байсан салбар анх удаа бага өртэй гарсан нь эдийн засагч хүн тооцоо судалгаан дээр анхаарсны үр дүн байх гэж харж байгаа.

Том төслүүд хэрэгжүүлж байна. АНУ-ын Мянганы сорилын сангаас 32,2 сая ам.доллар авахаар болсон. Урьдчилан сэргийлэх зориулалтаар өмнө нь ийм хэмжээний мөнгө  хэзээ ч орж ирж байгаагүй. АНУ-ын тэр сангаас 6,4 сая ам.долларыг III эмнэлгийн зүрх судасны төвд оруулахаар болж байна.

 УИХ-ын зарим гишүүн Монголын эмнэлгийн тоног төхөөрөмж 20 жилийн өмнөх хэвээрээ байна гэж телевизээр ярина лээ. Тэднийг өрөвдөж байна. Манай тоног төхөөрөмж таван жилийн өмнөхөөсөө ч өөр болсон. Алт, зэсийн үнэ сайн байхад хаялга нь эрүүл мэндийн салбарт орсон юм шүү. Хавдар судлалд хоёр тэрбум, III эмнэлэгт хоёр тэрбум, Эх нялхсын төвд нэг тэрбум төгрөг орж байсан. MRI аппарат л гэхэд гурав байна. Дэлхийн стандартаар бол 1,5 сая хүнд нэг MRI байх ёстой юм. CD, дижитал аппаратууд, мониторууд байна. Бүх газар ижилхэн тоног төхөөрөмжтэй байх ёсгүй. Зүрх судас, тархиа III эмнэлэг, элэг, бөөр, дотоод шүүрлийг I эмнэлэг хариуцна гэх мэт байх ёстой.

-Оношлогоо, эмчилгээний том төв барих сураг байсан яасан бол?

-Зарим хүн манайд 20 давхар эмчилгээ, оношлогооны төв хэрэгтэй гэдэг юм. 2,6-хан сая хүнтэй оронд ийм том төв хэрэггүй. Тэр том төвд ажиллах эмч ч Монголд өнөөдөр байхгүй. Тэгснээс төрөлжсөн эмнэлгүүддээ л тоног төхөөрөмж авч өгье л дөө. Хөдөө аймгуудыг зайны оношлогоонд холбоод өгчихье. Би ийм л юм руу явж байгаа. Үүнийг хамгийн зөв бодлого гэж манай эмч, мэргэжилтнүүд ч хэлдэг юм.

-Эрүүл мэндийн даатгал гэж үнэхээр эзэндээ өгөөж муутай даатгал байдаг. Даатгал төлөөд төлөөд бүх эмчилгээ, шинжилгээ өртөгтэй. Үүнийг өөрчилж болох уу?

-Энэ талаар надаас шалтгаалах бүх зүйл зах зээлийн горимдоо шилжсэн. Үнэхээр ам бардам хэлье. Долоон төрлийн санхүүжилтийг даатгалаас гаргадаг болох гэж байна. Эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлэхэд нэг хүнд 200 мянган төгрөгөөр бодож эмнэлэгт нь өгнө. Амбулаториор үйлчлүүлэхэд, шинжилгээ хийлгэхэд, гэрээр эмчлүүлэхэд, нөхөн сэргээлт хийлгэхэд, уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэхэд даатгалаас мөнгө гаргадаг болж байна. Энэ бол эрүүл мэндийн даатгалын том шинэчлэлт.

-Хэзээнээс тэгдэг болов?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Даатгалтай иргэн 30 мянган төгрөгийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэж болно. MRI-д үзүүлэхэд 150 мянган төгрөг гэхэд 30 мянгыг нь даатгалаас гаргана, 120 мянгаа өөрөө төлнө гэсэн үг. Эмнэлгийг ороор биш оношийн бүлгээр санхүүжүүлдэг болж байна. Тархины мэс засал хийлгэсэн хүнд даатгалаас ногдох мөнгө ходоод өвдөөд хэвтсэн хүнтэй ижил байж таарахгүй. Ходоод өвдөөд хэвтсэн нэг  хүнд 10 мянган төгрөг байхад тархины хагалгаа хийлгэсэн хүнд 530 мянган төгрөг ногдох жишээтэй. Хуучин манайх эрүүл мэндийн даатгалаас ердөө л 46 тэрбум төгрөг авдаг байсан юм. Оношийн бүлгээр хийгээд тариф өөрчлөөд ирсэн чинь манай салбар 76 тэрбум төгрөг авдаг болж байна. Энэ хэнд очих вэ гэхээр эмнэлэгт очиж байгаа юм. Эмчлүүлж байгаа хүнд очиж байгаа юм. Даатгалын мөнгөөр эрүүл мэндээ хамгаалуулах боломж иргэн хүнд бий болж байна. Эмнэлэг ч хөгжинө.

-Эмнэлэг хөгжинө гэснээс өрхийн эмнэлэг гэж хаягдсан газар байх юм аа?

-Өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг гэж анхан шатны тусламж үзүүлдэг эмнэлэг бий. Өрхийн эмнэлэг бол намайг 1998 онд байнгын хорооны дарга байхад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар байгуулагдсан. Уг нь дэлхийд байдаг хамгийн зөв тогтолцоо юм. Урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг тийм л газар. Одоо манайх үүнийг яаж дампууруулж байна гэхээр Нөхөрлөл, компанийн хуулиар төрийн ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг өрхийн эмнэлгийг төсвөөс цалинжуулдаг болгоод баларчихсан. Уг нь эрүүл мэндийн даатгалаар санхүүжилтийн 40 хувь нь явдаг байсан юм. Одоо цэвэр төсөв дээр суучихаад мөнгө өгөхгүй бол ажиллахгүй гэдэг болсон. Тэдний гэрийн үйлчилгээг даатгал руу шилжүүлэх ёстой. Үүнийг Сангийн яам руу оруулах гэж байна. Манай салбарынхан маш сайн дэмжиж байгаа. Дараа нь сумын эмнэлгээ цэгцэлье. Сумын эмнэлэг бүр 10 ортой, 30 хүн ажилладаг, тэндээ хоёр хүн хэвтүүлээд аспирин өгөөд байх хэрэгтэй юү, үгүй юү. Эндээс л төсөв хөрөнгийн үргүй зардал харагдаж байгаа биз дээ.  Сум дундын эмнэлгүүдээ харин томруулж сайжруулмаар байна. Ийм концепц боловсруулж байгаа юм. Энэ бол их л том төсөл. Төсвийн ихэнх нь тэр үр дүнгүй эмнэлгүүдийн халаалт, цахилгаанд явж байна шүү дээ. Яг эмч, өвчтөндөө хүртсэн нь бага.

-Тарамдсан төсөв санхүүг хумих бодлого гэж: хэлж болох уу?

-Тийм. Одоо бол аймаг нь аймгаа, нийслэл нь нийслэлээ мэддэг, Эрүүл мэндийн яам гэдэг нь зүгээр л хууль эрх зүйн бодлого бариад явж байдаг. Нэг иймэрхүү л байна. Улаанбаатар хотын эмнэлгийг хувьчлах энэ тэр бол нийслэлийн л ажил, яаманд огт хамаагүй. Тэгвэл одоо тэгэхгүй. ЭМЯ-ны бодлогогүйгээр ямар нэг эмнэлгийг хувьчилдаг, зардгийг болиулах тогтолцоо руу шилжүүлэх гэж байна.  Түүнийг яамны зөвшөөрлөөр хийдэг болгох ёстой.

-Амаржих газрууд дараалан үүдээ барьж байгаа нь нийслэл эмнэлгээ мэддэгтэй холбоотой гэсэн үг үү?

-Амаржих газрууд яагаад ингэж хүндэрсэн гээч. Миний л мэдэхийн өмнө нь нэг, хоёр, гуравдугаар амаржихын байруудыг хувьчлах, худалдах, түрээслүүлэх зэргээр үрэн таран хийсэн шүү дээ.

-Яагаад?

-1990 оноос хойш төрөлт багаслаа гээд л тэр. Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг чинь зориулалтын амаржих газар юм шүү дээ. Гэтэл татан буулгаад өөр эмнэлэгт өгчихсөн. Сүүлд нь төрөх газар хэрэгтэй болмогц хуучны Цацраг туяа эмнэлгийн муухай байшинд амаржихаа оруулчихсан. Нэгдүгээр амаржих яагаад хүндэрсэн гэж бодож байна. Тэр Баганат танхим гэдэгт нь 20 гаруй хувийн эмнэлэг түрээсээр ажиллаж байна. Нийслэлийн өмчийн газар мэдээд, хүүхэд бараг төрөхгүй юм байна гээд л ингэчихсэн. Одоо энэ Ёнсэй эмнэлгийн байр байна. Солонгосуудад зарчихсан. Энэ чинь нэгдүгээр амаржих шүү дээ, уг нь. Зориулалтаар нь ашигласан бол нярайн халдвар гарахгүй байх боломж байсан. Одоо жилд 68 мянган хүүхэд төрдөг болчихлоо. Түүний 30 мянга гаруй нь Улаанбаатарт мэндэлж байна. Төрөхүүдээ зарж үрчихээд одоо амаржих эхчүүдээ багтаахаа болихдоо тулаад сууж байна.

-Шинэ барих дөрөвдүгээр амаржих маань яалаа. Газар олдохгүй байгаа сураг байсан?

-УИХ-аас  дөрөвдүгээр амаржихад зориулж 2008 оны төсөвт хоёр тэрбум төгрөг суулгаж өгсөн юм. Гурван ч газар өгч солиод, дөрөв дэх газраа Яармагт товлоод байж байна. Газар солиод байхаар яаж зураг төсөл хийх вэ дээ.

-Яагаад газраа сольдог гэж, гологддог юм уу?

– Заасан газарт нь 300 ортой эмнэлгийн барилга барьж багтахгүй болоод л сольдог. Эцэст нь Яармагт барихаар болж зураг төслийг 19 тэрбум төгрөгөөр хийгээд дууссан. Одоо экспертизэд байна. Гэтэл өнөөдөр төсөвт 700 сая төгрөг л байна. За яах вэ, УИХ дээр лоббидож байж барилгаа эхлүүлэхээр 700 сая төгрөг төсөвт суулгасан нь бас л нэг алхам.

-Суурь тавих төдий л мөнгө үү. Үлдсэнийг нь яах вэ?

-Суурь тавих л мөнгө. Одоо төсвийн тодотголоор мөнгө тавих хэрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл хэрэгтэй.

-Олон улсын нээлттэй тендэр зарлана гэж чуулган дээр ярьж байсан?

-Ер нь нээлттэй тендэр зарлаад гаднын байгууллагаар гүйцэтгүүлж болно шүү дээ.. Монгол Улсын Ерөнхийлөгч амаржих газруудад анхаарал тавьж байгаа. С.Батболдыг Ерөнхий сайд болоход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын танхимын гишүүдийг хүлээж авч уулзсан. Тэр үед дөрөвдүгээр төрөхийг барих ажлыг шуурхайлахыг зөвлөсөн. Ерөнхийлөгч хөрөнгийн эх үүсвэр нэмж олоход ч анхаарахаа хэлж байгаа.  Тэгэх юм бол Ерөнхийлөгчийн ивээлээр хөрөнгө оруулалт хийлгэж маш сайхан юм болох гэж байна.

-Барилгын ажил хэзээ эхлэх вэ. Амаржих газаргүй боллоо шүү дээ?

-Одоо ингээд л эхэлнэ. Гэхдээ бас л шүүмжлэл гарч байна. Яармагийн тэнд Спортын ордон баригдаж байгаа. Тэр ордны өмнө амаржихаа барих гэж байгаа юм. Гэтэл хаа байсан Яармаг руу ганц урсгалын замтай. Түргэний тэрэг хүрч чадахгүй түгжирсээр байгаад замдаа машинд эх амаржиж бас бөөн асуудал болно гээд байгаа. Дөнгөж төрсөн нялх амьтад тэр нисч буух онгоцны дуу чимээнд яаж тэсэх юм бэ гэсэн асуудал ч гарсан. За яахав онгоцны буудал Хөшигийн хөндий рүү шилжих юм гэж бодъё. Нээрээ түргэний тэрэг яаж очих вэ гэдгийг би бас бодоод л байна. Түргэний тэргэнд зориулсан зам барих уу, яах вэ. Эрүүл мэндийн асуудал бол хөнгөн хуумгай хийх ажил биш шүү дээ. Нэг шинэ хүн гарч ирээд л эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийг маргаашийн дотор хийчихнэ гэж байхгүй л хэрэг.

-Танай салбар руу хандсан шүүмжлэл ер нь их байна. Үүнд ямар хариу хэлэх вэ?

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу их л дайрч давшилж байна. Үүнд үнэхээр би харамсч байгаа. Энэ салбарт 39 мянган хүн ажиллаж байна. Тэдний мэдлэг чадварт би итгэдэг. Эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд алдаа гарсан. Намайг Дээд боловсролын хороонд ажиллаж байхад ЭМШУИС ЭМЯ-ны харьяанд байсан. Боловсролын яам бол стандарт төлөвлөгөөг нь л хянадаг байсан юм. Гэтэл одоо эрүүл мэндийн боловсрол олгож байгаа бүх сургууль БСШУЯ-ны харьяанд байна. Нэгдүгээр эмнэлгийг 1998 онд ЭМШУИС-д өгсөн юм. Манай Ардчилсан холбоо эвсэл зоригтой юм бас хийсэн юм шүү. Эрүүл мэндийн сургууль эмнэлэгтэй байх ёстой гэж өгсөн. Гэтэл сургууль нь Боловсролын яамны харьяа болохоор ЭМЯ  эмнэлгээ буцаагаад авчихсан. Одоо би хоёр яамны давхардмал харьяалалд оруулаад өгөөч гэж гуйгаад байгаа юм.

-Тэр тогтолцооны алдаа гарах болсон гол шалтгаан нь юу юм бол?

-ЭМЯ-ны бодлого маш их алдагдсан. Олон сайд сольсон, 2004-2008 оны хооронд зургаан сайд солигдсон байдаг. Энэ хооронд үнэхээр бодлогын алдаанууд гарсан юм билээ. Манай яам одоо уламжлалт анагаах ухааны чиглэлийн бодлого явуулах боломжгүй, баазгүй болсон. Рашаан сувиллуудыг бүгдийг хувьчилчихсан. Ганцхан Оргил рашаан сувилал үлдсэнийг Төрийн өмчийн хороо авчихсан. Ингээд л дууссан. Эрүүл мэндийн шинжлэх ухааны корпорац нь БСШУЯ-ны харьяанд. Гэтэл корпорацийн төсөв нь Эрүүл мэндийн сайдын даатгалын багц, төсөв хоёроос гардаг. Ийм юм их байна. Ингээд зориг гаргаад эдгээрийг нэг толгойтой болгох тогтоолын төсөл өргөн барих гээд яамдаас санал авч байна. Оргил сувиллаа, корпорациа яамныхаа харьяанд авъя гэсэн утгатай. Бас шүүх эмнэлэг, эмгэг судлал хоёрыг салгаснаас болоод эмч нар ч шоронд орох нь.

-Юунаас болж шоронд орох гэж?

-Шүүх эмнэлгийн шийдвэр буруу гээд заргалдахад манай эмгэг судлалын эмч нар дахиж хянадаг. Дахиж хянаад янз бүр болгоход нөгөө эмч нар шүүхэд дуудагдаж байна. Яагаад өөрчилж байгаа юм гээд. Тогтолцоогоо нарийн болгомоор байгаа юм.

-Манай эмч нарын чадвар хэр сайн бэ?

-Эмч нарын чадал чансаа үнэхээр сайн шүү дээ. Оюуны потенциал өндөртэй. Юмыг маш амархан сурдаг. Гараараа маш их юм хийж чаддаг улс. Монгол хүний ген тийм юм даа. Олон улсын том эмч нар ирээд гайхдаг юм. Ийм муу тоног төхөөрөмжтэй байж ийм юм хийж чаддаг гээд. АНУ, Францын эмч нар хэлж байсан. “Манай эмч нар тоног төхөөрөмжөөр зодож ажилладаг. Танай эмч нар оюун ухаан, гар хоёроороо хийж байна” гэж үнэлж байсан.  Тэгэхээр би бахархдаг. Тоног төхөөрөмж нь байвал манай эмч нар хэнээс ч дутахгүй. Тэднийхээ нийгмийн байдалд л харин анхаарах хэрэгтэй байна бид.

Эмчийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох асуудлыг Ерөнхий сайдын ахалсан эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн зохицуулах зөвлөлийн хуралд оруулж ахлах, тэргүүлэх, зөвлөх эмч нарт цалингийн 10,15, 20 хувийн нэмэгдэл олгоё гэж ярьсан. Бас алслалтын нэмэгдэл өгье гэж байгаа. Ховд аймгийн Булган суманд суугаа эмч хамгийн өндөр цалин авмаар байна шүү дээ. Тогтвор суурьшилтай ажиллах боломж олгоё. Сум, тосгон, багт таван жил ажилласан эмчид зургаан сарын цалинтай тэнцэх мөнгө өгдөг юм. Энэ бол зургаан жил тэндээ бай л гэсэн арга. Түүний оронд сар бүр нэмэгдэл олгодог байвал тэр хүний амьдралд хэрэгтэй. Таван жил ажиллаад зургаан сарын цалин авна гэж бодож сууснаас сар бүр авч байг л даа.

-Танай салбарыг авлига, хээл хахуульд хамгийн их автсан гэдэг. Цалин багаасаа болоод тэр үү?

-Нийт эмч нарын таван хувь нь хэцүү улс байж магадгүй л юм. Алдаа эндэгдэл гаргадаг, хариуцлагагүй. Авлига авчихдаг. Гэхдээ авлига гэдгийг улстөрчид буруугаар сэтгэж ярьж байна л даа. Авлига бол албан тушаалын хэрэг юм шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг. Албан тушаалаа ашиглаж хүнээс мөнгө авч байгаа гэсэн үг. Харин ч улстөрчдийн ёс зүй дэндэж дордсон юм биш үү. Улстөрчдийн энэ байдал Монголын нийгмийг доройтуулж байна. Парламентын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг үгийг хуулиас авч хаях хэрэгтэй. Хүнийг дооглоно, тохуурхана. Ийм байж болохгүй. Үүнийг нэг тийш болгох хэрэгтэй. Эмч нар арай өөр юм.

Эдгэрсэн хүн эмчдээ сэтгэлийн дэм өгч баярласнаа илэрхийлж халуун савтай цай, шөл өгч болно оо доо. Үүнийг ялгамаар байгаа юм. Би ч хэлдэг эмч нартаа.  Сайд ингэж хэлсэн юм гээд битгий чихэр горьдоод байгаарай гэж. Мөнгө төгрөг авдаг хүн байвал тэр ёс зүйн алдаа. Тийм алдаа гаргасан хүн байвал тангараг өргөсөн хүний ёс зүйн дутагдал гэж үзнэ. Ёс зүйн хариуцлагыг маш сайн чангатгах хэрэгтэй. Бүгдэд нялзааж болохгүй л дээ. Авдаг хүнээ л олох хэрэгтэй.

-Таныг БНСУ явсан хойгуур их хэл үг гарлаа л даа. Нярайн халдвар гарч хүүхэд эндээд байхад орхиж явлаа. Хариуцлагаас зугтлаа. Сайн дураараа огцрох хэрэгтэй байсан. Ерөнхий сайд асан нь ч, Эрүүл мэндийн сайд нь ч эмч нартаа итгэхгүй гадаадад гарч эмчлүүлж байна гэж…

-Хэн, ямар зорилгоор ийм юм хэлж, хийж байна гэдгийг би ойлгож байгаа. Энд Ламбааг огцруулъя, мууг нь үзье гэсэн юм байхгүй. Үүний цаана улс төр явж байна. Хамтарсан Засгийн газрыг унагая. Эднээс салж өөрөө сайд болъё. Дараагийн цуваанд орж бялуу хуваая гэсэн хүмүүсийн л яриа. Тэрнээс бус Ламбаа эмч биш гэдэгтээ биш. Дэлхийн олон орны Эрүүл мэндийн сайд эдийн засагч байдаг. Энэ яамыг өнөөдрийг хүртэл эмч нар л удирдсан биз дээ. Т.Ганди бид хоёроос бусад нь эмч байсан. Тэгвэл энэ салбарын дампуурлыг эмч сайд нар хийсэн гэсэн үг үү.

-Ерөнхий сайд асан С.Баяр та хоёр дотооддоо эмчлүүлж болоогүй юм уу?

-Би бол эмчлүүлээгүй. Манайд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монголд онош тавьж чадахгүй тохиолдлуудыг тодорхойлсон байдаг юм. Намайг сайд болоход 46-47 оношийн бүлэг байсан юм. Заавал гадаадад тодруулж оношлуулах шаардлагатай. Одоо 16-17 болтлоо цөөрсөн. Бусдыг манайх чаддаг болсон.

-Таны бие яасан бэ?

-Миний хувьд өвчин хууч гайгүй. Гэхдээ одоо эрүүл мэндээ бодохгүй бол болохгүй болж дээ. Тэгээд шинжилгээ өгөөтөхсөн чинь танд нэг эгзэгтэй юм байна. Тодорч өгөхгүй байна гэсэн. Та ер нь явцын дунд гадаад дотоод явж байхдаа оношлогоо хийлгэвэл сайн байна л гэсэн.Хамаагүй удаан ингэж явж болохгүй гэсэн ч бас тэгж ингэсээр эмч нарын зөвлөгөө гарснаас хойш хоёр сар өнгөрчихсөн л байсан. Тэгээд нэг зав зайгаараа Ерөнхий сайдад хэлсэн чинь “Та маш хурдан яваад ир дээ” гэхээр нь л ажлын гурав хоногийн чөлөө аваад явсан. Хажуугаар нь эмчилгээ, оношлогооны төвийг БНСУ-ын зээлийн хөрөнгөөр барих асуудлаар БНСУ-ын Эрүүл мэндийн яамтайхантай уулзаж ярилцах ажлаа амжуулахаар явсан.

-Нярайн халдвар таны явсан үетэй давхцаж гарсан?

-Гэхдээ би нэгдүгээр амаржих газрын нярайн халдварын асуудлыг шийдээд явсан шүү дээ. Эх нялхсыг шилжүүлэх шийдвэрээ гаргаад явсан. Халдвар гарснаас гурав дөрөв хоногийн дараа надад мэдэгдсэн байсан. Нийслэл, холбогдох газрууд нь арга хэмжээ авч чадна гэж хэд хоносон юм билээ. Бүр болохоо байгаад  сайдад мэдэгдсэн хэрэг. Би мэдсэн даруйдаа шөнийн 01 цаг хүртэл байж зохицуулсан. Нэг нярай эндсэн байсан. Би өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээгээ аваад явсан.

Эмнэлгийн дотоод халдвараас үүдсэн асуудал байсан. Тэр эмнэлэгт би төсөв өгдөггүй. Нийслэл өгдөг. Нийслэлийн төсвийг эрүүл мэндийн багцаас шууд шилжүүлдэг. Засвар үйлчилгээний мөнгө, эмч нарынхаа цалинг авдаг. Эмнэлгийн дарга тавих, солих нь бүгд нийслэлийн мэдлийнх. Гэтэл бохирын цооног нь задраад л эмнэлгийн дотоод халдвар гарсан. Энэ бол дэндүү л дээ. Хууль, хяналтын байгууллага ч шалгах ёстой асуудал. Манайхан бол Эрүүл мэндийн сайд руу буруугаа чихээд л өнгөрлөө л дөө.

-УИХ нэг хуралдаанаа үүнд зориулсан л даа. С.Ламбаа, Ж.Цолмон нарын хариуцлагын тухай асуудалд. Та байгаагүй, дэд сайд оролцсон. Таныг Ж.Цолмонгоо бүлтэлзүүлж орхиод явчихлаа гэж шүүмжилсэн…

-УИХ тэгээд юу ч шийдээгүй биз дээ. Шүүмжилж шүүмжилж тараад л явчихаж байгаа юм. Харин Ерөнхий сайд газар дээр нь очиж үзээд Засгийн газар дор нь арга хэмжээ авсан. Хийдэг хийдэг ажлаа л хиймээр байгаа юм. УИХ-ын гишүүд Засгийн газрын хийдэг ажлын өмнөөс дуугараад баймааргүй л байна. Зуд турхан болсон газрууд руу Засгийн газар эм тариа явуулж байна. Өвс тэжээл хүргүүлж байна. Харин УИХ-ын гишүүд өөрөө өгч байгаа мэт ард нь зогсч зургаа авахуулж байна. Уг нь хэрэггүй л дээ. Би тийм шоунд дургүй болохоороо таалагддаггүй юм.

Би төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллалаа. Монголын төрд баярлаж явдаг. Нойр хоолгүй зүтгэж явсан. Гэтэл яагаад ганц шинжилгээ хийлгэснийхээ төлөө би огцрох болов оо. Цаана нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд болох гэж байгаа хоёр намын нэг нэг хүн Төрийн ордонд бий л дээ. Нэрийг нь одоо хэлээд яахав. Тэр хоёр бол энэ салбарт гай л болно. Тус болохгүй. Ард түмэндээ нэг зүйл хэлье. Та бүхэн минь эмч нартаа, эрүүл мэндийн салбартаа итгээрэй. Хамтарч ажиллаарай.

-A/H1N1 томуугийн халдварыг С.Ламбаа, Ж.Цолмон хоёр гайгүй гэж байгаад хүндрүүлсэн гэсэн шүүмж бас нэлээд гарсан шүү дээ?

-Улс төр бол улс төр л дөө. Би олон жил улс төрөөр явж хат суусан болохоор иймэрхүү үгийг нэг их тоохгүй байгаа юм. Ингэж тоглодгийг мэднэ. Шоу хийж, нэр хүнд олж, олон түмэнд сайн хүн болж харагдах гэж ингэдгийг мэддэг учраас тоохгүй байгаа юм. Нарийн учрыг мэдэхгүй ард түмэн маань бол Ламбааг буруутай мэт ойлгож  байгаа байх. Гэхдээ би Монголын ард түмэнд үнэхээр баярлаж байгаа. Хэсэг бүлэг этгээд намайг доромжилж муу сайныг нь үзэх гэж байхад ард түмний төлөөлөл, таних танихгүй хүмүүс надад мессеж илгээж байна. “Та Монголын төрд юм хийсэн хүн шүү. Биеэ бодоорой” гэж. Түүнд нь би их баярладаг.

Эмч нартаа баярладаг. Сая Орос III сургууль дээр 130-140 хүүхэд хордоход хэн босгов. Сэхээнд байсан 17 хүүхдийг хэн аврав. Гэтэл Халдварт өвчин судлалын төвийн эмч ажилтнуудад улстөрчдөөс хэн баярласнаа илэрхийлэв. Надад бол жирийн олон хүнээс мессеж ирсэн. “Танай халдвартын эмч нар үнэхээр агуу юм. Сайд танд баяр хүргэе” гэж. Би магтаал сайшаал хүртэх гэж ажил хийдэггүй ч жирийн иргэд ингэж хэлэхэд талархдаг.

-Өнөөдөр бас хүүхдийн ханиад дэгдээд байна. Та ч сая Баянзүрх дүүргийн эмнэлгийг эргээд ирлээ. Энэ өвчин юунаас болж гарав аа?

-Энэ бол улирлын чанартай  В хүрээний томуу, томуу төст өвчин юм. Хятад тэр чигээрээ автсан, Индонез, Азийн орнуудыг нэлэнхүйд нь  хамраад байна. Гахайн томуу биш шүү. Улирлын томуу учраас хүүхэд халуурч, хоолой нь өвдөж байна. Дархлааг нь сайжруул. 0-3насны хүүхэд дийлэнх нь байна. H1N1-ийн вакцин хийхгүй хүүхдүүд шүү дээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс сая ирлээ. Коридороор дүүрэн хүүхэд хэвтэж байна. Тэр эмнэлэгт 305 хүүхэд, тэднийг сахисан 305 эх байна. Нийт 610 хүн байна. 100 ортой хүүхдийн эмнэлэгт байдал ийм байна. Манай салбарынхан  хүний эрүүл мэндийн төлөө үнэхээр үхэн хатан зүтгэж байна. Нэг эх надад хэлж байна лээ. “Энэ эмч, сувилагч нарыг үнэхээр өрөвдөж байна. Бидний коридорт хэвтэх юу ч биш. Эд нар шөнө өдөргүй эмчилж сувилж байна. Барилгаа томруулж болдоггүй юм уу” гэж байна.

Манай улстөрчид “Энэ ханиадыг Ламбаа аваад ирсэн. Мянган хүүхэд хэвтлээ. Ламбааг огцруулна” гэх байх л даа. Би ийм шоунд үнэхээр дургүй.

-H1N1-ийн вакцинийг Европын орнууд хийлгэхгүй байгаа. Монголд эхлээд олдохгүй байсан вакцин Европт гологдохоороо шахагдаж орж ирсэн гэдэг. Үүнд та хариу өгөөч?

-Намайг вакцин оруулж ирсэнгүй гэж баахан баалсан. Тэр үед дэлхий нийтээрээ вакцингүй байсан. Үйлдвэрлэдэг таван орон ачааллаа дийлэхгүй байсан. Оруулаад ирсний дараа юу болсон гээч. “Энэ вакцинаар  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголын ард түмнийг алах гэж байгаа” гэсэн бичиг хүртэл наасан. Арай дэндэж байгаа юм биш үү. Ингэж ард түмнээр тогломооргүй байгаа юм. Манайд оруулж ирсэн вакцин бол Английн нэрд гарсан компанийн бүтээгдэхүүн шүү дээ. 70 мянган хүн тун вакцин хуваарилсан. Удахгүй 300 мянган хүн тун ирнэ. Харин ч Монгол Улсыг харж үзээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эхний ээлжинд ирүүллээ шүү дээ. Нийт хүн амынхаа 35 хувийг вакцинжуулна. Элдэв хүндрэл гараагүй байна. Монголчууд шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй л дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж