Хонгконгийн Ritz-Carlton дэлхийн хамгийн өндөр зочид буудал

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Хонгконгийн Ritz-Carlton дэлхийн хамгийн өндөр зочид буудал

Дэлхийн хамгийн өндөр зочид буудал тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Хонгконгийг зорих зочид, жуулчид тус хотыг урьд өмнө харж байгаагүй өндрөөс тольдох боломжтой болох гэнэ. Тус хотын ICC буюу Олон улсын худалдааны төвийн барилгын 102-118 дугаар давхарт Ritz-Carlton зочид буудал байрлах бөгөөд ирэх оны гуравдугаар сард анхны зочдоо хүлээн авах ажээ. Олон улсын худалдааны төвийн барилга нь 484 метр өндөртэй Хонгконгийн хамгийн өндөр барилга юм. Энэ байгууламж нь Дубайн Бурж Халифа /828 метр/, Тайванийн Тайпей 101 цамхаг /509 метр/, Шанхайн Олон улсын санхүүгийн төв 492 метр/-ий дараа өндрийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Хонгконгийн Олон улсын худалдааны төвийн байранд байрлах Ritz-Carlton зочид буудлын тухайд нийт 312 өрөөтэй байх ба зургаан хоолны танхим, лобби лаунж болон дээвэр дээрх задгай бартай байх гэнэ. Түүнчлэн барилгын 118-р давхарт усан сан байх ба тэр нь дэлхийн хамгийн өндөрт байрлах усан сан болж байгаа юм. Зочид буудлын бүх өрөө нь Wi-Fi-тай байхаас гадна iPod-ны суурьтай, хавтгай дэлгэцтэй зурагттай байх аж.

Зочид буудлын өрөөний үнийн талаар компанийн зүгээс мэдээлээгүй боловч хэвлэлээр мэдээлж буйгаар нэг хоног нь 4500 хонгконг доллар буюу 430 орчим еврогийн үнэтэй байх бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж