Ахмад, отгон иргэдэд дурсамж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Ахмад, отгон иргэдэд дурсамж гардууллаа

Монгол улсад урьд нь явуулсан хүн амын бүх тооллогод тус аймгийн ахмадуудаас 20 орчим нь оролцож улсын түүхэнд мэдээллээ хадгалуулж байсан бол энэ жил  арав дахь удаагаа тоолууллаа.

 

Аймаг, сум, багийн тооллогын түр товчооныхноос зохион байгуулан орон нутагтаа аж төрж суугаа ахмадуудын хүндэтгэн тэдний нэлээдийнх нь өрх гэрээс тооллогоо эхэлсэн байна. Аймгийн хэмжээний өндөр настангуудаас Булган сумын гуравдугаар багт аж төрдөг 103 настай Ж.Цэнд гуай хамгийн ахмад нь байв. Тооллогын төгсгөлийн өдөр аймгийн статистикийн хэлтсийн дарга Г.Эрдэнэ болон сум, баг удирдлага, түр товчооны гишүүдийн төлөөлөл энэ азай буурлын гэрээр очиж аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг дарга М.Оюунбат нарын гарын үсэгтэй дурсамжийг гарын бэлгийн хамт гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн улс орон даяар тооллого эхлэхийн босгон дээр буюу аравдугаар сарын аравны өдөр төв хөдөөд арав орчим хүүхэд эхээс мэндэлсэн нь энэ удаагийн тооллогоор аймаг сумынхаа отгон иргэн болж тоолуулсан байна. “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн  эрдэнэ” хэмээх уриаг дээдэлсэн энэхүү тооллогын нэгэн шинэ “эрдэнэ” болж төрдөө данслуулсан тэдгээр хүүхдийг түр товчооныхон хүндэтгэн талархал илэрхийллээ. Тухайлбал, Булган сумын гуравдугаар багийн Г.Насандуламын анхны охин Н.Цэлмүүн, нэгдүгээр багийн Н.Энхбаярын эхнэрийн төрүүлсэн гурав дахь хүүхэд Э.Эмүжин нарт билэгдэл ерөөлийн үгтэй  дурсамж, гарын бэлэг гардууллаа. Энэ үйл явдал бол тэдгээр гэр бүлийнхэнд нэгэн алтан агшин, түүхэн дурсамж болон үлдэнэ хэмээн бэлэгшээж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж