Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын нэр хүнд өсөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын нэр хүнд өсөхгүй

 Д.Нямхүү: Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын хэн нь ч яллаа гэсэн аль алиных нь нэр хүнд өсөхгүй

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Нямхүү сайд аа, маргааш (өнөөдөр) Ардчилсан на­мын Үндэсний зөвлөлдөх хо­рооны хурал бол­но. Хурлын өдөр ярилцлага тань гарах учраас Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын уур амьс­галыг хэрхэн тө­сөөлж бай­гааг тань сонирх­моор байна. Мэдээж үзмэрч, зур­хайчаас асууж байгаа юм шиг сонсогдож болох л юм. Гэхдээ таныг энэ намын үүсэл, хөгжилтэй хамтдаа явж ирсэн учраас асууж бай­гаа юм шүү?

-Болдог л нэг Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно биз дээ. Би 20 жил энэ хуралд оролцож байна.

-Шинэ зүйл болохгүй гэж үү?

-Өнгөрсөн 20 жилийн турш л нэг иймэрхүү зүйл үзсэн дээ.

-Иймэрхүү гэхээр ямар зүйлийг хэлж байна вэ?

-Яах вэ дээ, заримдаа нэг хо­ноод л ҮЗХ-ны хурлыг зар­ладаг, маргааш нь даргаа огц­руулдаг жишиг манай намд бий. Тэгээд нөгөөдөр нь нө­гөө тал нь дахиад л ҮЗХ-ны хурал зарлах үе олон байсан. Тэр үед ҮЗХ-ны хурлын ги­шүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурчихсан бол да­хиад л хуралдуулдаг байсан юм. Тэгсээр байгаад заримдаа бүр гурав хононо. Сүүлдээ зал­хана, ядарна. Яах гээд байгааг нь ойлгохоо болино. Хоёр, гурван хүн л хоорондоо зодолдоод байдаг. Сүүлд нь бүр гарч яваад ажил төрлөө амжуулаад билльяард тоглож байгаад ирэхэд дахиад нэг дарга нь солигдчихсон байх үе ч байсан. Тийм утга­гүй юмыг бараг насаараа үз­чих­сэн болохоор залхчихдаг юм байна лээ. Бид ч ер нь ойлгосон доо.

-Юуг тэр вэ?

-Ардчилсан нам эвтэй, хүч­­тэй байгаад сонгуульд ор­вол дар­га нь хэн ч байсан ялж бол­дог гэдгийг ойлгосон юм. Өнгөрсөн удаагийн Ерөн­­­­хийлөгчийн сонгуулиар “Алтангадас”, МоАХ-ноос нэг, нэг хүн нэр дэвшинэ гэсэн. Тэр Л.Гүндалай шиг дуртай хүмүүс бүгд л нэрээ дэв­шүүлчихсэн байсан. Тэр үед бид хэнтэй ч наймаа хий­гээгүй. Зөвхөн эвтэй байх ёстой гэдэг шаардлагыг манай клубын нөхөд тавиад орой хүртэл хуралдаж суусан. Тэгж байж Ардчилсан намыг ялалтанд хүргэж чадах хүнээ нэр дэвшүүл гэдгийг уриалж, түүндээ тохирч чадсан. Тэгэ­хэд Н.Алтанхуяг дарга л манай намын дарга байсан. Олонхи нь Н.Алтанхуягтай оро­ход сонгуульд уначихдаг юм гээд байсан.

Гэтэл на­мын дарга хэн байхаас бус нэр дэвшигч нь сайн байгаад дээр нь нам нь нэгдэж чадвал ялалтад хүрдэг юм билээ. Үнэхээр нэр дэвшигчээ дагаад орон нутгаар явахад урамтай байсан. Өмнө нь нэр дэвшигчийг орон нутагт очиход нөгөө фракцийнх нь нөхөд хялайж хардаг, хараад зугтах үе олон байсан. Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж дар­га нэр дэвшиж, нэр дэвших сонир­холтой байсан хүмүүс түүнд баяр хүргээд тал талаасаа мөнгөө гаргаж, хандив өргөөд хамтран ажиллахад бид ялж чадсан. Тэр үед үнэхээр их урамтай байсан. Түүнээс өмнө дандаа бид нөгөө намаас ирсэн хатгаасанд орж юуны төлөө хэнтэй тэмцээд байгаагаа ч мэдэхгүй байдалд орчихдог байсан.

-Тэгэхээр Ардчилсан нам цаа­шид юун түрүүнд эв нэгдлээ хам­гаалах ёстой гэж үзэж байна уу?

-Миний хувьд анх Гутлын үйлд­вэрийн салбар зөвлөлийг 1989 оноос толгойлж эхэлсэн. Энэ зөвлөл хам­гийн олон хүнтэй нь байсан. Өнгөрсөн хугацаанд би талуудын хоронд хордож байлаа. Олон ч талд нь орж, унаж боссон. Тэр бүхний эцэст би ганц зүйлийг л ойлгосон. Эцсийн бүлэгт намын дарга гэдэг бол бидний улс төрийн зорилго биш юм байна лээ. Нам нь сайхан боллоо гээд намынх нь гишүүд явцуу эрх ашгаасаа салж чадахгүй, улсынхаа төлөө ажиллаж чадахгүй юм бол ялаад ч яах юм бэ. Хэрэггүй шүү дээ. Ц.Элбэгдорж даргыг ялал­танд хүргэчихээд бид бага ч гэ­сэн амжилтад хүрч чадаж байна. Өнөөдөр бид прокурорыг авлаа. Шүүх засаг­лал ув улаан байсныг нь цэнхэр болгох гээд ажиллаж байна. Мэдээж шууд шинэчилнэ гэж байхгүй л байх. Ямар ч байсан шинэчлэлийн зорилгыг бид эхлүүлж чадлаа. Үүгээрээ бахархах хэрэгтэй. Түүнээс бус өнөөдөр Ардчилсан нам шинэ даргатай боллоо гээд сонгуульд ялна гэсэн юм байхгүй. Тэр хүн толгойдоо бодож олсон сайхан мөрөөдлөө хэ­рэг­жүүлж, түүнийг нь бид санасан бодсон хэмжээнд нь хамтдаа хийгээд бүх зүйлийг өөрчилнө гэж байхгүй.

-Шууд утгаараа та Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг на­мын даргын албанаас нь буулгах хэ­рэггүй гэж үзэж байна уу?

-Бид нэг тодорхой байр суурь барьж байгаа. Ардчилсан намыг шинэчилнэ гээд суулт зарлаж, ээлжит бус их хурал хуралдуулах тухай эсэргүүцэл зарлах үе өнгөрсөн хугацаанд хангалттай их байсан. Өлсгөлөн ч зарладаг байсан. Эцсийн бүлэгт энэ бүхэн чинь шинэчлэл биш байхгүй юу. Хувьсгал ч биш, юу ч биш. Харин үнэхээр бодлогын шинэчлэл хийх гэж байгаа бол арай өөр бодитой зүйл хийх хэрэгтэй. Манай клубын нөхөд 2004 онд бас л хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байхад тухайн үеийн намын дарга Р.Гончигдорж дээр орж ажлын хэсэг байгуулж өгөхийг гуйсан. Тэр үед бид албан тушаал гуйгаагүй. Тэр ажлын хэсгээ байгуулж, хоёр жилийн турш ажиллаж байж Ардчилсан на­мын дүрмийг шинэчлүүлсэн. Түү­ний хүчээр үүр хүртэлх зохион бай­гуу­лалтыг бид эхлүүлж, гишүүдийг хариуцлага даах үүрэгтэй болгож өгсөн. Тэгснээр Ардчилсан намд улс төрийн соёлыг бий болгох өөрч­лөлтийг хийсэн. Тэгэхдээ бид ганц ч удаа намаа гудамжинд гарч байгаад хог, шаар гэж харааж үзээгүй. Би 20 жил явахдаа Ардчилсан намынхаа өөдөөс ганц удаа “Ардчилсан нам хог болчихож” гэж дуугарч үзээгүй. Энэ үгийг хэн хэлж байна гэхээр Ард­чилсан намын төлөө зүрх сэтгэлээ зо­риулаагүй хүмүүс л хэлж байна.

-Энэ намын төлөө анхнаас нь явсан анхдагч гишүүнийхээ хувьд тэдэнд гомдож байна уу. Ардчилсан намын гишүүнчлэлийн дор таны итгэл үнэмшил, үнэт зүйл, зорьсон зорилго зэргээ бодоод шүү дээ?

-Яах вэ дээ, хүнд чинь итгэл үнэмшлийнхээ төлөө явах гэж нэг их чухал зүйл байдаг юм. У.Хүрэлсүхийг намынхаа тугийг шатаалгачихаад талбай дээр гарч ирж орилж байхад “Өвчит” гээд манайхан шоолж байсан. Харин би бол тэр хүнээр бахархсан. Бүгд коммунист гэж хэлүүлэхээс айж байх тэр үед У.Хүрэлсүх тийм зоригтой намынхаа төлөө зогсч чадсанд нь би бахархсан. Тэгвэл өнөөдөр манай намд тэгж зогсох хэн байгаа юм бэ. Зөвхөн 20 жилийн турш Ардчилсан намаас албан тушаал гуйлгүйгээр, өөрийн эрх ашгаа хамгаалахыг гуйхгүйгээр энэ намын ажилд оролцсон хэн байгаа юм бэ.

-Зөвхөн итгэл үнэмшлээрээ явсан хүн ховор гэсэн үг үү?

-Өнөөдөр хар л даа. ҮЗХ-ны хурлын өмнө “Унталт” энэ тэр гэсэн арга хэмжээ зохиогоод л, хэвлэлээр баахан намаа муулж хувийнхаа пиарыг өсгөөд байгаа УИХ-ын гишүүдэд үнэхээр дургүй хүрч байна. Би энэ талаас нь дургүйцэж байна. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ нөхдийн нам руу шидсэн муу муухай бүхний балгийг өөрсдийн улаан гараараа цэвэрлэж ирсэн. Тэр ажилд би маргааш нь дахиад дайчлагдаад явдаг болохоороо дургүй хүрч байна. Ядаж тэд энэ намын төлөө юу хийсэн тухай тайлангаа яаж өгч байсан юм гэдгийг ярих ёстой. Эдний дунд намын томоохон сонгуульт ажил авч байсан хүн байна. Тэр суудал дээрээ олон жил суухдаа намын төлөө ганц ч хуруугаа хөдөлгөөгүй хүн ч байна. Ийм байж өнөөдөр юу хийх гэж үзээд байгаа юм бэ. Авсан албан тушаал дээрээ ажиллаж чадахгүй байж дахиад юу авах гээд байгаа юм бэ.

-Уучлаарай. З.Энхболд гишүүн гэхэд намынхаа үзэл баримтлалыг хамгаалахыг хүсч байгаа. Аль хэдийнэ намаас нь орхигдож холдсон гэх тэр барууны үзэл баримтлалыг Ардчилсан нам хамгаалснаар Монгол Улсыг зах зээлийн нийгмийн жам ёсоор нь хөгжүүлнэ гэж тайлбарлах юм билээ. Ингэхдээ Ардчилсан намын мөн чанарыг эргүүлэн сэргээх хүн нь өөрийгөө гэдгийг бат нот зарласан байгаа?

-Би нэг хэсэг дарга муу ажиллаж байна гэж хэвлэлээр шүүмжлээд л. Тэгээд болохгүй бол огцруулах хэрэгтэй гэж үзэж, эсэргүүцэл зарладаг хүмүүсийн талд ороод л явдаг байсан. Одоо бол үгүй ээ. Яагаад гэхээр сонгуулийн дараа эхний хоёр жил нь ажиллачихаад, сонгууль дөхсөн сүүлийн хоёр жилд нь юу ч хийлгүйгээр, ард түмэн рүү хандсан оноо авахын төлөөх пиар хийдэг бол энэ амьдралд үнэхээр утга алга. Манай Х.Баттулга сайд “Одоо ажил хийцгээе” гэж хэлсэн байна лээ. Үнэхээр энэ дэлхий дээр ард олныг үзэл суртлаар угаадаг тийм хоёрхон хүчин байгаа нь коммунист, фашист хоёр үзэл. Бид энэ зам руу орох хэрэггүй шүү дээ. Бид өнөөдөр ямар нэг байдлаар хөгжлийн бодлогыг батлуулчихаад гараад явж болно. Магадгүй 2012 оны УИХ-ын сонгуульд ялахгүй ч байж болно. Тэр бол асуудал биш шүү дээ.

-Улс төрийн намын гол зорилго нь сонгуулиар дамжуулж, засгийн эрхэнд гарах шүү дээ?

-Ажлаа хийж чадвал ялсан, ялагдсан нь үнэндээ чухал биш байна. Нийслэлийн ИТХ-ын 45 тө­лөө­лөгчийн ес нь Ардчилсан намынх. Гэтэл намайг ганцаараа 2004-2008 онд нийслэлийн ИТХ дээр намаа төлөөлж байхдаа яаж ажилласныг хүмүүс мэднэ. Би тэнд ажиллаж чадсан. “Шинэ Улаанбаатар” хө­төл­бөрийнхөө 40 гаруй зорилтыг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суулгаж чадсан. Энэ бол ажил. Гэтэл засаг авчихаад бид тэгж ажиллаж чадах байсан уу. 1996 онд бид засгийн эрх авчихаад юу хийж чадсан юм бэ. Асар их хийх ажлаа бүгдийг нь алдсан. Тэр үед ерөөсөө л сөрөг хүчин бүх ажлыг нурааж байсан. Өнөөдөр Монголд тийм сөрөг хүчин хэрэгтэй байгаа юм уу.

-Сөрөг хүчний байр сууринаас ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд орох нь Ардчилсан намд ялалтад хүрэхэд хэрэгтэй нэр төрийг бэ­лэглэнэ гэж үзэж байгаа?

-Хэрэв 1996-2000 оны хооронд хийж чадаагүй бүхэндээ Ардчилсан нам дандаа харамсдаг. Тэр бүхнийг нураасан МАХН-ыг дандаа хараадаг. Гэтэл тэр сөрөг хүчин нь 25 хүнтэй байсан. Өнөөдөр бид 27 гишүүнтэй. Энэ хүчээрээ бүгдийг нурааж, да­раагийн сонгуульд ялалт байгуулж болно. Тэглээ гээд хэн хохирох вэ гээд бодоод үз. Дөрвөн жилээ алдсан Монголын ард түмэн л хохирно. Тэр үед Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН-ын бүлэг  манай Засгийн газ­рыг 4-5 удаа огцруулаагүй байсан бол бид өнөөдөр дахиад нэлээд хол явчихсан ч байх юм бил үү. Мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр Тавантолгойг эхлүүлэх бус үйлдвэр нь ашиглалтад орчихсон байхыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхнийг бодох хэрэгтэй. Ялангуяа бизнесийн салбарт ажиллаж байсан мань мэтийн хүмүүст үнэхээр энэ улс төр хэрэггүй санагдаж байгаа. Ийм байдаг болохоор л би ялагдах, ялах гэдэг нь юу юм бэ гэж асуумаар санагддаг.

-Ялагдвал Ардчилсан нам хүчгүйдэж, ялвал МАН хүчгүйдэх тухай л яриа юм биш үү?

-Ардчилсан намын арван зөв бодлогод ерөөсөө гурван л гол зүйл байгаа. Эрдэнийн хувь, үйлдвэржилт, шинэ Улаанбаатар-шинэ хөдөө гэсэн зорилго.  Би шинэ Улаанбаатар-шинэ хөдөө гэсэн зорилгын хүрээнд ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Биднийг тэнд ажиллаж байхад энэ их ухаантай хүмүүс хаана байсан юм бэ. Тэд юун дээр ажиллаж байсан юм бэ. Өнөөдөр эрдэнийн хувийг санаачилсан Лу. Болд түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна. Эцсийн бүлэгт энэ хэний засаг байх нь хамаагүй. Энэ бүхэн хэрэгжвэл ард түмэн хожино. Хэрэв гавъяат, хөдөлмөрийн баатар авахын төлөө ажилладаг бол энэ нийгэм чинь утгаа алдана. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт арваннэгдүгээр сарын 26 болох гээд шагнал горилсон анкетын хэмжээ нь байшингийн тааз хүрчихсэн байна лээ. Тэд бүгдээрээ л гавъяа байгуулсан юм гэнэ. Энэ нь үнэн бол Монгол өдийд АНУ шиг болчихсон байх ёстой. Дээр нь би ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, би ардчиллыг хамгаалсан гээд л баахан гавъяа ярьж байна.

-Ард олон ч тэр ардчиллын лидерүүдэд тэгж өөрсдийгөө магтах эрхийг нь бас ч гэж олгоод байх шиг санагддаг шүү?

-Би 20 жилийн өмнөх өлс­гөлөнд байж л байсан. Өөрийн гэр орон гэдэг ч зүйлгүй байлаа. Тэ­гээд л тэнд дэмжээд л оролцдог бай­сан. Түүнээс хойш би өнгөрсөн хуга­цааныхаа амьдралыг энэ тэмцэл дунд өнгөрүүлсэн.  Тэр үед бидний олж авахыг хүссэн зүйл маань эрх чөлөө байсан. Өөрийнхөө хөдөлмөрөөр өөрөө бий болгож чадах сайхан амьд­рал байсан. Би тэр сайхан амьдралаа ч авч чадсан. Өөр дээр нь Хөдөлмөрийн баатар авна гэж зүтгэмээргүй байна. Муухай шүү дээ.

-Уучлаарай, ардчиллын баатар гэдэг цолыг нь тэдэнд ядаж ард түмний гавьяат гэдэг шиг шууд өгчихвөл яасан юм бэ. Тэгвэл магадгүй ингэж тэмцэлдэхээ болих ч юм билүү?

-Тэр тохиолдолд эхлээд энэ Ардын намынханд бүгдэд нь хөдөлмөрийн баатарын одонг энгэрт нь зүүгээд өгчих хэрэгтэй л дээ. Тэгээд за одоо та нар тайзнаас буу гэдгийг нь хэлээд бид үйлдвэржилт, эрдэнийн хувь, шинэ Улаанбаатараа хийе гээд л ажиллах ёстой. Бидэнд тэр гавьяаг нь авах хэрэггүй ш дээ. Болохгүй бол хамаа алга бүгдэд нь нэг, нэг өрөө байр өгье. Гол нь тэд энэ улаан тог намируулсан хогийн пиараа л болчих хэрэгтэй. Тэгээд 20 жилийн дараа энэ ард түмэн хэнийг нь үнэлэхийг хамтдаа харвал болж байна.

-Та энэ үгээрээ худлаа пиар хийж байгаа хүмүүсийг бүгдийг нь улс төрийн тавцангаас бууж зайгаа тавих ёстой гэж хэлэх гээд байна уу. Энэ тохиолдолд танай нам доторх шүүмжлэгчдийн үзэл санааны төлөөх тэмцлийг бас л хэрэггүй гэх үү?

-Өнөөдөр үзэл санаа гэж чухам юу юм бэ. Захын хүнээс асуугаарай. Та ямар үзэлтэй вэ гэхэд тодорхойлж хэлэх хүн олдохгүй. Би ч өнөөдөр өөрийгөө тодорхойлж чадахгүй. Бидний яриад байгаа тэр либераль, консерватив, социал демократ үзлийн ард дахиад либертар гэж үзэл гарч ирж байна. Тэр бүхний цаад угшил нь хувийн өмч байхгүй цагт шударга ёс тогтоно гэсэн тайлбар байдаг. Гэтэл нийгмийн сайн сайхныг бий болгоно гэж тэр изм яриад байгаа хүмүүс чинь өөрсдийгөө либертар үзэлтэй гэж яриад байна. Бас юугаа ч мэдэхгүй би социал демократ гэдэг. Шууд л чи Ардчилсан намынх учраас либерал байх ёстой гэсэн юм яриад байна. Хуучнаар МАХН-д байсан хүмүүсийг өнөөдөр чи өмнө нь комминуст байсан. Одоо жаахан социалист болж байна. Цаашдаа капиталист болох гээд байна гэсэн зүйл ярьж байна. Энэ бүхний цаана жинхэнэ мөн чанарыг нь ярьдаг хэн байгаа юм бэ. Өнөөдөр төрийн том дарга нарын хүүхдүүд гадаадад сургууль төгсөөд ирж байна. Тэд хаанаас олсон нь мэдэгдэхгүй асар их мөнгөн дээр суучихаад арай жаахан толгой гайгүй нь төрийн албанд орж, аав шигээ дарга болно гээд зүтгэж байна. Нөгөө хэсэг нь хар тамхинд орж байна. Тэдний аав нар нь ямар үзэлтэй юм бэ. Хулгайлсан хөрөнгөн дээр суусан тэр хүү нь ямар үзэлтэй болоод төрд ажиллаж байгаа юм. Үнэхээр ингээд бодохоор надаа тэр үзэл, энэ тэрийг ярихад үнэн утгагүй байна. Бид иймэрхүү филисофиор хоол олж идэх гээд 80-90 жил явсан. Эцэст нь мухардаад зогссон. Өнгөрсөн 20 жилд бас баахан үзэл яриад өнөөдөр мухардаж байна. Тэгэхэд Сингапур үзэл ярихгүй хөгжлийн төлөө явснаараа бар улс болчихсон байна. Бид тэгж бодит амьдралын төлөө хөрсөн дээрээ буумаар байна. Хэрвээ хамгийн гоё шоу хийснийгээ хамгийн мундаг ажил хийсэн гэж ойлговол энэ нийгэм урагшаа явахгүй л байхгүй юу.

-Та тэднийг зүгээр л шоу зохион байгуулагчид гэж хэж байгаа хэрэг үү?

-Тэд ерөөсөө л хамгийн сайхан шоуг яагаад хийхгүй байна аа л гээд байгаа шүү дээ. Өнөөдөр тэдний дунд над шиг үйлдвэр байгуулж байсан хүн байна уу. Би хэд хэдийг байгуулчихсан. Тэгж ажиллах ямар хэцүү байдгийг мэдэхгүй. Дээр нь би залуу хүн л гээд баахан орилдог болж. Залуу хүн юу хийх ёстой юм бэ. Бодоод үзээрэй. Намыг 25 настай байхад УИХ-д нэр дэвших үү гэж ярихад нь би үхтлээ айж байсан. Хүн чинь 40 хүрчихээд асар их туршлагатай, гэр орноо цэгцэлж, үр хүүхдээ сургууль  соёлд нь сургаж, тэднийгээ сайн сайхан амьдралд нь хүргэчихээд гишүүн болох тухай ярих ёстой биз дээ гэж хэлдэг байсан. Гэтэл өнөөгийн залуусын нэг хэсэг нь хөрөнгөтөн ааваасаа өв хөрөнгө өвлөчихөж. Тэгэхэд нөгөө хэсэг нь мөнгөгүй байж, өөрийгөө улстөрч гээд явах юм. Эхлээд мөнгөө олчихоод, гэр бүлээ хангалттай сайхан тэжээх чадвартай болчихоод улс төрд оролцох хэрэгтэй.

-Таны хувьд тэгвэл ямар үндэслэлээр өнөөдөр энэ дэд сайдын албыг хашиж байгаа юм бэ. Та өөрийгөө амьдралаа босгож, үйлдвэрлэл байгуулчихсан учраас одоо улс төрд хүч үзэх эрхтэй гэж хэлж байгаа юм уу?

-Би өнөөдөр 45 настай. Гэхдээ миний бизнесийн салбарт олсон амжилт маань, хөдөлмөрлөж бүтээсэн бүхнээрээ бол би 75-тай хүн. Би тэгж ажилласан.  Үнэхээр улс төрд одоо нэг хүч сориод үзье гэж орж ирсэн. Хоёрхон ажил ажиллаж байна. Тэр талаараа бол би 25-тай л байна. Тэгэхэд тэр залуусыг ямар сайхан зүйл бүтээж чадна гэж улс төр рүү орох гэж зүтгээд байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

-Залуус өөрсдийгөө ардчиллын гол цөм хэсэгт дуу хоолойгоо илэрхийлэх хүчтэй байхыг хүсэх нь муу зүйл биш шүү дээ?

-Тэгээд дуу хоолойгоо илэрхийл л дээ. Үүнийхээ өмнө тэд өөрсдийгөө бэлтгэх ёстой байхгүй юу. Дээр нь англи хэл сурсан залуучууд бүгдээрээ өөрсдийгөө эрдмийн оргилд хүрсэн гэж үзэж байгаа бол болж байна. Ороод ир л гэнэ. Гэхдээ намын дүр­мийн дагуу ядаж намын үүрийн хуралд оролцдог. Татвараа төлдөг байх хэрэгтэй. Гэтэл залуус дунд үүрийн хуралд суудаг хүн олддоггүй л байхгүй юу. Тэгсэн хэрнээ жагсаал, цуглаан хийх болохоороо Ардчилсан намын гишүүн болчихдог. Татвараа төлөх болохоороо мөнгөгүй бол­чих­но. Тэгсэн хэрнээ суулт, жагсаал хийх болохоороо мөнгөтэй болоод байдаг. Дээр нь бүгдээрээ өөрсдийгөө УИХ-д бэлтгэчихдэг. Ийм байж болохгүй ээ. Тэгэхэд намайг 2008 оны УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшүүлэхэд “Би болсон юм уу” гэж маш их гайхаж, эргэлзэж байсан юм шүү. Зарим нэгнээс нь бүр үнэхээр Ардчилсан намын төлөө зүтгэлтэй юм бол намынхаа батлахыг гаргаад ир гэх хэрэгтэй. Хэн нь татвараа төлж, хэн нь үнэхээр намын гишүүн байна гээд судлахаар биш л байдаг байхгүй юу. Намын өмнө баахан хүмүүс суулт зарлахад очоод үнэмлэхийг нь үзье гэхэд намын гишүүн бус, намын гишүүн нь татвараа төлөөгүй байдаг. Ингэхдээ дандаа хүнээс мөнгө авч жагсаал, цуглаан зохион байгуулдаг.

-Өөрсдийн үзэл бодол, үнэт зүйлээр бус бусдын эрх ашгийн төлөө л ардчилсан үзэлтэн болж жүжиглэдэг гэсэн үг үү?

-Ердөө л хөлсний этгээдүүд байхгүй юу.

-Та тэрийг нь мэдэж байгаа юм бол хөлслөгч лидерт нь “Одоо боль” гээд хэлчихэж болдоггүй юм уу. Бас тэр хөлсний жагсагчдад ч тэр?

-Даанч болохгүй юм. Болдог бол хэлмээр л байна. Харуул хам­гаа­лалтын ажилтнууд тухайн обьек­тийг хамгаалахдаа цалин авдагтай адил тэд ч тэр цаанаасаа цалинжсан учраас өөрсдийнх нь эсрэг ирж бай­гаа бүх хүнтэй байлдах бэлтгэлтэй болчихсон хөлсний гамингууд байхгүй юу. Үнэхээр болиочээ гэж хэлэхэд л больдог байсан бол сайхан л байна. Хэрэв цалинг нь нугалж, илүү ихийг төлсөн тохиолдолд бол тэд болино. Яагаад гэхээр ажил хийж байгаа хүмүүс байх шүү. Ер нь хөдөлмөрийн гэрээтэй ч байж магадгүй шүү. Харин нийгмийн даатгал төлдөггүй л байх. Ганцхан жинхэнэ гамингууд гэдэг нь га­раад байна л даа. Ингэж болохгүй ээ.

-Та нэлээд их цөхөрсөн бололтой?

-Бод л доо, энэ намыг чинь 20 жил нураалаа шүү дээ. Би ч гэсэн нураалцаж явж л байсан. Үнэнээ л хэлнэ. Тийм болохоор одоо болих хэрэгтэй.

-Таныг ч албан тушаалынхаа амтаар л ёстой нэг эсэргүүцсэн шиг эсэргүүцэж байна л гэнэ байх даа?

-Ойлгомжтой. Тэгж л хэлнэ л дээ. Би энэ ажлыг өгөөд гарчихаж чадна. Надад хангалттай олон компани байна. Гол нь би энд мөнгөгүйдээ ирж суугаагүй байхгүй юу. Би үйлд­вэржилт, шинэ Улаанбаатар, эр­дэ­нийн хувь гэсэн хөтөлбөрийг анхнаас нь гардаж хийлцсэн учраас тэрийгээ л үр дүнд хүргэж гэж орж ирсэн. Өөр надад энд ямар ч эрх ашиг гэж байхгүй. Өнөөдөр бод л доо. Х.Баттулга сайдыг цалин горьдоод явж байна гэж хэн хэлэх юм бэ. Тэр хүн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө л ажиллаж байгаа. Намайг цалин горьдоод явж байна ч гэж хэлэх хүн байхгүй.

-Төрийн өндөр албан ту­шаа­лын ард бизнесийн хүчээ зу­заат­гах боломж байдаг юм биш үү. Цалингийн тухай бус тэр бо­ломжийн талаар л хардах байх л даа. Иргэд?

-Тендертэй яаманд бол тэгж хэлэх байх л даа. Би анхнаасаа тэгж хэлэх байх гэж бодоод энэ яамыг сонгосон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд гээд ахмад дайчдын байр­наас хулгай хийх үү.  Тэтгэвэр, тэт­гэмжээс хулгайлах уу. Бод л доо. Би тэгээд эндээс юуг нь хулгайлахаар байна.

-Таньтай бусад фракцуудын зүгээс “Кроун”-ыг тэргүүлдэг гэ­дэг утгаар тань намын даргын асууд­лаар уулзах санал тавьсан уу?

-Бид намынхаа гол дүрмийг л барьж ажилладаг. Бид ийм хогийн юм олон гардаг учраас намдаа хортойгоор хохирол учруулж байгаа хүмүүсийг намын дотоод сонгууль болон улс төрийн бусад албан тушаалд дөрвөн жилийн хугацаанд томилохгүй, нэр дэвшүүлэхгүй байх гэдэг заалтыг ёстой зууралдаж байж батлуулсан. Одоо энэ яриад байгаа хүмүүс наад зах нь намынхаа дүрмийг мэддэггүй юм шиг байна лээ. Эцсийн бүлэгт ганц зүйл хэлэхэд эхнэр, нөхөр хоёр хүртэл гэрийнхээ хамаг муу муухайг гадагшаа дэлгээд байхаар маргааш нь хэзээ ч сайхан санагддаггүй л байхгүй юу. Үүн шиг Ардчилсан намын дар­гад Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын хэн нь ч яллаа гэсэн аль алиных нь нэр хүнд өсөхгүй. Зөвхөн дотроо хэрэлддэг гэсэн томъёололтой л үлдэнэ. Энэ муухай хэрүүлийнх нь балгийг дараа нь асар их мөнгө зарлагадаж байж арилгах хэрэг гарна даа. Тэр мөнгийг тэд гаргадаггүй байхгүй юу. Над шиг махаа идэж явж байж хандив цуглуулдаг хэдэн хүн, жирийн гишүүдийн татварын мөнгө л тэр санхүүжилтийг бүрдүүлдэг. Тэд үнэхээр намынхаа нэр төрийг асар муухайгаар худалдаж идэж байгаа хүмүүс. Намынхаа нэр төрийг худалдаж, өөртөө хоол олж идэх нь хамгийн муухай үйлдэл. Энэ бүхний эцэст улс төрийн хүүр болох вий гэсэн нэг асуудал бий гэдгийг энд хэлмээр байна.

-Намын дүрмийг хэрэгжүүлээд эхэлбэл асуудал үүсэх бололтой. Тийм үү?

-Үнэхээр өнөөдрөөс хэрэгжүү­лээд эхэлбэл тэд асуудалд орно. Ийм нөхцөлд тэр шинэ орж ирсэн ги­шүүдийг болгоомжтой бай гээд хэлчихье. Хууччууд нь ч гэ­сэн адилхан. Гэхдээ тэд бас их бол­гоомжтой ярьж байгаа. Үнэхээр ма­най намын дүрмийг уншаагүй байж болгоомжтой ажиллаарай. Энэ чинь бас дүрэмтэй, журамтай айл шүү.

-Төгсгөлд нь нэг зүйл тод­руулахад та дээр Ардчилсан намд тодорхой хэмжээний сан­хүүжилт хэрэгтэй болсон тохиол­долд гараа татдаггүй гэсэн санааг цухас дур­даад өнгөрөх шиг болсон. Би буруу ойлгоогүй гэж найдаж байна?

-Би 20 жилийн турш энэ намыг дэмжиж явахдаа хэзээ ч албан тушаал гуйж үзээгүй. Надаа ажил санал болгоход би татгалздаг байсан. Ардчилсан намд санхүүжилт хэрэгтэй байсан болохоос бус над шиг албан тушаалтан хаанаас ч гараад ирэх л байсан. Хамгийн сүүлд гэхэд би өнгөрсөн долоо хоногт намынхаа байранд 20 сая төгрөг шилжүүлчихээд сууж байна. Намынхаа байрыг хурдхан шиг босчихоосой гэж хүссэн дээ л тэр шүү дээ. Яс юман дээрээ одоо энэ намдаа хайртай гээд, шинэчлэл яриад байгаа хүмүүс чинь намаа байрнаасаа хөөж байсан хүмүүс шүү. Энэ олон жил Ардчилсан намын хүчээр УИХ-д суухдаа тэд ганц тоосго барьж ирсэн юм уу. Үгүй л байхгүй юу. Би үнэндээ шууд бүгдийг нь асууж чадна. Байргүй болчихсон намдаа би энэ хүзүүвчийг авч өгөх гэж дөрвөн жил яаж гүйснийг мэдэх нэг нь мэдэх л байх. Тэрийгээ ядаж өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж