Монголын регбичид Азийн наадамд анх удаа оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Монголын регбичид Азийн наадамд анх удаа оролцоно

БНХАУ-ын Гуанжоу хотноо болж буй Азийн 16-р наадамд манай улс спортын 28 төрлөөр оролцож байгаагийн нэг нь Монголд шинээр хөгжиж буй регбигийн спорт юм. 2003 онд  анх үүсгэн байгуулагдсан Монголын Регбигийн Холбоо дэлхий дахинаа нэр хүнд хамрах цар хүрээ нь жил ирэх тусам өргөжин тэлж буй регбигийн  спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Хонконг, Филиппин, Казакстан, Узбекстан зэрэг улсуудад зохиогдсон олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд манай баг тамирчид амжилттай оролцож иржээ.
Азийн 16-р наадамд Монголын регбичид 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаа  оролцож байгаа бөгөөд Япон, Тайланд, ХонгКонг, Малайз, БНХАУ, БНСУ, Шри Ланк, БНЭУ, Монгол гэсэн нийт 9 улсын 100 гаруй тамирчин өрсөлдөж буй регбигийн төрлийн анхны тоглолт энэ ням гаригт Монгол, Японы баг тамирчдын дунд явагдана.

Регбигийн спортоор Азидаа тэргүүлэгч Япон улсын баг тамирчидтай учраа таарсан нь анх удаа оролцож буй манай тамирчдын хувьд томоохон сорил, туршлага болох юм.

Монголчуудын Америк хөлбөмбөгтэй эндүүрэн ойлгох нь элбэг  Английн Регби хотоос гаралтай регбигийн спорт нь Английн колони байсан орнууд болон европын улс орнуудад өндөр хөгжсөн бөгөөд 2016 оноос олимпийн наадмын спортын нэг төрөл болон бүртгэгджээ.

Дотроо хэд хэдэн төрөлтэй тус спортын 7 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтын  төрөл нь олимпийн наадамд бүртгэгдсэн бөгөөд Азийн 16-р наадам ч мөн энэ төрлөөр явагдана. Тиймээс регбигийн 15 хүний бүрэлдэхүүнтэй төрлөөр хичээллэдэг байсан манай тамирчдын хувьд энэ удаагийн наадам шинэ төрлөөр оролцож буй анхны тэмцээн нь болж байгаа юм. Цаашид манай тамирчид 7 хүний бүрэлдэхүүнтэй төрлийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллах гэнэ. Багийн ажиллагаа, бие бялдрын хөгжил ихээхэн шаарддаг регбигийн спортод монголчууд амжилт гаргах боломж өндөртэй бөгөөд Англи, БНСУ, ХонгКонгийн регбигийн клубуудад тоглож байсан туршлагатай тамирчид манай шигшээ багтийн бүрэлдэхүүнд багтжээ.

Азийн регбигийн хамгийн хүчирхэг багуудтай учраа таарсан Монголын регбичдийн хувьд энэ удаагийн Азийн наадмаас арвин туршлага хуримтлуулж, хүчтэй өрсөлдөгчидтэй тоглох сэтгэлзүйн бэлтгэлтэй болох нь юу юунаас чухал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж