Бие биелгээчдийн улсын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Бие биелгээчдийн улсын уралдаан болно

“Биеэр мэтгэсэн угалз” нэртэй бие биелгээчдийн улсын уралдаан болох гэж байна. БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо, Монголын язгуур бие биелгээ өвлүүлэх холбоо, Монголын бүжгийн урлагийн зөвлөл, Монгол ардын язгуур урлагийн Бие-Биелэг холбоо, Бие биелгээ шавь сургалтын төв хамтран тус уралдааныг зохион байгуулж байгаа аж. Уралдаан ирэх арванхоёрдугаар сарын 4, 5-нд Улсын филармонид болох юм. “Биеэр мэтгэсэн угалз” бие биелгээчдийн улсын уралдаан нь хоёр үе шаттайгаар гоцлол, хамтлаг, бяцхан биелгээч гэсэн гурван ангилалаар зохион байгуулах юм байна. Уралдаанд оролцогчдод дараах шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байгаа юм.

Уралдаанд оролцогчдод тавих шаардлага:

-Нутаг нутгийн уламжлалт онцлогоо харуулсан биелгээг биелэнэ

-Ястан, үндэстнийхээ онцлогийг илэрхийлсэн хувцастай оролцоно

-Мэргэжлийн бүжигчид болон мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж, сурч байгаа бүжигчид оролцохгүй

-Уралдаанд оролцогч нь биелгээний онцлогтоо таарсан хуур, икэл, товшуур, шанаган хуур, аман хуур, цоор зэрэг хөгжмийн зэмсгүүдээ авч ирнэ.

-Биелээчид /Хамтлаг, гоцлол, бяцхан биелээч/-ийн тоглолтоо үзүүлж хугацаа таваас дээшгүй минут байна

-Хамтлаг нь гэр бүлийн биелгээчээс бүрдсэн байж болно

-Уралдаанд оролцсон ая тоглоочдоос нэг хүнийг шилдэг ая тоглоочоор шалгаруулна

-Ястан үндэстнийхээ онцлогийг илэрхийлсэн бүрэн хувцас, чимэглэлтэй биелгээчийг шалгаруулна.

Сонирхуулахад уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийг энэ сарын 26-ныг хүртэл Соёлын төв өргөө, Улсын филармонийн байранд болон batjargal1@yahoo.com, soyolmaa@cac.gov.mn и-мэйл хаягаар бүртгэж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж