Эрхэм гишүүд төсвөө ”Тунгааж” байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүд төсвөө ”Тунгааж” байна уу?

Ирэх жилийн төсвийн төслийг батлахад 11 хоногийн хугацаа үлдээд байна. Гэтэл төсвийн төслийг ердөө хэлэлцэх эсэхийг л “хэлэлцээд” байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн алхны тогшооныг дөнгөж сонссон төслийг дахиад гурван удаагийн хэлэлцүүлгээр байнгын хороод, тэгээд нэгдсэн чуулганаар дамжуулах ёстой. Уг нь өдөр шөнөгүй хэлэлцээд ч цаг хугацаа тааруу байхад нэг хэсэг МАХН-МАН-ын хурал гэж хэсэг тасалдуулсан, чуулганаа өнөөдрөөс Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно оо гээд завсарлуулчихлаа. Тэгэхээр төсвөө ирэх долоо хоногоос хэлэлцэх юм байх. Энэ юу болж байна аа, таминь ээ. Эрхэм гишүүд ээ, та нарт төсвөөс тунгаахаас илүү чухал ажил байх ёстой бил үү. Гэтэл гишүүд намаа яриад л хормойгоо дэрвүүлээд байдаг. Ирэх жилийн төсөв юу болоод байгаа талаар иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх нь байтугай, өөрсдөө ч ойлгож байгаа юм уу, үгүй юу, бүү мэд. 

Бас нөгөө талаас жирийн иргэдийн хувьд төсвийн төслийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг. Дээрээс нь Сангийн сайд, гишүүд тэргүүтэн зөрж яриад заримынх нь толгойг эргүүлж гүйцээд байгаа. Юутай ч ойрын хугацаанд төсвийн талаар гишүүдийн амнаас унагасан үгийг хүргэж байна. Дашрамд сануулахад хэвлэл, сонины хуудсыг дүүргэсэн эрхэм гишүүдийн эрээн, мяраан ярилцлагаас төсвийн талаар ярьсан нь ховор байна лээ, эдгээр эрхмүүдээс бусад нь. Эрхэм гишүүд нэг хэсэг МАХН, МАН-ын ялгаанд хэсэг дуниартаад төсвөө бүү хэл, нэрээ мартах шахсан. Харин сүү саалины цаг тулав гэгчээр төсвөө хэлэлцэх хугацаа шахаж, өдийд бараг төсвөөр “солиорчихсон” байх ёстой гишүүд “хүний өөрийн” намаа яриад л гүйлдээд байх юм даа.
 
УИХ-ын АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг:

-Бид хөгжлийн бодлогыг санхүүжүүлэх утгаараа хоёр салаа зам дээр ирээд байна. Нэгдүгээр зам болох төсвийн хөрөнгө оруулалтаар зээл авах замаар хөрөнгө оруулалтыг санхүүжүүлбэл төсвийн алдагдал 100 хувь давж гарах дүр зураг харагдаж байна. Ийм байдал үүсгэхгүйн тулд хоёр дахь зам буюу шаардлагатай хөрөнгө оруулалтад Засгийн газар баталгаа гаргах замаар Хөгжлийн банкаар санхүүжүүлэх зэрэг аргыг хэрэглэх хэрэгтэй. Ингэвэл төсвийн алдагдлыг нэмэхгүй, инфляцид томоохон өөрчлөлт өгөхгүйгээр хөгжлийн бодлогыг хэнгаж чадна.

“Монголын үнэн” сонин №226

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Манай улсын төсөв бүтээн байгуулахад чиглээгүй, зөвхөн өгөх амлалтаа биелүүлэхэд чиглээд байна. Хөгжилд хүрэхийн тулд хөдөлмөрлөх шаардлагатай. Гэтэл улс төрийн намууд иргэдээ бэлэнчлэх, сэтгэн бодож ажиллах чадваргүй болгож, мөхлийн зам руу хөтлөөд байх шиг. Төсвийн алдагдал 8,6 хувьд хүрсэн нь айгаад сандраад байх зүйл биш. Ер нь төсвийн алдагдал нэг оронтой тоонд байхад хэвийн.

“Үндэсний шуудан ” сонин №229

УИХ-ын дэд дарга Г.Батхүү:

-Жилийн жилд хүн бүрийн санаанд нийцсэн төсөв боловсруулна гэж байдаггүй. Тэр тусмаа гишүүн болгонд таалагддаггүй. Ирэх оны төсвийн төслийг анх өргөн барьсан хувилбараас илүү сайжруулсан байна. Гэрээ хийгээгүй байхад орлогыг тодорхойлох хэцүү ч Тавантолгойн гэрээг хийх нь тодорхой. Энэ талаас нь харвал хөрөнгө оруулалтын үүсвэр байгаа. Нөгөө талаас Монголбанкинд их хэмжээний хөрөнгө хуримтлагдсан. Гадаадаас өндөр хүүтэй зээл авч, их хэмжээний хүү төлөх үү, үүнээс бага хүүгээр төв банкны мөнгийг Засгийн газрын бонд хэлбэрээр авч, дотооддоо хөрөнгө оруулах уу гэдгийг ярих цаг болсон. Халаасандаа мөнгө хадгалчихаад хүнээс мөнгө зээлэх гэж үү.

“Зууны мэдээ” сонин №274

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж