
-Та сая уулзалтын өрөөнд хүүтэйгээ цөөн хором ч гэсэн уулзлаа. Биеийнх нь байдал ямар байна вэ?
Н.Мөнх-Оргилын ээж:
-Хүүгийн бие гайгүй байх шиг байна. Нэлээд туржээ. Хүү минь 80 кг жинтэй юм. Гэтэл одоо 60 гаруй кг л болсон юм шиг байна.
-Сэтгэл санаа нь ямар байна вэ?
-Гайгүй байна. Айхтар сэтгэлээр унасан харагдаагүй. Хэрэг хийгээгүй юм чинь гараад ирнэ л гэж байна. Үнэн юм нотлогдох байлгүй. Хэрэг тохох гэж нэлээд дарамттай байгаа гэж байна. Угаасаа хийгээгүй хэрэг юм чинь үнэн нь ялгагдах биз.
-Өмнө нь хотод гарсан бага насны хүүхэд хүчирхийлсэн өөр хоёр хэрэгт нэмж шалгасан. Хэрэг тохох гэж үүнийг хэлж байна уу. Манай хууль хяналтынхан чинь илрээгүй хэргээ хүмүүст тохох гэж их дарамталдаг гэдэг шүү дээ?
Н.Мөнх-Оргилын дүү:
-Хилс хэрэг тохох гэж их л дарамталсан юм шиг байна лээ. Дарамттай байна гэж байсан. Хаа байсан Хөвсгөлд байсан хүн яаж хотод тийм хэрэг хийгээд явж байх вэ дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ч гэсэн сенсаац тарих гэж зөндөө худлаа мэдээлэл тараасан. Ямар ч нотлогдсон зүйл байхгүй шүү дээ.
-Мөрдөн байцаалтын явцад дарамталж Н.Мөнх-Оргилыг дарамталж байна гэж ойлгож болох уу?
-Тийм байх аа. Ямар ч л байсан тийм дарамт шахалт байгаа.
-Нэмж шалгасан хоёр хэргийн талаар асуусан уу?
-Тэрийг ярихгүй байна лээ. Олон хүн нэг өрөөнд суусан болохоор тийм юм ярьж чадсангүй.
-Талийгаач охиныг багаас нь таньж, мэддэг гэж байсан. Нотлох баримт нь хэр хангалттай юм бол?
-Талийгаачийг таньж мэддэг гээд байх зүйлгүй. Сонин дээр тэгж бичсэн байсан. Бүр гэр орноор нь дандаа орж гардаг гэж байсан. Тэгж тааж бичиж болохгүй шүү дээ. Бид л талийгаач охины гэртэй хамар хашаанд амьдардаг болохоос манай ах хотод амьдардаг байж байгаад нүүж ирээд гэрээс холбайранд байдаг байсан. Бас талийгаач охинтой хамаатан садан шиг тийм харилцаатай гэж байсан. Манай ах танихгүй шүү дээ. Бид аав, ээжийг нь л мэдэхээс биш. Тэгж нэгнийхээрээ орж гараад байх хүмүүс биш. Зүгээр нэг бараа бараагаа л мэдэх хүмүүс шүү дээ. Тэр мэдээлэл шал худлаа. Ийм юм бичихдээ тэр хүнийг, түүний ар гэрийг нь бас бодож баймаар юм.
-Ах чинь ер нь ямар зан араншинтай хүн бэ?
-Миний ахыг хаанаас нь ч харсан тийм хэрэг хийх хүн гэж харахгүй. Ах маань ном зохиол их уншдаг. Илтгэх урлаг гэх мэт зүйлээр явдаг. Өөрөө л боловсрол олж авсан хүмүүжилтэй хүн. Ахын маань номын санд 300 орчим ном бий. Ном их цуглуулдаг. Архи, тамхи хэрэглэдэггүй. Эхнэр, охинтойгоо хамт амьдардаг. Өөрийн гэсэн тогтсон амьдралтай хүн. Амьдралгүй тийм хүн биш. Хотод байхдаа энд тэнд очиж янз бүрийн арга хэмжээ хөтөлдөг байсан. Хаана, хэнд ч нэр хүндтэй хүн.
Н.Мөнх-Оргилын ээж:
-Хүү минь нутаг усандаа ч нэртэй. Хүмүүст муу хэлүүлээд архи, дарс уугаад бузар булай балиар юм хийх хүн биш. Дандаа л том газруудаар явна уу гэхээс тэр хэрэг гарсан гээд байгаа зах энэ тэрийн ойр хавиар явдаггүй. Найз, нөхөд нутгийн ах дүүсээс асуувал хэн ч ийм хэрэг хийх хүн биш гэдгийг нь хэлнэ. Манай нутгийнхан “Хилс хэрэг гэдэг нь ойлгомжтой. Тийм хэрэг хийх хүн яавч биш” гэдгийг байнга хэлж байгаа.
-Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан уу та нар?
-Үгүй. Хүмүүс дандаа сөрөг мэдээлэл гаргаад буруутгаад байна. Хүмүүс сенсаац тарих гээд нийтлэл бичээд байна. Тэд чинь ардаа гэр бүлтэй хүн гэдгийг нь бодохгүй юм.
-Хэвлэлийнхэн ирсэнд Н.Мөнх-Оргил дургүй байсан уу. Үнэхээр хилс хэрэг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах байх. Тийм бодол байгаа болов уу?
Н.Мөнх-Оргилын дүү:
-Уг нь өөрөө хэвлэлд ярилцлага өгмөөр л байна гэж байсан. Даанч цагдаа нар нь өгүүлэхгүй байгаа гэсэн. Хэвлэл мэдээллийнхэн ирж байгаад дургүйцэхгүй байгаа. Үнэн мэдээллийг нь өгмөөр байна гэж байсан. Хэрвээ үнэхээр тийм хэрэг хийсэн бол энэ хүмүүсийг ирүүлэхгүй гээд л үзэх байсан байх. Миний төлөө гээд хэвлэлийнхэн ирж байгаа юм чинь, би яриа өгмөөр байна гэсэн. Хэрэг хийгээгүй нь үнэн болохоор цааргалж дургүйцээгүй ээ.
-Та нар Хөвсгөлөөс орж ирээд хэр удаж байна?
-Гурав хонож байна. Энд айлд байгаа.
-Шүүх хурал яагаад хойшилсон юм бэ?
-Өмгөөлөгч Р.Насанжаргал Дарханд давхар шүүх хуралтай байсан. Бас манай талаас Э.Ганбат гэдэг нэг өмгөөлөгчийг давхар авсан. Тэр хүнд хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа өгч байгаа юм. Шүүх хурал ирэх сарын 1 хүртэл хойшилсон. Биднийг ийн ярилцах зуур шүүгчдэгч Н.Мөнх-Оргилыг Чингэлтэй дүүргийн шүүхээс Ганцхудаг руу авч явахаар 13.00 цагт уулзалтын өрөөнөөс гаргасан юм. Энэ үед Н.Мөнх-Оргил “Та нар яваагүй юм уу. Биеэ сайн бодож байгаарай” гэж хэлээд хамгаалалтын цагдаа нараар хамгаалуулан гарч явлаа.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.