Тэргүүн хатагтай Асрамжийн газартай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай Асрамжийн газартай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарын Япон Улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна. Тэргүүн хатагтай Х.Болормаад зориулсан тусгай хөтөлбөр хүн амын, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэхэд Монгол, Японы хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэжээ. Тухайлбал Токио хотын “Сайсэйкай” нэгдсэн эмнэлэг болон “Шисэй гакүэн” хүүхдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

“Шисэй гакүэн” бол 1912 онд байгуулагдсан японы эртний асрамжын газруудын нэг аж. Энэ нь эцэг эрхийн эрхийг нь түдгэлзүүлсэн хүмүүсийн болон эцэг эхдээ хаягдсан , хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд орон гэр нь болсон газар юм. Хаягдсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх, эцэг эхтэйгээ хамт өсч байгаа багачуудтай  адил сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлэх, авьяас чадвары нь нээн хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх зэрэгт анхаарч ажилладгаараа энэ асрамжийн төв Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Болор” сантай ижил төстэй юм байна.

“Шисэй гакүэн” хүүхдийн асрамжийн газар нь Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас мөнгөн дэмжлэг авахын сацуу ард иргэдээс хандив тусламжаар санхүүждэг  байна.

Иргэд, ялангуяа оюутан залуус чөлөөт цагаараа, сайн дураараа, үнэ хөлсгүйгээр асрамжийн газарт ирж хүүхдүүдийн хүмүүжилд тусалдаг нь японы ард түмний онцлог гэж асрамжийн газрын удирдлага танилцуулж байв. Мөн энэ айлчлалын үеэр Тэргүүн хатагтай Шизүока мужийн хавдар судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Итгэл-Хавдаргүй Монгол” ТББ болон Шизүока мужийн хавдар судлалын хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Тэргүүн хатагтай Х.Болормаа хавдрын эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилготой “Итгэл” Хавдаргүй Монгол санг санаачлан байгуулж үйл ажиллагааг нь идэвхтэй удирдаж байгаа билээ.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж