Мал, машинаас хурдан гэдэгт Нямка сайд итгэдэг

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Мал, машинаас хурдан гэдэгт Нямка сайд итгэдэг

Ойрдоо гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа гэнэ. Цагдаагийн бай­гууллага ямар ч гэмт үйлдлийг урьдчилж мэдээд, ядаж л хүний утас булаагаад зугтсан нөхөрт ингэж бо­лохгүй шүү гэдгийг аль эрт урьдчилаад ухуулан таниулах үүргээ гүйцэтгэх ч завгүй болсон аж. Таслан зогсоох буюу бүх юм болсны дараа араас нь гүйж, харайх, муур хулгана болох нь хэрээс хэтрээд ийм боломж олгохгүй байгаа гэсэн үг. Тиймээс цагдаагийн дарга нар хүмүүсээ энэ тал руу нь илүү бэлтгэж байгаа сураг байна. Халаасандаа гараа хийчихээд эвгүй ха­рагдсан хүн бүрийн өмнө очоод сургааль айлдаад зогсч байлтай  ч биш. Буруутгах аргагүй. Гэтэл салбарын сайд нь хүчний бус үйлчилгээний байгууллага байх ёстой гэж  гөжүүдлээд байдаг. Нөхцөл байдал болохоор зугтаж яваа хулгайчийг шархдуулаад ч хамаагүй барих хэрэгтэй бол­дог. Харшилж байна. Гэх­дээ төрөөс цагдаа нараа анхаараагүй биш анхаарч бай­гаа. Ажлыг нь хөнгөвчлөөд эргүүлийн машин, бүр сүүлдээ мориор хүртэл хангалаа. Парк шинэчлэл хийсээр байгаад хэдэн зуун ч билээ машинтай, хөдөлгөөнт эргүүл гээчийг байгуулсан. Ингээд байхад л өгөр хувхайнуудын хулгай, аллагын цуврал тасардаггүй ээ. Сүүлдээ ч хөдөлгөөнтийнхөн маань бяраа барж буй гэнэ. Саяхан хотын нэг орлогч дарга тэднийхийг тэргүүний гэж ойлгоод ажилтай нь танилцах гээд баахан сурвалжлагч да­гуулаад очжээ. Тэгсэн өөдөөс нь бензин байхгүй, байдал хэцүүдлээ гэсээр угтсан байна. Урьд шөнө нь 16 машин хөдлөөгүй гэнэ. Хөдөлгөөнтэй л байх ёстой болохоор цагдаа нар нь шөнөжингөө явган, нүцгэн  харайлгажээ. Аль ч үүлдрийн гэлээ, биерхүү тоомсог унуулж цагдаа нараар эргүүл хийлгэж эхэллээ гээд зунжингаа рекламдаад байсны учир ийнхүү олдов. Нямка сайдын хэмнэлт шүтсэн гүйлгээ ухаан гэж лут шүү, нээрээ.  

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж