Их Британий хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард 3.2 хувиар өсчээ. Үүнээс болж Английн төв банкны тэргүүн Мервин Кинг энэ жилийн хувьд дөрөв дэх удаагаа Сангийн яамандаа тайлбар бичиг хүргүүлэхээс өөр аргагүй болсон юм. Шинжээчид Их Британий хэрэглээний үнийн индекс 3.1 хувьтай хэвээр гарна хэмээн тооцоолж байсан ч талаар боллоо. Тус улсын Үндэсний статистикийн хорооноос уржигдар гаргасан мэдэгдэлд дурьдсанаар шатахуун түлш, санхүүгийн үйлчилгээний үнэ, өртөг хамгийн их нэмэгджээ. М.Кингийн хувьд хэрэглээний үнийн индексийг 1-2 хувьтай байлгах зорилт тавьсан. Хэрэв үүндээ хүрч чадахгүй бол гурван сар тутамд тайлан балансаа танилцуулах ёстой аж.
Их Британий эдийн засгийн өсөлт ирэх онд ердөө 1.2 хувьтай гарна хэмээн зарим эдийн засагч тооцож байгаа. Гэхдээ хямрал бий болохыг үгүйсгэхгүй байгаа юм. “IOD”-ийн ахлах эдийн засагч Грайм Лич “Санхүүгийн томоохон хямрал саяхан болж өнгөрсөн. Одоо эдийн засгаа сэргээхийн тулд мөнгөний бодлогоо өөрчилж, шинэчилж байгаа зэрэг нь Их Британий эдийн засгийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөхийг нарийн тодорхойлоход хүндрэлтэй болгож байна” хэмээн дүгнэжээ.
Их Британий эвслийн Засгийн газар хэрэглээгээ багасгаж, төсвөө танан, татвараа өсгөх зэргээр шинэ мөнгөний бодлого хэрэгжүүлж эхлэхээр болсон. Английн төв банкнаас эдийн засгаа дэмжих зорилгоор энэ оны гуравдугаар улиралд 200 тэрбум фунт гаргасан. Энэ бүхний ачаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гуравдугаар улиралд 2.8 хувьтай гарсан билээ. Энэ нь сүүлийн гурван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэтэл энэ оны хоёрдугаар улиралд өсөлт нь 1.7 хувьтай байсан юм. Тиймээс Дэвид Камероны бодлого үр дүнгээ өгч эхлэв үү гэж дүгнэж болохоор. Ядаж л мөнгөний бодлогоо тэлэх тухай мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл нэмэгдсэн гэхэд болно. Гэхдээ ирэх онд ямар байх нь ойлгомжгүй байгаа юм.
“IOD”-ийн шинжээчдийн үзэж буйгаар одоогийн байдлаар англичуудын ажил эрхлэлтийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж. Гэхдээ 2011 оноос эхлэн нийгмийн халамжийн салбарт зарцуулах хөрөнгөө хумиад эхлэхээр дор хаяж 500 мянган ажлын байрыг цомхтголд оруулах юм.
Английн төв банк бодлогын хүүгээ доогуур түвшинд барьж байгаа. Цаашлаад зах зээлд нэмж хөрөнгө гаргах эсэхийг эцэслэн шийдээгүй байна. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан 600 тэрбум ам.доллараар Засгийн газрын бонд худалдаж авахаар болсон. Энэ нь олон улсад түүхий эд, хувьцааны үнийг хөөрөгдсөөр удлаа. Тиймээс эл асуудалд Их Британи нэлээд нухацтай хандах бололтой.
Энэ долоо хоногоос эхлээд төв банк нь жижиг компаниудыг дэмжих зорилгоор тэдний богино хугацаатай гаргасан үнэт цаасыг худалдан авахаар болжээ. Тус банкны албаны төлөөлөгч өнгөрсөн даваа гарагт энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Банкны хувьд өнгөрсөн оны зургадугаар сард жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоор шийдвэрлэсэн юм. Үүний ачаар компани болон банкууд өөрсдийн хөрөнгийг хамгаалахын тулд үнэт цаас гаргаж, арилжаалах эрхтэй болсон. Иймэрхүү байдлаар хувийн секторыг дэмжиж ажиллах, тэдний эрсдэл даах чадварыг дээшлүүлж чадна хэмээн Их Британий санхүүгийн зохицуулагчид төлөвлөж байна.
Хэдийгээр инфляцийн түвшинг гурван хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байгаа ч мөнгөний бодлогоо тэлж буй учир хүссэн ч, эс хүссэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх нь гарцаагүй гэдэгтэй эдийн засагчид санал нэгдэж байна. Их Британий эдийн засгийн өсөлт ирэх онд удааширч, бизнесийн таатай орчин сулрах болно гэдгийг ч онцолж байгаа.
Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн даваа гарагт эдийн засгийн нөхцөл байдлынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Тэрбээр өөрийн орныг хямралт байдлаас гарч байгаа гэдгийг онцлоод олон улсын тавцан дахь голлон тоглогчдын нэг хэвээр байх болно гэдгээ онцолсон юм.
Өнгөрсөн тавдугаар сард эвслийн Засгийн газрыг толгойлон гарч ирснээсээ хойш Д.Камерон улсынхаа төсвийн алдагдалтай эн тэргүүнд тэмцэх болсон. Тухайн үед банкны хямрал эцэслэх тийшээ хандаж байхад төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэж байв. Д.Камероны хийсэн хамгийн эхний алхам бол нийгмийн халамжийн салбар дахь зардлаа хумих байлаа. Үүнээс болж хагас сая төрийн албан хаагч ажилгүй болно гэдгийг дээр дурьдсан. Дотооддоо ийн тааруухан байгаа боловч Д.Камерон гадны орнуудад үзүүлэх зээл тусламжаа бууруулахгүйн дээр Афганистаны цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцохоо мэдэгдсэн. Эл бүхэнд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь нийт төсвийн нэлээд хувийг эзэлж байгаа юм.
Эдийн засгаа дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд Д.Камероны хийж буй бас нэг алхам нь гадаад худалдаагаа өргөтгөх явдал. Тэрбээр энэ сарын эхээр Хятадад айлчилсан. Энэ үеэр хоёр орны хооронд хийгдэх худалдааг 2015 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон билээ. Их Британиас Хятад руу гаргах экспортын хэмжээг 30 тэрбум ам.доллар болгох сонирхолтой байгаагаа Д.Камерон илэрхийлсэн. Тэрбээр өсөн нэмэгдэж буй зах зээлийг ашиглахыг зорьж байна. Өнгөрсөн оны байдлаар Их Британиас Хятад руу нийлүүлсэн экспорт 7.7 тэрбум фунт буюу 12.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин Хятадаас авсан импорт нь 25.4 фунт болжээ. Тиймээс худалдааны алдагдал асар их гарсан билээ. АНУ юань, ам.долларын харьцаанаас болж Хятадыг хурцаар шүүмжилж байсан нь саяхан. Тэр үед Европын холбоо, Герман, Бразиль тэргүүтэй олон орон АНУ-г дэмжиж байв. Харин Их Британий Засгийн газар үүн дээр өөрийн байр суурийг тодорхой илэрхийлээгүй билээ. Тус улс Хятадаас гадна Энэтхэг, Бразиль зэрэг БРИК-ийн орнуудыг сонирхож, тэдэнтэй хийх худалдаагаа өргөтгөхийг хичээж байгаа.
Т.ЭЛИСА
Улс төрийн тойм" сонин