Төсвийн зардал шат ахих тусам өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Төсвийн зардал шат ахих тусам өсч байна

Ирэх оны нэгдсэн төсвийн төсөл дөрвөн даваа давах ёстой. Одоогоор хоёр даваагаа дав­чихаад байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа ирэх оны төсвийн тухай болон Нийг­­мийн даатгал, Хүний хөг­­жил сангийн төсвийн ту­хай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хий­­лээ.  Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Сангийн сайд С.Баяр­­цогт болон төсвийн ерөн­хийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан юм. УИХ төсвийн төслийг Зас­гийн газарт буцаахдаа “То­дор­хойгүй орлогуудыг батал­гаа­жуулж, шаардлагагүй зард­­луудаа багасга” гэсэн үүрэг өгсөн. Тиймээс Засгийн га­зар том ордуудаас орж ир­нэ хэмээн төсөөлж байсан мө­рөөдлийн мөнгөнүүдээ хассан учир алдагдлын хэмжээ өс­сөн хэрэг. Одоо хэлэлцэж бай­гаа төслөөр төсвийн зар­лага орлогоосоо 670.7 тэр­бум төгрөгөөр давж, нийт ал­дагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувь­тай тэнцэхээр байгаа. Уг нь Зас­гийн газар төсвийн төслийг бу­цааж аваад захиргааны шинж­тэй зардлуудыг нэлээд багас­гасан юм билээ. Харин үүнд Р.Раш гишүүн нэлээд бу­химдаж байгаа бололтой. Тэр­бээр “УИХ-ын Тамгын газрын төсвийг бууруулчихаж. Там­гын газарт айлын шоовдор хүү­­хэд шиг хандаж байна” хэ­мээн гоморхож байв. Мөн УИХ-ын Тамгын газрын ерөн­хий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж 370 сая төгрөг тө­сөвт нэмж тусгаж өгөхийг хүс­сэн юм. Энэ мөнгийг УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хан­гах, техникийн шинэчлэл хийх, цаасгүй технологи нэвт­рүүлэх, Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн туслахуудад орон сууцны дэмжлэг үзүүлэх зэ­рэгт зарцуулах гэнэ. Түүний саналыг Ц.Батбаяр гишүүн дэмжиж “УИХ-ын гишүүд тө­рийн ажил хийхийн төлөө бус­даас юм гуйдагггүй бай­маар байна” хэмээсэн юм. Хэдийгээр УИХ-ын зарим гишүүн энэ мэт саналд шүүмж­лэлтэй хандаж байсан ч байн­гын хорооны гишүүдийн гарга­сан зарчмын зөрүүтэй томъёоллуудаар санал хураа­хад төсвийн зардал 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болов. Тодруулбал, Олон нийтийн радио, теле­визийн төсвийг 522 сая төг­­рөгөөр нэмэх, УИХ-ын Там­гын газарт техникийн ши­нэчлэл хийх, УИХ-ын ги­шүүд, Тамгын газар, на­мын бүлгийн ажилтнууд, гишүүдийн тусла­хуудын орон сууцны дэмжлэгт зориулан 378 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах санал олонхийн дэмжлэг авлаа.

Төсөв дөнгөж хоёр дахь да­ваа­гаа давахдаа л зардал нь ийн өслөө. Тэгэхээр яг бат­лах дээрээ тулахад айх­тар зузаарч мэднэ. Ер нь энэ оны төсөв урьд өмнө бай­гаагүй нүсэр төсөв болж байна. Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд УИХ-д анх өргөн барихад улсын нэгдсэн төсвийн орлого гурван их наяд 56.8 тэрбум, нийт зарлага гурван их наяд 250.7 тэрбум төгрөг байхаар байв. Харин алдагдлын хэмжээ харь­цангуй гайгүй буюу ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэж байсан юм. Гэтэл Засгийн газарт буцаасан биш, зарлага болоод алдагдлын хэмжээ хэт өсөөд буцаад ороод иржээ. Уг нь УИХ “Зардлаа тана, орлогоо тодорхой болго” гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн хэрнээ эсрэгээр ажиллаад байгаа нь ойлгомжгүй юм. Засгийн газар ч, УИХ ч ялгаа алга. Захиргааны зард­лыг танамаар байна гэж бүгд ярьдаг хэрнээ өөрсдөдөө л мөнгө нэмээд байдаг. Өнөөдөр УИХ, Засгийн газрын ажил­лах орчин нөхцөлийг хэн муу гэж голох юм бэ. Улсын ний­гэм, эдийн засгийн бай­дал тогтворжоод хүн бүр бо­ломжийн цалин, орлоготой бол­сон цагт төрийн түшээд тан­саглаж болох л байх. Ха­рин одоохондоо бол УИХ-д ха­ламж хараахан хэрэггүй л бо­лов уу. Үүнээс өөр яаралтай шийдэх ёстой эмзэг асуудал зөндөө олон бий шүү дээ. Том ордуудаас асар их хэмжээний мөнгө орж ирж, эдийн засагт үсрэлт гарна л гээд байгаа. Энэ онд эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа нь үнэн. Тод­руулбал, энэ оны эхний хагаст ДНБ таван хувиар өсч, оны эцэс гэхэд 7.5 хувийн өсөлттэй байх урьдчилсан гүйцэтгэлтэй байгааг Монголбанкны ерөн­хийлөгч хэлж байсан. Тэглээ гээд үүнд бардаж болох уу. Эдийн засагт өсөлт гарлаа ч иргэдийн амьжиргаанд бараг­тай бол нөлөөлөхгүй байгааг өнгөрсөн жилүүдийн түүх болон ядуурлын түвшин хэ­лээд өгнө. Яг үнэндээ төрийн ажил буруу эргээд байгааг бүгд л хүлээн зөвшөөрнө. Сон­гуулийн амлалтдаа бариг­даж ирэх жил иргэдийн гар дээр нийт 805.2 тэрбум төг­рөг бэлнээр тараахаар болсон. Үүнийгээ тэд төр иргэдээ харж үзэж байгаа мэтээр ойл­гуулж, тайлбарлаж байгаа. Гэвч бэлнээр тараах энэ их мөн­гө сайнаасаа илүү саарыг да­гуулах нь тодорхой. Дээр нь төсвийн алдагдал 8.6 хувьд хүр­сэн, цаашид ч нэмэгдэх ма­гадлалтай байгаа болохоор инфляцийн дарамт ирэх онд иргэдэд хүнд цохилт болно. Бэлэн мөнгө тараах тусам өр­гөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүн, үйлчилгээний үнэ хяналт­гүй өсдгийг өнгөрсөн хуга­цаанд бид хангалттай хар­сан. Гэтэл энэ алдаагаа ирэх онд дахиад л давтах нь. Төсвийн орлого олигтой нэмэг­дэхгүй хэрнээ зарлага нь замбараагаа алдлаа.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж