Ц.Шинэбаяр: МАХН-аа аврах нь бидний гол зорилго

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр: МАХН-аа аврах нь бидний гол зорилго

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр на­мынхаа XXVI их хурлаас өмнө нэрээ өөрчлөх нь буруу хэмээн хэд, хэдэн хэ­лэлцүүлэг зохион байгуулсан. Түүний үгийг зөв гэх нэгэн байхад “Жингийн цуваа явж л байдаг, замын нохой ху­цаж л байдаг” гэж харах хүмүүс на­мын удирдлагуудаас нь аваад олон байсан. Тэд Ардын нам хэмээх нэ­рийг хэдий эсэргүүцсэн ч намын удирд­лагын зохион байгуулалт, их хур­лын 801 төлөөлөгчийн гар өргөл­тийн хүчинд аргагүй дарагдсан юм. Их хурлын дараахан Ардын на­мыг эсэргүүцэгч, МАХН-даа хайр­тай гишүүд, дэмжигчид дуу хоо­лой­гоо нэгтгэн үйл ажиллагаагаа эрчим­жүү­лэхээр шийджээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, шинжлэх ухааны док­тор Н.Удвал, доктор, профессор С.Мо­лор-Эрдэнэ нараар ахлуулсан МАХН-ын түр штаб байгуулж бай­гаагаа албан ёсоор өчигдөр зарлалаа. Тэд их хурлаас хойшхи улс төрийн нөх­цөл байдал болон МАХН-ын түр штаб байгуулж байгаатай хол­бог­дуулан мэдэгдэл гаргаж байгаа аж. Уг мэдэгдэлдээ “Олон удаа хэрэг­лэж сэвтсэн Ардын нам гэсэн нэрийг зориуд зүүн, XX зуунд хөгжлийн замд аваачсан МАХН-ын түүхэн үүр­гийг бүдгэрүүлж байна. МАХН гэдэг нэрийг устгах гэсэн улс төрийн увайгүй үйл ажиллагаа явуулж бай­гааг эсэргүүцэж байна. МАХН-ыг устгах ямар ч боломжгүй. Устах ч ёсгүй. Харин хэсэг хүн нийлэн Ардын нам болж болно” хэмээжээ. МАХН-ын түр штаб байгуулж бай­гаад хөдөө орон нутгаас намын жи­рийн гишүүд, дэмжигчид нь санал сэтгэгдлээ ирүүлж байгаа аж. Мөн түр штабынхнаас МАХН-аа аварч үлдэхийг хичээнгүйлэн гуйж бай­гаа гэв. Тэдний туйлын зорилго нь МАХН-аа аварч, Монголын улс тө­рийн тавцанд буцааж авчрахад ор­шиж буй гэнэ. Тэд МАХН-ын ги­шүүд, дэмжигчдийг бүртгэж эхэл­сэн бөгөөд цаашлаад Онц их хур­лыг зарлан хуралдуулахын төлөө одоо­ноос бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа гэлээ. Намын даргаар Н.Энхбаярыг сонгох эсэх талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас асуухад “Би тэр хүний өмнөөс хэлэх зүйл байхгүй” гэ­сэн хариулт өгсөн юм. Энэхүү түр штабыг зохион байгуулж байгаа зохицуулагчдын үгийг сонслоо.

УИХ-ын гишүүн, МАХН-ын түр штабын улс төрийн зохицуулагч Ц.Шинэбаяр:

-Би МАХН-ын гишүүн хэвээрээ бай­гаа. МАХН-ын нэрэн дор хэвээ­рээ байх хүсэлтэй олон гишүүн, дэм­жиг­чид бий. Үүний нэг нь л би. Эх­лээд МАХН нэрийг хэвээр үлдээхэд санал нэгдэж байгаа гишүүдээ бүрт­гээд дараа нь ямар гарц, шийдэл бай­гааг ярилцана. Шинэчлэлээс айж, хуу­чинтайгаа зууралдах хүсэлтэй хүн энд байхгүй. Өнгөрсөн их хур­лаар XXV их хурлын биелэлтийг яагаад ярьсангүй вэ гэдэг асуудлыг хү­мүүс их хэлж байна. Их хурлаар л гэхэд нам дамжсан улс төрийн бү­лэглэлүүдийг намын дарга дэмж­сэн шийдвэр гаргасан. Ийм байж болохгүй. Манай тойргийн сонгог­чид хүртэл надад хэлж байна. Та МАХН-аас нэр дэвшсэн. Бид ч сана­лаа өгсөн. Тиймээс энэ намдаа хэ­вээр байх хэрэгтэй гэж байгаа. На­мын өөрчлөлтийн талаар би эрс эсэр­гүүцэж байсан. МАХН-аа ав­рах нь бидний гол зорилго. УИХ-ын ги­шүүдийн хувьд надтай ижил бо­дол­той байх эсэх нь тэдний итгэл үнэмшлийн л асуудал. Би гишүүдэд са­нал тавьсан зүйл байхгүй. Гишүүд ч надтай уулзаагүй.

МАХН-ын түр штабын Олон нийт хариуцсан зохицуулагч Н.Удвал:

-Түр штаб байгуулж байгаатай хол­богдуулан орон даяар санал авах утас ажиллуулсан. Одоогийн байд­лаар нийслэлийн бүх дүүргээс 150 гаруй гишүүн саналаа ирүүлээд байгаа. Нийт 3000 орчим гишүүн, дэмжигчид бидэнд хандсан байгаа. Санал өгсөн гишүүдийн хэлж бай­гаа­гаар “Өнгөрсөн их хурлаар ха­риуц­лагын тухай ямар ч асуудал ярьсангүй. Ардын нам гэдэг нэрийг авснаар иргэдийн дунд нэр хүндээ алдаж байна. Ардын нам гэчихээд нэг ч ард алга. Үүнийг их хурал болон Бага хурлын гишүүдээс харж бол­но. Намын шинэ байранд мөнгө хан­дивласнаас танай түр штабыг дэмжсэн нь дээр. Эцсийн найдвар та бүхэн шүү” гэж бидэнд итгэл үзүүлж байгаа.

МАХН-ын түр штабын Хөгж­лийн бодлогын зохицуулагч С.Мо­лор-Эрдэнэ:

-Монголд улс төр гэдэг зүйл өнөө­дөр устсан. Улс төр өөрөө итгэл үнэм­шил дээр тогтдог. МАХН гэдэг чинь Монгол орныг 80 жил авч явсан маш том нам. Тэр чигээрээ түүх. Ийм байж энэ нам гадаадын олигархиудын гар хөл болж жижгэрэх хэрэггүй. Томоохон улс төрийн хүчнийг эргээд байранд нь авчрахгүй бол Монгол улс төргүй болох нь. Тиймээс энэ намыг буцааж авчрах шаардлага бидэнд бий. Ардын намын 801 хүн өөр нам болоод галт тэргэндээ суугаад явчих­сан. Тэд Ардын нам байгуулах хүсэл­дээ хүрсэн. Дээд шүүх яагаад зөв­шөөрснийг нь шалгах ч хэрэгтэй байх. Онц их хурлаараа бид намын дарга, Удирдах зөвлөлөө сонгоно. Үнэхээр анхны Ардын намыг сэргээсэн юм уу эсвэл Г.Баасан ламын намд дагаар ороод байгаа юм уу. Ойлгомжгүй, то­дорхойгүй байгаад байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж