Д.Сугарын сунгасан гар “Биокомбинат”-ыг доргиулав

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Д.Сугарын сунгасан гар “Биокомбинат”-ыг доргиулав

“Гарьд магнай” кинон дээр Равсал панз “Равсал панзын сунгасан гар хаа хүрдгийг хараарай, чи” гэж ирээд л ханхалздаг. Тэгвэл энэхүү киноны Равсал панзын  дүр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хийж буй үйлдэл, гаргаж байгаа авирт даанч нэг тохирч байна гэж “Биокомбинат” хавиар шуугих болж. Д.Сугар даргын сунгасан гар хаа хүрдгийг сүүлийн үеийн үйл явдлаас харж болохоор байна. “Биокомбинат” төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дарга Д.Насанжаргал албан тушаалаа урвуулан ашигласны улмаас Авлигатай тэмцэх газарт шалгагдах болсон. Сайд асан олны хэл амнаас болгоомжилсон уу ямартай ч тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн  өргөдлөө Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн нь үнэн аж. Ийнхүү өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргасан “Биокомбинат”-ын даргын суудлын төлөөх “дайн” дэгдэж, олны анхаарлыг татах боллоо.

Д.Насанжаргал захирлын оронд Б.Баттогтох гэдэг эрхэм гэнэт тодрон, “Биокомбинат”-ын захирлын тамга тэмдгийг авах болоход  төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчид Түр хороо байгуулан шинэ захирлыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар бол манайдаа л томоохонд тооцогдох стратегийн чухал үйлдвэр. Тиймээс тус байгууллагын захирлын суудлын төлөө нутаг нугийнхнаараа хүчтэй лоббидуулсан Б.Баттогтох “ар нь түүз” гэсээр дайралтад ханцуй шамлан ороод байгаа. Тэгвэл Б.Баттогтох гэж хэн бэ. Тэрбээр Өвөрхангай аймгийн уугуул, нийслэлийн суугуул иргэн. Бүр тодруулбал, ХААИС-ийн ректор, доктор профессор Б.Бямбаагийн дүү, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаярын ах гэвэл өв­рийн хангайнхан манай нутгийн “унага” байна гэж мэднэ. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар бол Өвөрхангай “угшилтай”, тэндээс УИХ-д сонгогдож байсан. Нутгархаг үзэл газар авсан өнөө үед энэ зэргийн жалга, довны үзэл бага хэрэг гэж болох ч үүний цаана ашиг сонирхлын том зөрчил явагдаж байгаа аж.

Одоогоос хэдэн жилийн өмнө ШУА-ийн харьяа Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Бямбаа төрийн өмчит ХААИС-ийн захирлаар томилогдон ир­сэн. Түүнийг энэ суудалд хүр­гэсэн хүн нь нутгийн дүү Тө­рийн өмчийн хорооны дар­га Д.Сугар. Энэ хоёр эрхэм 2004 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангайд өрсөлдөхөөр уяа, сойлгоо тааруулж байсан. Өвөрхангай аймаг УИХ-ын дөрвөн мандаттай. Тэнд МАХН-ын мэргэшсэн парламентчаас эхлээд шинэ залуу боловсон хүчнүүд нь нэр дэвшихээр яригдаж, улмаар зарим нэг нь 2003 оны намраас ажилдаа орж байсан юм. Энэ үед Д.Сугар, Б.Бямбаа хоёр нутгийн ах, дүү нарын хувьд нууцхан тохироо хийж нэг нь нэрээ татжээ. Ингээд Д.Сугар дарга төр төлөөлөх болсон ч шүүхийн шийдвэрээр З.Энхболд гишүүнд тахимаа өгсөн. Тун удалгүй “Сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр Төрийн өмчийн хорооны даргын зөөлөн сэнтийд залраад авсан. Ингээд нэг их удалгүй нутгийн ахдаа “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж хэлээд Б.Бямбааг ХААИС-ийн ректор болгосон түүхтэй. Б.Бямбаа ректор ХААИС-д ирэх хүртлээ эрдмийн мөр хөөхийн зэрэгцээ малын эм, тарилга, вакциныг дотооддоо хийдэг хувийн үйлдвэртэй  байсан. Малчдын хамгийн сайн мэдэх “Ивомек” гэдэг эрэлт хэрэгцээтэй тариаг хийж мал сүргийг хамуу, хачигнаас нь салгахад багагүй үүрэг гүйцэтгэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байлаа. Ямар сайндаа л Б.Бямбаа захирал УИХ-д нэр дэвшинэ гэж байхдаа нутгийнхаа малчдад “Ивомек” тариаг тонн тонноор нь үнэгүй тарааж байсан удаатай. Тун удалгүй  Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын татаасаар ХААИС-ийн захирал болсон Б.Бямбаа хувийн үйлдвэрээ төрсөн дүү Баттогтохдоо  шилжүүлжээ. Шилжүүлсэн ч гэж дээ нэр нь Баттогтохынх боловч нидэр дээрээ Бямбаагийн өмч гэдгийг Монголын малын эмч нар мэднэ. Сүүлийн үед нутгийн  ах дүү хоёрын ажлын уялдаа холбоо хүрээгээ тэлж, эгнээгээ өргөжүүлсэн. Үүний илрэл нь зарим нэг арга мэхтэй хүмүүсийн арааны шүлсийг асгаруулдаг  “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын суудлыг авах явдал байв. Ингээд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, ХААИС-ийн ректор Б.Бямбаа нарын хуйвалдаанаар дээрх үйлдвэрийн газрын захирлын суудалд Б.Бямбаагийн төрсөн дүү Баттогтох “томилогдсон” байна.

Эндээс л нийслэлээс зайдуухан, олны нэрлэдгээр  “Био” хэмээх газар өрнөөд байгаа албан тушаалын төлөөх “дайн” эхэлсэн. Б.Баттогтохоор дамжуулан “Биокомбинат”-ыг өөрийн мэдэлдээ авах гэсэн Б.Бямбаа захирлын арга тун нарийн. Ирэх жилээс эх­лэн Европын холбооны санхүүжилтээр “Биокомбинат” ТӨУҮГ-т 25 сая ам.долларын өр­­төгтэй томоохон төсөл хэ­рэгжих гэж байгаа. Эх сурвалжийн өгүүлснээр энэхүү төслийг гартаа оруулахын тулд Б.Бямбаа, Д.Сугар тэргүүтнүүд эртнээс зүтгэсэн бололтой. “Биокомбинат”-ын ажилчдын хэлснээр Б.Баттогтох энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболдод “25 сая ам.долларын дөрвөн саяыг нь надад өгчих. Би төсөл хэрэгжүүлмээр байна” гэж захидал бичсэн гэдэг. Ерөнхий сайд ч юунд хариу өгөв гэж. Ингээд бүтэхгүй болохоор нь дээрх үйлдвэрийн газар хэрэгжих гэж байгаа төслийн баримт бичиг, тэнд хийж байгаа зарим нэг эм, тарилга, вакцины тухай мэдээллийг хулгайлуулсныг үйлдвэрийн ажилчид ам уралдан өгүүлж байхав. Өөрөөр хэлбэл, Б.Бямбаа тэргүүтнүүд хувийн үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүйгээр үл барам, ёс зүйгүй үйлдэл гаргаж,  Төрийн өмчийн хороог Д.Сугар даргатай нь цуг худалдаад авчихсан бололтой.

Саяхнаас олны хэл амнаас жаал жийрхсэн үү, дээд дарга нараасаа банга хүртсэн үү  Д.Сугар дарга шийдвэр гаргаж, Б.Баттогтохын оронд түр хугацаатай захирал томилсон аж. Д.Сугар даргын сунгасан гар Равсал панзынхаас ч хол хүрдэг ч түүний гаргасан шийдвэр нэг хэсэгтээ л “дайн” өдүүлсэн нь энэ. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн захирал солигдоход хүрвэл сонгон шалгаруулалт явуулах тухай хууль, тогтоомж байсаар атал Д.Сугар даргын бодлогоор нутгийнхнаа томилсоор байвал тун удалгүй төрийн өмч хувийн хэвшилтэй “цус холилдон” үгүй болж мэдэх нь ээ.      
    
М.ГЭРЭЛ.

Зохиогчийн эрх:
“Нийгмийн толь” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж