Усан сан нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Усан сан нэгээр нэмэгдлээ

Арвайхээр сумын VI багийн урдхан хэсэгт  шинээр баригдсан гэр хороолол бий. Ундны усаа холоос зөөдөгөөс болж дуслыг ч унагахаас айдаг байсан айл өрхүүд хаяандаа худагтай болж магнай нь тэнийлээ.

“Мөнгөн ундрага” хэмээн сайн дурын иргэдийн бүлгээс  “Хүний эрх, хөгжил төв”-тэй хамтран уг усан санг барьсан бөгөөд АССА төслөөс 3000 ам.доллар, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газраас 150 ам. доллар, тус бүлгээс 160 ам. долларын санхүүжилт хийсэн байна.

Уг худаг 5.6 тонн ус хүлээн авах хүчин чадалтай ба эхний ээлжинд таван тонн усыг 6000 төгрөгөөр авч иргэдийн хэрэгцээг хангах юм. Нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал 15000 тонн усны мөнгийг хандивлаж,  хорооны иргэд ч “Мөнгөн ундрага” бүлэгт хандив өргөж байв.

Өвөрхангай аймгийн төвд мөнгөн хуримтлалын арваад бүлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс ирүүлсэн дөрвөн төслийн аймгийн Засаг даргын тамгын газар дэмжиж, хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Цаашид Арвайхээр сумын VIII, IX багт хүүхдийн тоглоомын талбай барих, орчноо тохижуулах, тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдэх зэргээр хамтарч ажиллах гэнэ.
Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж