
Дэлхийн таван удаагийн аварга Бразил, дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ багууд Катарын Доха хотноо нөхөрсөг гэсэн нэрийн дор туллаа. Хоёр багийн шинэ дасгалжуулагчдын аль алиных нь хувьд анхны том шалгалт байсан учраас гарааны бүрэлдэхүүнд одод чуулсан байна. Өмнөх нөхөрсөг тоглолтдоо Японы багт хожигдсон аргентинчууд энэ удаад боломжоо эцсийн мөчид ашиглаж, шүүгчийн эцсийн шүгэл дуугарахын өмнөхөн Месси хожлын гоолыг оруулж, аргентинчууд 1:0 харьцаатай ялсан байна.
Британийн нийслэл Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд дэлхийн аваргуудын бас нэг тулаан өрнөсөн. Талбайн эзэн Английн баг, Францын “Гурван өнгөтнүүд”-ийг талбайдаа хүлээн авсан юм. 12 жилийн өмнө Уэмбли цэнгэлдэхдээ Францад хожигдож байсан Англичууд шинэ залуучуудыг талбайдаа гаргасан ч амжилт олсонгүй. Зочид Бензема, Вальбуэна нарын ачаар 2:0-ээр тоглолтыг хошуучилсан бөгөөд цаг дуусч байхад сэлгээгээр орж ирсэн Питер Крауч нэр төрийн гоолыг оруулснаар 2:1 харьцаатай Францын залуу бүрэлдэхүүн ялалттай нутаг буцсан байна.
Португалийн Лисбон хотноо дэлхийн аварга Испанийн баг зочилсон. Хоёр баг Өмнөд Африкт таарахад “Ялагдашгүй Армада” 1:0-ээр хожиж байсан бол энэ удаад Португалийн баг 4:0-ийн харьцаатай хожиж, фенүүдээ баярлуулжээ. Карлуш Мартинш, Элдер Поштига, Уго Алмейда нарын оруулсан гоолын ачаар Португальчууд ялсан байна.
Манай хойд хөрш ОХУ-ын тухайд талбайдаа Бельгийн багийг хүлээж авсан ч Ромелу Лукаку хэмээх 19 настай залуу довтлогчийн хоёр гоолын дүнд 2:0-ээр талбайдаа ялагдал хүлээжээ.
Score Studio