Шатахууны зардлыг багцдаа суулгахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Шатахууны зардлыг багцдаа суулгахыг хүсэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж,  Монгол Улсын  2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд  нарын  2011 оны төсвийн багцад тусгагдсан төсвийн талаар авч хэлэлцэв.

            2011 оны төсвийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад нийт зардалд 649,6 тэрбум төгрөг төлөвлөснөөс урсгал зардалд 557,6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 84,1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 7.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.  Мөн тус салбарт зарцуулагдах хөрөнгө оруулалтын хөрөнгийн зардалд нийт 72,4 тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгөөс, 11,2 тэрбум төгрөгийг хөрөнгийн шилжүүлгээр, 0,5 тэрбум төгрөгийг гадаад зээлээр тус тус санхүүжүүлэхээр тооцсон байна.

            Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцын нийт зардалд 398,3 тэрбум төгрөг төлөвлөсөний урсгал зардалд 381,9 тэрбум төгрөгийг, хөрөнгийн зардалд 9,4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 7,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгасан аж. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын багцын нийт зардалд 296,2 тэрбум төгрөг төлөвлөснөөс урсгал зардалд 244,5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 51,7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төсөвлөжээ.

            Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Очирбат яаралтай түргэн тусламжид нисдэг тэрэг ашиглаж болдоггүй юм уу. Батлан хамгаалах яамны мэдэлд байдаг нисдэг тэргийг ашиглах арга тал байдаг уу гэдгийг С.Ламбаагаас тодрууллаа. Тэрбээр “Сайд болсноосоо хойш би нисдэг тэрэгтэй болох тухай асуудлыг байнга тавьж ирсэн. Уг нь Эрүүл мэндийн яам нисдэг тэрэгтэй болчихвол алсын дуудлагад эмч нарыг явуулаад байх бололцоотой. Гэвч төсөв хөрөнгөөсөө шалтгаалаад өнөөг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй. Ер нь бол эмнэлгийн зориулалттай нисдэг тэрэг Батлан хамгаалах салбарт ашиглагддаг нисдэг тэрэгнээс үнийн хувьд хамаагүй хямд. Одоогоор бол хувь хүн өөрсдөө санал тавиад Батлан хамгаалах яамны мэдлийн нисдэг тэргийг холын дуудлагад авч явдаг. Улаанбаатар хотоос-Архангай аймаг руу нисээд ирэхэд шатахууны зардал нь 12 сая төгрөг байдаг. Боломж бололцоогоо ашиглаад Эрүүл мэндийн сайдын багцад нисдэг тэрэгний шатахууны зардлыг суулгаад өгчихвөл ирэх оны төвшинд яаралтай алсын дуудлагад Батлан хамгаалах яамны нисдэг тэргийг ашиглах бололцоотой. 2011 оны сайдын багцад энэ талын зардал суугаагүй” гэсэн тайлбар хийллээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт тусгасан 442,6 тэрбум төгрөгийг ашигт малтмалын ордын урьдчилгаа төлбөрөөс санхүүжүүлнэ хэмээн тооцсоныг хурцаар шүүмжиллээ. Тэрбээр, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй зарлага дээр яахаараа хөрөнгө төсөвлөдөг юм бэ. Төсвийн орлого, зарлага тов тодорхой байх ёстой. Ямар ч эх үүсвэргүй зардал төсөвт суулгаад иргэдэд мөнгө өгнө гээд байж болохгүй. Энэ чинь төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Сангийн яамныхан энэ мөнгийг “Эрдэнэс МГЛ”  компаниас орж ирнэ гээд сууж байна. Компаниас орж ирэх орлогын төлөвлөгөө батлагдаж, ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан юм бэ. Миний асуусан асуултад Сангийн яамныхан тодорхой хариулт өгч чадсангүй. Хэрвээ энэ асуултад хариулт өгч чадахгүй юм бол энэ оруулж ирсэн төсвөө буцааж авах хэрэгтэй гэлээ.  Хуралдааны төгсгөлд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураагаад, улмаар энэхүү хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж