Бодлогын хүүг нэмэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг нэмэх шаардлагагүй

Махны үнийг буулгачихвал бодлогын хүүг нэмэх шаардлагагүй

Өнөөдрийн байдлаар инфляци 11.3 хувьтай байна. Үүний таван хувь нь махны үнийн өсөлтөөс шалтгаалж байгааг статистикийн мэдээлэлд дурджээ. Инфляцийг цаламдахын тулд бодлогын хүүгээ хэвээр хадгалсаар байгаа, цаашид ч төсвийн тэлэлттэй холбогдуулан хүүгээ нэмэхээ сануулж буй Монголбанк түр азнана уу.   Бодлогын хүүгээ нэмж, үр дагаварт нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг боомилохгүйгээр инфляцийг тогтоох өөр арга бас байгаа юм биш үү? Юу гэхээр хэрэв махны үнэ өсөөгүй байсан гэж үзвэл инфляци 6,6 хувьд байхаар байна. Энэ бол Монголбанкны “инфляцийг найман хувиас бага байлгана” гэсэн зорилтот төвшинг хангаж чадах хэмжээ гэсэн үг.

Дөч гаруй сая толгой малтай, хоёр сая гаруй хүн амтай, хөдөө аж ахуй нь эдийн засгийнхаа суурь болсон Монгол шиг оронд махны үнийг буулгах боломж байхгүй гэвэл харалган хэрэг.

Махны өндөр үнийг малчид өөрсдөө тогтоож, өнөөдрийн хөөрөгдлийг бий болгоод байна уу гэвэл бас үгүй. Өөрөөр хэлбэл, махны үнэ өсөхийн хэрээр ашиг нь ядарсан малчдын халаас руу ордоггүйд учир бий. Махыг малчдын гар дээрээс авч нийслэл, сууринд нийлүүлж байгаа ченжүүд кг тутмын үнийг нь ойролцоогоор тав дахин өсгөж байгаа бөгөөд үүнд тээвэрлэлтийн зардлаас гадна шат шатны хяналтад өгдөг авлигын зардал шингэдэг байна. Хяналт тавих үүрэгтэй мал эмнэлгийн, хүн эмнэлгийн гээд шат шатанд давхардсан олон агентлаг нийлж байгаад махны үнийг өсгөх замаар өөрсдийн хууль бус орлогоо нэмдэг гэх. Тэдний “шуналын” үр дүнд махны үнэ өнөөдөр 5000 төгрөгт хүрсэн. Дахиад арван мянгад хүргэвэл хууль бус орлого нь хоёр дахин нэмэгдэнэ. Малчдын гар дээр 40 сая толгой мал байхад махыг нь зарж чадахгүй байгаагийн шалтгаан дээрх эрх мэдэл бүхий  хяналт, шалгалтынхны өгдөг зөвшөөрлөөс болж байгаа хэрэг аж. Үүний хөлд хэрэглэгчид, бүр явсаар эдийн засаг чирэгдээд эхэллээ.

Инфляцийн бараг тавин хувийг бий болгож байгаа махны үнийг буулгах замаар нэг оронтой тоо руу авчрах гарц харагдаад байх атал заавал Монголбанк бодлогын хүүгээ нэмэх тухай л яриад байх аж. Бодлогын хүүг нэмэх нь инфляцийг барих нөлөөтэй ч сүүдэрт нь бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчид хэлмэгдэж, эргээд барааны хомсдол, мөнгөний илүүдлийг үүсгэх урхагтай юм. Инфляци гэдэг нь мөнгөний илүүдэл, барааны хомсдол буюу эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдахад үүсдэг үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь 500 төгрөгөөр авч байсан бараа, бүтээгдэхүүнээ 1000 төгрөгөөр авдаг болно гэсэн үг. Тэгвэл зах зээл дээр дээрх бэлэн мөнгөний илүүдэл буюу инфляцийг шингээхийн тулд барааны нийлүүлэлтийг нэмэх ёстой аж. Үүний тулд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэх ёстой. Харин яаж? Монголын нөхцөлд үйлдвэрлэгчид ихэвчлэн зээлээр бизнесээ томруулдаг. Хуримтлал гэхээс илүү банкны зээл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа өргөтгөдөг үндэсний үйлдвэрлэгчдэд Төвбанкны бодлогын хүү өсөх нь тэдний авч буй зээлийн хүүг өсгөх аюултай юм. Учир нь арилжааны банкууд бизнесийн зээл гадагш нь гаргаснаас Монголбанкинд өндөр хүүтэйгээ хадгалуулсан нь илүү ашигтай гэж үзнэ. Энэ хэрээр банкуудын зээлийн эх үүсвэр багасч, зээлийн хүү нь нэмэгдэнэ. Ийм гинжин холбоо Монголын эдийн засгийг царцааж, эргээд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, мөнгөний илүүдлийг улам бүр өдөөнө.
Тэгэхээр Монголбанк өнөөдөр 11 хувьтай байгаа бодлогын хүүгээ инфляцийг хазаарлах зорилгоор дахиад ч бас өсгөх нь зөв үү?

Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байгаа энэ үед Монголбанк төсвийн зардал, зарлага тооцоолсноос нэмэгдэж батлагдах тохиолдолд инфляцийг нэг оронтой тоонд барихын тулд бодлогын хүүгээ цаашид нэмнэ гэсэн сануулга өгч, мөнгөний бодлогодоо ч үүнийгээ тусгаад байгаа юм. Эрх баригчид ирэх оноос сар бүр иргэдэд 21 мянган төгрөгийг өгч эхэлнэ. Энэ нь зах зээл дээрх бэлэн мөнгөний нийлүүлтийг нэмж, улмаар инфляцийг хөөрөгдөнө гэдгээс айх нь зөв ч бодлогын хүүг нэмэх нь түүнээс сэргийлэх ганц арга биш байх нь.

З.Боргилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж