Д.Зоригт: 1782 лицензийг цуцална

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: 1782 лицензийг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр гол ус, ойн сав газарт лиценз эзэмшин олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Эрдэс баялаг,  эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах асуултад хариулт авлаа. 

-УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэчнээн лицензийг хүчингүй болгосон бэ?

-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр УИХ-аар баталсан зарим хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тогтоолын төсөл баталлаа. Өнгөрсөн жил Гол усны сав газар болон ойн сав бүхий газруудад олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай хуулийг баталсан. Энэ оны найман сарын дундуур хуулинд хамрагдах газруудын кординатыг эцсийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан. Тухайн бүсэд лиценз эзэмшиж буй компаниудын судалгаа, холбогдох нөхөн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Сангийн яамтай ярилцсан. Улсын хэмжээнд 4000 гаруй лиценз байгаагийн 1782 лиценз бүхэлдээ буюу давхацсан байдлаар цуцлагдана. Засгийн газрын шийдвэрээр эхний ээлжинд алтны шороон ордтой холбоотой 254 лицензийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргалаа. Ингэснээр алтны шороонд ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоно гэж ойлгож болно. Дээрх аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

-Лицензээ цуцлуулсан компаниудын нөхөн олговрыг хэрхэн барагдуулах юм?

-Тухайн лиценз эзэмшигчдийн татварт тушаасан мөнгө, гаргасан зардал, олсон орлого мөн байгаль орчны нөхөн сэргээлт хэрхэн хийсэн зэргийг харгалзаж үзэж,  компани тус бүртэй зөвшилцсөний дараа нөхөн олговрыг олгоно.

-Аль газарт хамгийн их лиценз цуцалж байгаа вэ,  хамгийн том ордуудаас нэрлэвэл?

-Сэлэнгэ, Булган, Төв, Өвөрхангай, Дархан, Архангай, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын лиценз цуцлагдаж байна. Хамгийн том орд гэвэл Сэлэнгэ аймгийн Баянгол, Төмөртийн голын орд, Гацууртын Нарантолгой ордууд байна. Эдгээр цуцлагдсан ордууд дотор монголын цагаан тугалганы нөөцийн 74 хувь, төмрийн нийт нөөцийн 20 гаруй хувь, алтны 24 хувийн нөөцүүд байсан.

-Компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ч ингээд зогсоочихдог юм байж, “нинжа” нарыг яах вэ. Тэдэнд хэрхэн хариуцлага хэрхэн тооцох вэ?

-Гар аргаар алт олборлож байгаа хүмүүс өнөөдрийн байдлаар хууль бусаар олборлолт явуулж байгаа.  Сая ашигт малтмалын тухай хуулинд холбогдох нэмэлт өөрчлөлтүүд орж сум орон нутагтайгаа зөвшилцөөд тодорхой газарт нөхөрлөл ажиллаж болохоор болсон. Энэ тохиолдолд гар аргаар алт олборлогчид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой. Хуулийн хүрээнд бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдсэн. Журам нь Засгийн газарт хүргэгдсэн. Удахгүй батлагдана. Сум бүр өөрийнхөө нутаг дэвсгэр дээр хаана бичил уурхай эрхлэх боломжтой гэдгээ тодорхойлоод аль нөхөрлөлийг оруулахаа мөн өөрсдөө шийдэх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж