
Үүнтэй холбогдуулан аймгийн төвийн усан хангамжийг ариутгадаг төхөөрөмжийг засварлах, ариутгал, халдваргүйтгэлийн бодис авах зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх боллоо.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын сургууль, цэцэрлэгүүд болон бусад аймагт өвчлөл их гарч байгаа учир холбогдох арга хэмжээг яаралтай авахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав.
Вируст гепапит А өвчин Улаанбаатар хот, Хэнтий, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт голомтлон гарч байна. Он гарсаар Улаанбаатар хотод гэхэд л энэ өвчнөөр 380 хүүхэд өвчилжээ. Мөн Говь-Алтай аймагт энэ өвчний 384 тохиолдол бүртгэгдсэний 272 нь есдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд гарсан байна.
Иймээс Эрүүл мэндийн яамны мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймагт ажиллан тандалт судалгаа хийж, арга хэмжээ авсны дүнд өдөрт 9-11 бүртгэгдэж байсан өвчлөл 4-5 болж буурчээ.
Аймгийн төв, Дарви, Тонхил суманд өвчин голомтлон гарч аймгийн төвийн 7 цэцэрлэг, 5 сургуулийн 154 хүүхэд өвчилсөн байна. Усны хүрэлцээ муу, усан хангамжийн системийг ариутгадаг төхөөрөмж 2008 оноос хойш ажиллаагүй, усан хангамжийн 9 эх булгийн 55,5 хувьд нь гэдэсний бүлгийг эмгэгтөрөгч нян илэрч бохирдсон, эх булаг хамгаалалтын бүсгүй, бохирдолттой, айл өрхүүдийн хашаа хог хаягдал ихтэй, бохир ус цэвэрлэх байгууламж нь ажилладаггүй, халдваргүйтгэлийн бодисын нөөц бага, цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэглэсэн аяга тавгийг анги тус бүрт нь угааж цэвэрлэдэггүй, ажилчид нь угаах зааврыг мэддэггүй зэрэг олон шалтгаанаас болж өвчин дэгдсэн гэж эмч нар үзэж байна.
Цаашид Говь-Алтай аймгийн төвийн 13-24 сартай хүүхдийг А вируст гепатитын эсрэг вакцинаар 12 дугаар сард дархлаажуулах, аймгийн төвийн цэвэр, бохир усны хангамжийг цогцоор нь шийдэх, хүүхдийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн материалын хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг төсөвт тогтмол тусгаж байх, халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн нэгж, алба байгуулах, орчны ариун цэврийн бохирдлыг арилгаж, их цэвэрлэгээг тогтмолжуулах шаардлагатай гэж мэргэжлийн баг үзжээ.
Монополь аж ахуй эрхлэгчийг тогтооно
Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Засгийн газрын 2005 оны аравдугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор баталсан “Аж ахуй нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох журам”-д зах зээлийн төвлөрөл, зах зээлд нэвтрэх саадыг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг шинээр тусгах шаардлагатай болжээ.
Журамд зүй ёсны монополь болон давамгай аж ахуй эрхлэгчийг судалж тогтоох, бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, зохицуулалт хийх, эрх, үүрэг, журамтай холбогдон гарсан хариуцлага, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна.
Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгай байдалтай байна гэж Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зүйлд заасан. Энэ нь давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо зөвхөн борлуулалтын орлогоор тооцсон зах зээлийн хувиар тодорхойлох боломжтой байснаас бус хувь хүний /ченжүүд/ зах зээлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж зохицуулах боломжгүй байлаа.
Харин Өрсөлдөөний тухай хуульд “үйлдвэрлэл, борлуулалтын эсвэл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, төвлөрөл, хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно“ гэж заажээ.
Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний давамгай байдалтайг тогтооход үйлдвэрлэлт, борлуулалт эсвэл худалдан авалт, зах зээлийн төвлөрөл, саад, зах зээлийн хүч зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж тооцох боломжтой болсон гэсэн үг юм.
Газрын тухай хуулийн төслүүдийг өргөн барина
Хуралдаанаар газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн газрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Аливаа хуулийн төсөлд эрх зүйн үндэслэл, заалт, зориулалт, шалгуурыг тодорхой томъёолж байх хэрэгтэй. Бид хариуцлагын асуудал их ярьдаг хэрнээ үүнийг нарийвчлэн тусгаж өгөөгүйгээс хуулийн заалтыг яаж ч тайлбарлаж болдог, хариуцлага тооцоход хүндрэл учруулдаг байдал үүсдэг. Иймээс үүнийг өөрчлөх ажлыг газрын харилцаатай холбоотой хуулиудын төслөөс эхлэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
ТОВЧХОН
2010 оны аравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, тус хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод үүрэг болгов.
Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын Хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо.