Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар
өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Гол, мөрний урсац
бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий
газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ
дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл
эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар
баталлаа.

Үүнтэй холбогдуулан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын
тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уул уурхайн хаалт, нөхөн
сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг
зогсоолоо.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай
хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ашигт
малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн
давхацсан хэсгийг цуцлах, нөхөх олговор олгохтой давхцаагүй хэсгийг
хүчин төгөлдөр үлдээхтэй холбогдсон харилцааг журмаар зохицуулах юм.

Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгах
бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа нөхөх олговор авах юм.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг Геологи, уул
уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авснаас
хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно. Гэхдээ  тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг билүүлээгүйн
улмаас үүсэх зээл, төлбөрийг олгохгүй байхаар боллоо.

Нөхөх олговор олгосны дараа холбогдох баримтыг үндэслэн тухайн тусгай
зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага цуцлах юм байна.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд
нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөх олговор олгох
ажлын явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал
жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгалаа.

Ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг оруулахгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордод
хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум) –ийг сонгох
урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг хэлэлцэн дэмжлээ.

Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу сонгон шалгаруулах
ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар,”“Эрдэнэс
МГЛ”ХХК-ийн захирал Б.Энэбишд тус тус даалгав. УИХ-ын 2007 оны 27 дугаар
тогтоолоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг стратегийн ач
холбогдолтой ордын жагсаалтад хамруулж, УИХ-ын 2008 оны 40 дугаар
тогтоолоор ордыг ашиглах хөрөнгө оруулалтын  гэрээний төсөл
боловсруулах, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх үндсэн зарчим
удирдамжийг баталсан билээ. Тавантолгой ордыг ашиглах зарим асуудлын
тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд “
Тавантолгойн  нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам,дэд бүтцийн барилга
байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг
баримтлах, төслийн хэрэгжилтийг нэмүү өртөг шингэсэн үндэсний
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол улсын
иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл ,  болзлыг
хэрэгжүүлэх”,”дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа
төлбөр, боомт, ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар
хэлэлцээ хийж , гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн
компани (консорциум)-ыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө
оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар
хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах” үүргийг Засгийн
газарт даалгасан юм.

Засгийн газар УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга
хэмжээний хүрээнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар  ахлуулсан ажлын
хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгээс хөрөнгө оруулалтын
гэрээний төсөл боловсруулан, хамтран ажиллах компани (консорциум)-ийг
сонгох урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулж, шалгарсан
компаниудын  жагсаалтыг гарган, санхүү техникийн нөхцөлөөр хэлэлцээ
явуулахаар урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлах юм. Хураангуй
жагсаалтад орсон компани (консорциум) нь уурхайн хөрөнгө оруулалт, дэд
бүтцийн төслүүдэд оролцох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон
урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүн хуваах зэрэг асуудлын хүрээнд ажлын
хэсэгтэй хэлэлцээ хийх эрхээр хангагдах ажээ.

Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр   танхимын
гишүүдээс гарсан саналыг дэмжин, Ерөнхий сайд хэд хэдэн зүйлд онцгойлон
анхаарахыг зөвлөлөө.  Тухайлбал,  Тавантолгойн уурхай нь  түүхий нүүрс
зөөх биш,   харин олборлолт цаашлаад борлуулалт нь зэрэг явагдаж байх,
бүр түүнчлэн  коксжсон нүүрсний үйлдвэр байгуулах зорилго нэн тэргүүнд
байх ёстойг онцоллоо.     Түүнчлэн компаниудыг шалгаруулахдаа  ашиг
сонирхлын зөрчилтэй компаниудыг оруулахгүй байх бодлогыг Засгийн газар
барьж байгаа ажээ.   Тавантолгой ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл
эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа компани(консорциум) –ийг ашиг
сонирхлын зөрчилтэй гэж үзэх юм байна.    Монгол улсын байр суурь хоёр
хүний хүрээнд биш, хоёр сая гаруй  монгол хүний эрх ашигт нийцсэн
ойлгомжтой байх ёстой гэдгийг  Ерөнхий сайд дурьдаад, Тавантолгойтой
холбоотой бүх мэдээлэл нээлттэй ил тод байх ёстой, мөн Тавантолгой,
Оюутолгой, төмөр зам гэх мэт томоохон төслүүдийн ажлын үйл явцыг Засгийн
газрын хуралдаанд танилцуулах,ард иргэддээ тогтмол мэдээлж байх үүргийг
холбогдох газруудад өглөө.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж