Улстөрчийн амьдрал үнэн гоё юм, хараад байхад. Сонин сонирхолтой үйл явдлууд байнга өрнөх юм, энэ хүрээнд. Хэдхэн хоногийн өмнө хэрүүлч, заргач гэгддэг нэгэн гишүүн бүх сэтгүүлчдийг дуудаад л “Зангиагүй уулзалт” нэртэй цугларалт хийв. Тэгээд уулзалтандаа ирсэн сэтгүүлчдэд зангиагаа тайлж хоолойгоо, цаашлаад энгэр цээжээ харуулсан бололтой юмдаг уу. Энэ үйл ажиллагаанаас санаа авсан нэг гишүүн сэтгүүлчдийг дахин дуудаж “Зангиагүй уулзалт” хийсэн сураг бас байна. Бас нэгэн гишүүн маань хэдэн сэтгүүлчдийг гэртээ дуудаж аваачаад эхнэрээрээ хоол хийлгэн дайлсан гэнэ ээ. Болж байна шүү, манай гишүүд. Өөрсдийнхөө нэр хүндийг өргөхийн тулд юм юм л сэдэж үзэж байна гэдэг чинь сайн хэрэг. Тэр хэмжээгээрээ ч сэтгүүлчид та бүхнийг дэмжиж байгаа гэдэгт итгээрэй. Энэ жилийн хувьд ч яах вэ зангиагүй уулзчихдаг юм байж. Гэтэл ирэх он жилүүдэд яана вэ, та нар минь. Ирэх жил лав зангиагүй уулзалтад хүрэлцэн ирнэ үү гэвэл сэтгүүлчид лав очихгүй. Учир нь санаа чинь хуучирчихна шүү дээ. Тэгэхээр шинэ санаа л бодож олох хэрэгтэй байна. Ер нь ирэх жилээс УИХ-ын гишүүд “Цамц, зангиа, пиджакгүй уулзалт” хийвэл ямар вэ. Барилдахаасаа таахалзана гэж нэг үг байдаг биз дээ. Цээж нүцгэн л сууж байна биз. Ямар хамаа байна. Харин ч “Өмдтэй байгаа нь их юм” гээд л маг маг инээгээд сууж байхад гоё харагдана даа. Хээгүй хүн энэ тэр гэсэн цол гуншин хүртэл авч магадгүй шүү дээ. Хэрвээ ингэж улстөрчийн зориг гаргаж чадвал хамгийн анх санаачилж хийсэн эрхэм гишүүн од болно шүү дээ. За тэгээд сонгуулийн жил эхлэхээр “Дээлтэй уулзалт” гэсэн уламжлал үнэртсэн сүртэйхэн уулзалт зохион байгууулвал гарч өгнө дөө. Тэртэй тэргүй тайлагная гээд ч хийсэн ажил байхгүй юм чинь уулзалтынхаа нэрэн дээрээ л сайн ажиллаж өөрийгөө мартагнуулахгүй байх хэрэгтэй шинийг санаачлагч улстөрчидөө гэж…
Б.ЭНХМӨНХ
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин