Лондонгийн олимпод М.Накамүраг ялна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Лондонгийн олимпод М.Накамүраг ялна

Жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Бундмаа Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж эх орон нэгт жудочдоо амжилтаараа тэргүүлж эхэллээ. Эх орон нэгтнүүд нь ч, хамт барилдаж яваа нөхөд нь ч түүгээр бахархаж байгаа энэ үед түүнийг сайн мэдэх хүмүүс “Баярлахаасаа илүү гонсойж байгаа” гэлцэж байна. Учир нь тэрбээр “Ямар ч тэмцээнд түрүүлнэ гэж зорьж, удаалахдаа сэтгэл дундуур байдаг” хэмээн нэгэнтээ хэлж байсан.

Мөн энэ удаад алтын үзүүрээс атгаад алдсаны гол шалтгаан нь түүний мөнхийн өрсөлдөгч, дэл­хийн аварга, олимпийн хүрэл ме­дальт Японы бөх М.Накамүра бай­санд байгаа юм. Тэрбээр өвдөг шороодохдоо түүнд цэвэр ялагдаж, аваргын алтан медалийг Япон улсад алдаж орхисондоо гомдлын нулимс нууцхан унагаж байв. Азийн наадмынхаа медалийн өнгийг ху­виргаж чадаагүй ч хошой мөнгөн медалийн эзэн болгосондоо тэр баяртай байгаа. Мөн жудо бөх сонирхогчдын хувьд хүсэн хүлээж байсан медалийн тоонд яах аргагүй багтаж байгаа. М.Накмүратай өмнө нь ДАШТ болон Дэлхийн цомын тэмцээнүүдэд тэрбээр гурван удаа таарч барилдсан ч бүгдэд нь хожиг­дож байсан нь үүнийг гэрчилнэ. Энэ удаагийнх нь барилдаан М.На­камүраг яах аргагүй түүний мөнхийн өрсөлдөгч болгож хувиргалаа. Тиймээс М.Бундмаадаа Лондонгийн олимпод М.Накамүраг өвдөг шо­роодуулж, алтан медаль энгэртээ зүүгээд баяр, бахархлын ну­лимсыг зэрэг амтлахыг хүсье.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж