
Манай зураачдын дунд бие биетэйгээ яг адилхан зурдаг хүн байдаггүй, янз бүрийн цаг үед, янз бүрийн арга барилаар зурдаг. Тэдний зурах арга барил, бүтээлд хандах хандлага, өнгө, сэтгэл хөдлөл, ертөнцийг үзэх үзэл бодол бүгд өөр өөр. Гэхдээ тэднийг үргэлж шинийг эрэлхийлэх мөнхийн хүсэл тэмүүлэл, урлагт дуртай тэр эрч хүч нэгтгэж байдаг билээ.
“Зөвхөн Монголд” энэ үг гурван уран бүтээлчийн уран бүтээлийг тодорхойлох нэгэн нийтлэг онцлог болж байгаа юм. Учир нь зураач Л.Бумандорж нь зөвхөн Монголд л байх гэр хорооллын сэдвээр шилдэг бүтээлүүдээ цогцлоож, Ц.Нармандах зөвхөн Монголд л байх үндэсний уламжлалт монгол зургийг орчин үед боловсронгуй болгон хөгжүүлэхэд хүчин зүтгэж, зураач Н.Амгаланбаатар нь “Их Монгол улс-Эзэнт гүрэн”, “Монгол угсаатны төрт улсууд” хэмээх 7х18 м-ийн, 126 кв.м зөвхөн Монголд л байх том хэмжээний шилэн ингэмэл зургийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт бүтээн байрлуулсан байх юм.
“Гурван ертөнц” энэхүү үзэсгэлэнд гурван уран бүтээлчийн сүүлийн үеийн уран бүтээлийн ололт амжилтыг харуулсан уран зураг, монгол зураг, үндэсний монгол бичгийн уран бичлэг гээд 100 гаруй бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд ихэнх бүтээлийнх нь хувьд үзэгч та анхны үзэгч нь болох юм. Үзэсгэлэн энэ сарын 19-25-ны хооронд үргэлжилнэ.