Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд А.Охата бараалхлаа. Тэрээр Ерөнхийлөгчид сайн мэдээ дуулгалаа. Япон Улсын Засгийн газар Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. “Энэ бол Ерөнхийлөгч Таны айлчлалд манай Засгийн газраас барьж буй бэлэг юм” хэмээн тэрээр хэллээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг 2009 оноос эхлэн идэвхтэй судалж эхэлсэн бөгөөд хоёр талаас төр, хувийн хэвшил, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ.
 
“Чөлөөт худалдааны хэлэлцээртэй дүйцэхүйц энэхүү хэлэлцээр нь зөвхөн худалдааны асуудал төдийгүй хоёр орны хооронд банк санхүү, үйлчилгээний чөлөөт урсгалыг зохицуулах хэлэлцээр тул Монгол орны хувьд чухал, хариуцлагатай ажил болох юм” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.
 
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор буюу 2012 он гэхэд хэлэлцээг амжилттай дуусгаж, хэлэлцээрт гарын үсэг зурахыг зорилт болгон ажиллахыг Ерөнхийлөгч санал болголоо. Саяхан Японд болсон АПЕК-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах тухай яригдаж, энэ асуудал дэлхийн анхаарлын төвд ороод байгаа үеэр тус бүс нутгийн голлох томоохон орнуудын нэг болох Японтой Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар болсон нь айлчлалын нэгэн чухал үр дүн юм. Япон Улс АСЕАН-ы гишүүн орнууд буюу Сингапур, Тайланд, Вьетнамтай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж эхлээд байна.Энэ уулзалтын үеэр мөн эрдэс түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлд японы байгаль орчинд ээлтэй тэргүүний техник технологийг нэвтрүүлэх замаар, чанартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар гуравдагч орны зах зээлд гаргахыг сонирхож байгаа бөгөөд энэ чиглэлээр дэмжлэг авч, хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ Ерөнхийлөгч тэмдэглэв.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж