
– Мэдээж тэгэлгүй яахав. Улаанбаатар хотын хамгийн их ачаалалтай төв замуудаар бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлах нь Засгийн газар болон салбарын яам, нийслэлээс гаргасан тодорхой шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа. Энэ оны зургадугаар сарын 26-наас эхлэн баруун чиглэлүүдэд болон 3,4-р хорооллын гол замуудад нийтийн тээврийн бага багтаамжийн автобусны хөдөлгөөний хязгаарлалтыг хийсэн. Иргэд олон нийтийн зүгээс ч гэсэн ихээхэн дэмжлэг авсан. Одоо бол чиглэл маршрутаа баримталж хэвшээд байна. Мэргэжлийн байгууллагууд зохих бэлтгэл ажлуудыг хийсний үндсэн дээр зүүн чиглэлд мөн хязгаарлалтыг энэ сарын 10-наас эхэлсэн. Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордны хооронд 15 чиглэлийн их багтаамжийн 154 автобус, троллейбус, 10 чиглэлийн бага багтаамжийн 214 автобус тус тус зорчиж байна. Хязгаарлалт хийгдсэнээр шугамын давхцал 55.0 хувиар, автобусны тоо 71.8 хувиар тус тус буурахаар тооцоо гарсан.
-Гэхдээ бага багтаамжийн автобусны чиглэлийг хязгаарлах ажил өмнө нь хийгдэж байсан биз дээ?
-Тийм ээ. Бага оврын автобусны чиглэлийн хөдөлгөөнийг тодорхой гудамж замуудад хязгаарлах ажил аль эрт 2000 оноос хойш хийгдэж байгаа бөгөөд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордны хооронд бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь энэ ажлын үргэлжлэл юм. Ийнхүү хязгаарлалт хийхдээ бага багтаамжийн автобусны туслах болон буухиа чиглэлийн жолооч кондукторуудыг ажлын байргүй болгосон хэрэг биш. Зөвхөн чиглэл маршрутанд өөрчлөлт оруулсан. Нийтийн тээврийн үйлчилгээнд “Туслах” чиглэл бол батлагдсан маршрутын дагуу явдаг. Харин “Буухиа чиглэл” гэдэг бол нийслэл хотын 24 цэгээс зорчигчдоо суулгаад Нарантуул зах руу шууд хүрдэг үйлчилгээ юм. Эдгээрээс буухиа үйлчилгээний найман аж ахуйн нэгж төв замаар явахгүй хязгаарлалтанд хамрагдсан. Тэр дотроо “ Аж мянган”, “Эм Бэ Эм Эм”, “22-р бааз” гэсэн гурван аж ахуйн нэгжийн 67 тээврийн хэрэгслийн асуудал яригдаж байна. Энэ компаниуд бол Шархад, Цайз, Эрдэнэтолгой зэрэг эцсийн буудлуудаас зах руу тээвэрлэдэг бөгөөд шинэчилсэн маршрутаар бол зах руу орох болон гарахдаа Намьянжугийн гудамжаар яваад Туул Жинпангаар баруун эргэж Цайз захын замаар явах чиглэлийг тогтоож өгсөн. Харин зүүн чиглэлүүдээс ирж байгаа Хужирбулан, Улиастай, Налайх, Жанжин клуб зэрэг чиглэлийн бага багтаамжийн автобуснууд нь Чулуун овоогоор орж Нарны замаар явж зах руу орно. Буцахдаа мөн адил Нарантуулын төв хаалгаар гарч зүүн эргээд Нарны замаараа буцах нь ямар ч асуудалгүй.
-Яагаад жолооч нар ингэж их эсэргүүцэл илэрхийлээд байгаа хэрэг вэ?
-Дээр хэлсэн эдгээр буухиа болон туслах чиглэлийн зарим жолооч нар ажил хаялт суулт зарлаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Тэд бол зөвхөн өөрсдийн эрх ашгийг л илэрхийлж байна. Гол нь шинэ маршрутаар явахгүй, орлого буурна, төв замаараа явна л гэсэн шаардлагыг тавьж байна. Нийслэлийн төр захиргааны шийдвэр болон Нийтийн тээврийн газрын зохицуулалт бол иргэд зорчигчдыг хохироохгүй байхаар, нөгөө талаас бага багтаамжийн автобусны жолооч нарын эрх ашгийг хохироолгүй, зөвхөн чиглэл маршрут өөрчилсөн байгаа. Офицеруудын ордон, Цэргийн төв эмнэлэг, Кино үйлдвэр, Жуковын музейн буудлуудаас Нарантуул зах ордог иргэдийн хувьд унаагүйдсэн асуудал байхгүй. Энэ замаар яваад Нарантуулын орчимд зогсдог их багтаамжийн автобусны чиглэл байгаа. Үнэхээр ачаалал нэмэгдээд ирвэл автобусны тоог нэмэгдүүлж болно. Мөн зүүн чиглэл Улиастай, Хужирбулангаас орж ирж төв зам дагуу буудаг иргэдийн хувьд ч гэсэн шаардлага гарвал их багтаамжийн автобусных нь тоог нэмэгдүүлэх боломжтой.
-Иргэд энэ талаар эсэргүүцэхгүй харин ч дэмжиж байх шиг харагдаж байна. Та бүхэнд иргэд энэ талаар гомдоллож байна уу?
-Үгүй. Харин тэд их сайн дэмжиж байгаа шүү. Манай газрын санал хүсэлт авдаг 32-31-76, 32-63-52 утаснууд руу залгаж саналаа хэлж байна. Янз бүрийн ажил эрхэлдэг болон ахмад настнууд нийслэл хөгжих ёстой гэж үздэг иргэд ч холбогдож саналаа илэрхийлж байна. Мөн манай вэб хуудас болон inet.mn мэдээллийн сайтаар өнгөрсөн сард явуулсан санал асуулгын дүн ч гэсэн дэмжиж байгаа үнэлгээ 85-90 хувьтай гарсан. Цаашид бид бүхий л сувгаар иргэдийнхээ, зорчигчдынхоо мөн хөдөлгөөнд байнга оролцож байгаа жолооч нарын үнэлгээ дүгнэлт, санал хүсэлтийг хүлээн авч ажилдаа тусган хэрэгжүүлэх болно. Хотын хөгжил, иргэн таны зорчих эрэлт хэрэгцээг хангахын төлөө зорчигчийн санал гэдэг хамгаас чухал байдаг юм.
“Улаанбаатар Таймс”