Шүлхийн халдварын өвчлөл зогслоо

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Шүлхийн халдварын өвчлөл зогслоо

Сүхбаатар аймагт зургаан удаагийн нийлүүлэлтээр 2383 литр вакцин ирсэн бөгөөд  хамрагдвал зохих малынхаа 95.0 хувийг вакцинжуулж, сүүлийн нэг  хоногт өвчлөл нэмж гараагүй талаар өчигдөр болсон аймгийн Онцгой  комиссын хуралд мэдээллээ. Нэгэнт цас орж, хүйтэн жавар үлээсэн энэ өдрүүдэд малчид өвөлжөөлөх, төв суурингийн айл өрхүүд түлээ түлшээ татахаас аваад  хуримтлагдсан асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар авч хэлэлцсэн юм.

Аймгийн Онцгой комиссын хуралд Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч  Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатар нар  оролцож орон нутагт хорио цээрийн дэглэмийн ажлын эрчмийг бууруулахгүй байх талаар тодорхой үүрэг өглөө.

Зүүн аймгуудад ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  дэд сайд Ж.Сауле “Олон байгууллага,хүмүүсийн хамтын хүчээр өвчний гаралтыг бууруулж чадлаа. Хүн ам, орон сууцны тооллого бүрэн явагдаж дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилнэ. Иргэд,  малчид  зөвөөр ойлгож, тэвчих хэрэгтэй. Бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэм бууртал хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг хэвээр  байлгах нь чухал. Малд вакцин хийгээд дууслаа гээд тайвширч болохгүйг анхааруулаад Бид орон нутагт хоёр сар гаруй ажиллаж байна.  Ажлын хэсэг тайлангаа Засгийн газарт тавина. Мөн хариуцлагын асуудлыг ч ярина гэж  хэллээ.

Нийтдээ  10 сумын 79 голомтонд  17228 мал шүлхийгээр өвчилснийг бүрэн устгаад байна.

Аймгийн хэмжээнд удирдах ажилтан, малын эмч, мал баригч гээд 900 орчим хүнтэй 148 хэсэг гарч 2.3 сая шахам малыг вакцинжуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тавиад хүнтэй хяналтын хэсэг ажиллаж  байна. 

Баяндэлгэр, Эрдэнэцагаанаас  бусад сумд малаа бүрэн  вакцинжуулж дуусчээ.


Г.Сүхээ

      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж