Хөл хорионд байсан хүнд өдрүүд

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Хөл хорионд байсан хүнд өдрүүд

“Сүүлийн хоногийн мэдээ­гээр шүлхийгээр мал нэмж өвчлөөгүй байна.” Энэ өгүүлбэр хоёр сар гаруйн хугацаанд шүлхийгээр амьс­галсан малчид иргэдийн хувьд яахын аргагүй баяртай мэдээ. Ашгүй дээ, нэг юм хумигдах шив. Одоо хорио цээр цуцлагдаж, хаагдмал байсан эрх чөлөө маань дахин сэргэнэ. Нүүрс түлээгээ татъя. Идэш уушаа ч олж авъя гэсэн бодлууд хөдөөгийн талаар жилийж байна. Тийм дээ өндөржүүлсэн бэлэн байдал хэмээх дураараа ч зорчих аргагүй тийм нэг дагахгүй байхын аргагүй дэглэмд шилжээд, өдөр бүр шүлхийгээр өвчилсөн мал 300, 400, бүр 600 толгойгоор нэмэгдлээ гэдэг мэдээллийг авч, сэтгэл амар байж чадахгүй байсан юм чинь.

Малчдын хувьд өнгөрсөн 80 гаруй хоног жинхэнэ хар өдрүүд байлаа. Малд өвчин хүрчих вий гэсэн айдас тэднийг эзэмдэж, өвчин тус­сан мал бүрийг нь устгана. Өсөхөөс нь аваад өдийг хүртэл хайрлаж адуулж ирсэн буянт сүргээ нүдэн дээрээ хядуулах нь тэвчихэд хэцүү зүйлийн нэг байсан нь тодорхой. Гэлээ гээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх энэ айхавтар өвчнөөс түргэн салах арга энэ болохоор яах ч арга байсангүй. Үгүй болсон малд нь нөхөн олговор хэмээх мөнгө өгч эхэлсэн. Гэхдээ хэдэн малчдын санаанд хүртэл өгөөгүй нь жаахан тиймхэн. Хэрвээ өвчин тусаагүй бол нэг эр үхрээ сая төгрөгөөр өлхөн өгчихдөг байсан тэдэнд зах зээлийн дундаж ханш чамлалттай байхаас аргагүй. Гэтэлд өчигдөрхөн нөхөн олговорын тайланг зогсоочихлоо. Учир нь малын үнэлгээнд Засгийн газар өөрчлөлт оруулах гэнэ. Битгий л багаар үнэлээсэй. Малчдын санаа зовинох асуудал дуусахгүй.

Сүхбаатар аймгийн өнгөрсөн наймдугаар сарын 28-нд анхны дуудлага ирснээс хойш өдгөө 17228 мал өв­чилж, зуун хувь устгалд ор­жээ. Өвчнөөс салах гол найд­вар болох вакцин зургаан удаагийн хуваарилалтаар ирж, өдгөө аймгийн нийт малын 90 гаруй хувь нь хамрагдаад байна. Үүний ачаар л өвчилсөн мал байхгүй гэдэг мэдээлэл ирж байгаа нь олзуурхууштай. Цаашдаа жил бүр малаа вакцинд хамруулж байя. Тэгэхгүй бол энэ жилийнх шиг ингэж хэцүүдэхгүй шүү дээ.

Мал нэмж өвчлөөгүй гэ­хээр хорио цээрийн дэглэмийг шууд цуцлахгүй гэдгийг өчиг­дөрхөн телеви­зээр Онцгой комис­сынхон мэдэгдлээ Мэ­дээж өвчний голомт устаж бай­гаа болохоор нэгэн цагт хорио цээр цуцлагдах тул эц­сийн ариутгалыг маш ха­риуц­лагтай өндөр үр дүнтэй хийх хэрэгтэйг Улсын Онц­гой комиссын ажилтан анхаа­руулж хэллээ.

Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр энэ өвчинтэй эрвийх дэрвийхээрээ тэмцчихээд эцэст нь хариуцлага алдана гэ­дэг байж болшгүй зүйл. Үү­нийг бүгд мэдэж байгаа. Хариуц­лага алдахгүй гэдэгт ч найдаж байна.

Ямартай ч шүлхий дэгдсэнээр 600 гаруй сая төгрөгийн зардал гарч,20 орчим  мянган малаа устгуулсан ч гамшгийн ард гарч чадлаа. Бахархах нь юу байхав. Үүргээ л биелүүллээ.

Харин одоо хорио цээрийн дэглэмийг сулруулах өдрийг хүлээх үлдэж байна.
Шүлхий өвчин дахиж битгий л дэгдэж, малчдад, цаашлаад монголын ард түмэнд гарз битгий учраасай.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж