УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн хоёр дахь чухал асуудал нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болов. Хуулийн төсөлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0.6-2 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэхдээ аймаг, нийслэлийн ИТХ нь энэхүү татварыг ногдуулах эсэхээ шийднэ. Энэ нь цаанаа аймаг, орон нутаг төсвийн орлогоо бүрдүүлэх бололцоог давхар хангаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, одоо хэрэгжиж байгаа хуулиар энэ төрлийн татварын орлогыг улсын төсөвт шууд татдаг байсан, энэхүү зохицуултаар орон нутагт шилжүүлэхээр тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандав. Учир нь Гэнэтийн ашгийн татвар 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчлэхгүй болж байгаатай холбоотойгоор төсвийн орлого сох дутаж, цоорхойг нь нөхөхийн тулд Засгийн газар татваруудаа нэмэгдүүлэхээр хэд, хэдэн хуулийн төслийг 2011 оны нэгдсэн төсөвтэй цуг өргөн барьсны нэг нь энэхүү төсөл гэж УИХ-ын гишүүн Л.Гантөмөр шүүмжлэв. Тэрбээр “Татварын орлого ДНБ-ийн хэдэн хувьтай тэнцэж байвал боломжийн гэж үздэг. Мөн бизнес эрхлэгчид банкны зээлээ төлж чадаагүй байхад Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмнэ гэдэг нь нэг дарамтаас гараагүй байхад нөгөө нь залгаж, нэг ёсны үндэсний үйлдвэрлэгчиддээ ажил хийх бололцоог олгохгүй болно. Эрсдлийг хэрхэн тооцож байна вэ. Нөгөө талаасаа жаахан хөрөнгөтэй болж байгаа хэсгээ эргүүлээд татвар нэрээр багалзуурдаж унагаах нь. Гэтэл Канад эр Монгол Улсын уул уурхайд тогтвортой ажиллах 25 жилийн гэрээ байгуулчихсан байхад, ард иргэдээ ингэж боомилж болж байгаа юм уу. Хөрөнгөө ард иргэд нуугаад эхэлбэл яах вэ, татварын энэ өсөлт арван жилийн дараа Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлнэ. Үр дагаврыг тооцсон уу” гэв.
Сангийн сайд С.Баярцогт:-Засгийн газрыг УИХ энэ удаад харин дэмжих ёстой . Энэ хуулийн төслөөр төсвийн орлогыг бүрдүүлэх гээд байгаа юм биш, зөвхөн эрх зүйг нь зохицуулж өгч буй. Онцгой албан татвараар 10.5 тэрбум төгрөг, Тэмдэгтийн хураамжаар 19.5 тэрбум төгрөг, Эрдэнэсийн сангаас 5.6 тэрбум төгрөгийг л тус бүр төсвийн орлогод оруулна гэж тооцоолсон. Татварын орлогод ДНБ-ийн эзэлж байгаа хувийн жин 35 орчим хувь байгаа” гэлээ.
Мөн энэ үед гишүүд гадаадын компаниуд Монголын баялагаар IPO хийгээд хөрөнгө босгож байхад нэг ч төгрөгийн татвар авч чаддаггүй хэрнээ ядарсан муу иргэнээ татвараар дарамтлаад байх нь хэр зүйд нийцэх талаар ч сануулаад авлаа. Жишээ нь цайны газар, дэлгүүр ажиллуулж байгаа иргэдийг татварынхан элдвээр дарамталж татвар авдаг гэнэ. Ер нь ч тэгээд аж ахуй эрхлэгчидтэй Сангийн сайд өөрийн биеэр очиж уулзаж, бэрхшээлийг нь сонсохгүй бол өнгөрсөн хаврын нэг уулзалтаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэдэнд бариулж идүүлэх дөхсөн тухайгаа ч учирлаад авсан. Харин Сангийн сайд энэхүү Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төсөл нь дарамт учруулахгүй гэдэг хариу тайлбар хийсэн юм.
Түүнчлэн энэхүү хуулийн төслийг дэмжиж буй гишүүн ч цөөнгүй байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бий болгосноор ашиглагдахгүй байгаа обьектуудыг ашиглалтад оруулах сонирхлыг идэвхжүүлнэ гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Зоригт Монгол Улсыг гадаад ертөнц хамгийн бага татвартай оронд оруулсан талаарх мэдээллийг сонсгов. Жишээлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар Монгол Улс дэлхийн 87 орноос эхний гуравт орсон бол Хүн амын орлогын албан татвараар хоёрт жагссан. Монгол Улс хаа очиж, татварын хамгийн таатай орчин бүрдүүлж чадсан, тэгээд ч энэхүү татвар жирийн иргэдэд ачаа болохгүй. Хөрөнгө чинээтэй хүн л уг татварыг төлнө” гэсэн юм.
Санал хураалтын шатанд олонх гишүүн уг хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хууль батлагдвал аймаг, нийслэлийн ИТХ нь энэхүү татварыг хөрөнгөтнүүддээ ногдуулах уу, үгүй юу гэдгээ шийдвэрлэнэ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд ИТХ-д гол төлөв хөрөнгө чинээтэй эрхмүүд сонгогдчихсон байгаа үед өөрсдийгөө татвараар боомилох уу гэдэг ашиг сонирхлын бас нэгэн зөрчил ч “босч” ирж болзошгүй нь.