Ц.Мянганбаярыг зээлээ үр ашигтай зарцуулсан гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаярыг зээлээ үр ашигтай зарцуулсан гэж үзжээ

Харин одоогоор хууль хяналтынхнаас түүний таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож 20 сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарчээ.

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох  21047002 дугаартай хавтаст хэргийг нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1, 208.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон билээ. Тэрээр “Анод”, “Зоос” банкнаас найман аж ахуйн нэгжийн нэрээр  57.8 тэрбум төгрөгийн зээлийг авч  зориулалтын дагуу зарцуулсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон гэж үзээд түүнд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон  аж.  Тухайлбал, Өмнөговь аймгийн Мандал -Овоо сум дахь Олон овоот ХХК-ийн уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах үед улсын болон орон нутгийн төсөвт төлсөн төлбөр хураамж зэргээс үзэхэд  түүнийг арилжааны банкуудаас зээл  хууран мэхлэх замаар авсан гэж  эрүүгийн хуулиар шийтгэх үндэслэлгүй гэж үзсэн байна.

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тэрбээр”Анод”, “Зоос” банкны барьцаанд   давхардуулан Олон-овоотын лицензээ  тавьсан тухайгаа “Миний хувьд  арилжааны банкуудаас ямар эд хөрөнгө барьцаалж зээл олгож байгаа эсэхийг мэдэхгүй.Учир нь манай компанийн  удирдлагад ажилладаг санхүүгийн захирал Н.Арслан болон зээлийн эдийн засагч нар барьцаа хөрөнгийн асуудлыг зохицуулдаг. Манай компанид 50 орчим сая ам. долларын үнэ бүхий  уул уурхайн чиглэлээр ажиллах зориулалттай машин техник бий” гэсэн мэдүүлэг өгч байсан гэнэ.

Тэрбээр зээлийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр Өмнөговь аймгийн Мандал-Говь сумын нутаг дэвсгэрт Алтны уурхайд хөрөнгө оруулсан гэжээ.  Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компанийн түнш харилцан хамааралтай аж ахуйн нэгж, иргэдийн ялангуяа “Зоос”, “Анод” банкнаас авсан зээлийн барьцааны эд зүйл нь  түүний охин компаниудын нэр дээр бүртгэлтэй, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй байсан бөгөөд, батлан даагчаар нь “Монгол газар” ХХК, Японы “Иточу “корпорацийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар байсан байна.

Түүнд өнгөрсөн оны нэгдүгээр  сараас Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн 148.4-өөр зүйлчлэн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Ц.Мянганбаяр нь “Анод” банкнаас 20 тэрбум төгрөг, “Зоос” банкнаас найман аж ахуйн нэгжийн нэрээр 41.2 тэрбум төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн авсан гэх хэрэгт татагдсан юм. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад өнгөрсөн хоёрдугаар сард цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах байсан ч тэрбээр 20 сая төгрөгийн барьцаа өгч гадуур шалгуулж байв. Мөн прокурорт хандан хүсэлт гаргахдаа, ”Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах ажилд саад учруулахгүй.Мэдүүлгэ өгнө” гэх хүсэлт тавьсан байна. Эрүүгийн  байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн прокурорт хүсэлт гаргах эрхтэй гэсэн заалтын дагуу тэрбээр гадуур байцаалт өгч байсан аж. 

Харин одоогоор хууль хяналтынхнаас түүний таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож 20 сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарчээ. Арилжааны банкуудаас их хэмжээний зээл авч санхүүгийн алдагдалд хүргэхэд нөлөөлсөн гол зээлдэгчдийн нэгт зүй ёсоор тооцогдож байсан Ц:Мянганбаярт холбогдох хэргийг ийн хэрэгсэхгүй болгосон нь олон хүний анхаарлыг татах болов.  Өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой хэргийг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болов гэдэг асуулт нь хариулт хүлээж байсан юм. Тэгвэл  хуулийнхан Ц.Мянганбаяр нь хоёр банкны олон арван мянган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч Олон-Овоотын уурхайд  үр ашигтай зарцуулсан гэж үзжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Ц.Мянганбаяр  арилжааны хоёр банкийг дампуурахад  хүргэсэн  гэх олон арван тэрбум төгрөгийн зээлийнхээ тодорхой хувийг төлж эхэлсэн сурагтай  байна. “Анод”, “Зоос” банкны үйл ажиллагаа доголдон эрүүгийн хэрэгт удирдлагыг нь шалгаж эхлэхэд найдваргүй зээл их хэмжээгээр авсан бизнесмэний нэрсийг Ц.Мянганбаяр тэргүүлж байсан юм. Тэрбээр Олон- Овоотын уурхайн лицензээр удаа дараа зээл авч, хугацаандаа төлөөгүй нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахад нөлөөлсөн гэж учир мэдэх хүмүүс үздэг аж.

Дашрамд дурдахад Анод” банкны  хэрэгт тус банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Л.Уламбаяр, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ажиллагаа нэлээд сунжирч байгаа юм. Уг хэрэгт сэжигтнээр тооцогдсон “Анод” банкны эрх бүхий албан тушаалтнууд   найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх хэрэгт холбогдсон ч өнөөдрийг хүртэл хэргийг хууль хяналтынхан эцэслэн шийдээгүй байна. Уг банкнаас олон арван тэрбум төгрөгийн зээл авсан “Монгол газар“ компанийн захирлын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  найдваргүй зээлдэгчид ийм байдлаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг завшиж, эргүүлэн төлөхгүй байх магадлалтайг харууллаа гэж үзэх  хүн ч цөөнгүй байгаа бололтой.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж