Гомдол гаргасан талаар мэдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Гомдол гаргасан талаар мэдээгүй гэв

Улсын мөрдөн байцаах газраас “Зоос” банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн сэжигтэн тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч Н.Сүхбаатар албан тушаалаа ашиглан өөрчилж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа талаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  гомдол гаргасан гэх мэдээлэл  хэд хоногийн өмнө гарсан билээ. Дээрх мэдээллийн талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Сүхбаатараас тодрууллаа.

-Таныг албан тушаалын байдлаа  ашиглан “Зоос” банкны хэрэгт шалгуулж буй сэжигтнүүдийг батлан даалтад гаргаж, хэргийг мөрдөн шалгахад  саад учруулж байна  гэх гомдол  прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  ирсэн талаар  мэдээлэл байна? 

-Тэр талаар гомдол гаргасан тухай би  мэдээгүй юм байна. Үнэхээр гомдол гаргасан бол Нийслэлийн шүүхийн мэдээллийн албанаас тодорхой мэдээлэл өгнө дөө.

-Танд албан ёсоор Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас гомдол ирсэн талаар мэдэгдээгүй юу?

-Бид  шийдвэрлэсэн  хэргүүдийн талаар тайлбар өгөх боломжгүй юм. Хэрэв миний албан тушаалын байдалтай холбогдуулан  гомдол гаргасан  бол тэр хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Одоогоор миний талаар гомдол гаргасан эсэхийг мэдсэн зүйл алга.

Уг хэргийн талаар сөхвөл Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хууль тогтоомж зөрчин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан”  гэх үндэслэлээр  өнгөрсөн нэгдүгээр сард хэрэг үүсгэжээ. “Зоос” банкны хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ш.Чуданжий эрүүл мэндийн байдлын улмаас батлан даалтад гарсан бол тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Пүрэвсүрэн нарыг 14 хоногийн өмнө сэжигтнээр тооцон саатуулсан боловч өнгөрөгч долоо хоногт батлан даалтад гаргасан байна. Чухам ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан нь одоогоор тодорхойгүй байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж