Еврозон Ирландын асуудалд анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Еврозон Ирландын асуудалд анхаарч байна

Бруссель хотноо Еврозоны 16 орны сайд нар уулзаж, өрийн асуудлаар санал солилцох гэж байна. Нэгдсэн мөнгөн тэмдэгттэй эдгээр орнуудын эдийн засаг суларч, Ирланд, Грек зэрэг орон Европын холбооноос авсан зээлээ эргүүлэн төлж чадах эсэх нь эргэлзээтэй болж байгаа билээ. Хэдийгээр Ирландын Засгийн газар даваа гаригт илүү санхүүжилт хэрэггүй, ирэх оны эхэн үе хүртэл хангалттай хөрөнгөтэй байгаа гэж мэдэгдсэн ч тус улсын байдал яаралтай зээл авах шаардлагатай болгох төлөвтэй байна.

Дублины зүгээс “олон улсын түншүүд”-тэй холбоотой байгаа гэсэн ч ямар нэг байдлаар Европын холбоо болон Олон улсын валютын сангаас санхүүжилт авах талаар яриагүй гэж Ерөнхий сайд Брайн Кован хэллээ.

“Санхүүгийн туслалцаа гэдэг үгийг тухайн орон өөрөө төлөх үүргээ гүйцэтгэх чадамжгүй гэх ойлголт дагалдаж байдаг. Гэхдээ бодит байдал ийм биш байгаа. Засгийн газрын зүгээс улсынхаа асуудлуудыг шийдвэрлэх сайн төлөвлөгөө боловсруулж байна. Евро бүсийн гишүүн орны хувьд төсвөө хэвийн хэмжээнд хүргэх эдгээр төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулах болно” гэж Ерөнхий сайд хэлсэн байна.

Сангийн сайд нарын нэгдэл Еврогрупын тэргүүн Жан Клауд Жанкер хэрэв Ирланд тусламж хүсэх л юм бол яаралтай туслалцаа үзүүлэхэд Еврозон бэлэн гэж хэлэв. Гэхдээ Ирланд энэ хүсэлтийг тавихгүй байгаа нь бага зэрэг асуудал үүсгэж байгаа аж.
“Тэд ийм хүсэлт тавихгүй л бол бид санал тавих онолын үндэслэл үгүй” гэж ноён Жанкер хэлж байна.
Зөвхөн Ирланд гэлтгүй, Европын хэд хэдэн орны эдийн засгийн байдал хүндэвтэр байгаа юм. Португаль, Испани зэрэг улсууд өрийн асуудалтай байгаа нь зах зээлд хөдөлгөөн оруулж, еврогийн ханшид муугаар нөлөөлж байна. Португалийн Сангийн сайд Фернандо Тэйзейра дос Сантос “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа “Бидэнд зөвхөн нэг улсын асуудал тулгараагүй тул эрсдэл маш өндөр байна. Грек, Ирланд болон Португалийн эдийн засаг маш хүнд байдалтай байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн Португалийн Засгийн газар санхүүгийн дэмжлэг авах төлөвлөгөө одоогоор байхгүй гэж хэлсэн байна.
Түүнчлэн Грек улсын 2009 оны төсвийн алдагдал тооцоолж байснаас муу гарч, Евро бүсдээ хамгийн муу үзүүлэлттэй улс болсоныг хамгийн сүүлийн статистик баримт харуулжээ. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал эдийн засгийн 15,4 хувьтай тэнцэж байгааг Евростат мэдэгдсэн нь эдийн засагчдын тооцоолж байсан 13,6 хувиас хамаагүй их байгаа юм.
Төсвийн шинэчлэл хийсний дараа Грекийн Засгийн газрын зүгээс 2010 оны төсвийн алдагдал 9,4 хувь байна гэж хэлж байгаа. Тус улс төсвийн алдагдлыг бууруулах цуврал арга хэмжээ авч байгаа ч үйлдвэрчний эвлэлүүдээс үүнийг эсэргүүцсэн жагсаалууд зохион байгуулсаар байгаа юм.

Грекийн эрх баригчидтай Европын хол­боо болон Олон улсын валютын сангийн удирд­лагууд даваа гаригт уулзалт хийж, дахин сан­хүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх талаар ярилцсан байна. Засгийн газрын зүгээс эдгээр байгууллагуудаас тавдугаар сард авахаар болсон 110 тэрбум еврогийн тусламжийн гурав дахь хэсгийг авахаар оролдож байгаа юм. Сангийн сайд Жорж Папанрью амралтын өдрүүдэд өр барагдуулах хугацааг сунгахыг хүсэхэд хүрч болзошгүй байгаа талаар мэдэгд­сэн билээ.

Одоогийн байдлаар Ирланд улс 45 тэрбум еврогийн зээлийг маш хайхрамжгүй байдлаар олгосон банкны системийг бараг л төрийн мэдэлд аваад байгаа юм. Ирланд улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2008 оноос хойш маш муу байдалтай байгаа. Байрны үнэ 50-60 хувиар унаад байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас хариуцлагагүй байдлаар 40-50 тэрбум еврогийн зээл олгосон банкны системийг бараг л төрийн мэдэлд аваад байгаа юм. Тус улс 2014 он гэхэд төсвийн алдагдлыг гурван хувь хүртэл бууруулна гэж Европын холбоонд амласан билээ. Одоогоор алдагдал ДНБ-ий 32 хувьтай тэнцэж байгаа юм.

Зарим эх сурвалжаас харахад Ирланд улс Засгийн газрын хэмжээнд бус зөвхөн банкны салбартаа зориулан санхүүжилт хүсэх нь оновчтой гэнэ. Энэ сонголтыг хийвэл Европын холбоогоор авруулсан гэх нэр зүүхгүй төдийгүй, Брусселийн эдийн засгийн уулзалтаас дахин өрийн асуудалд орохоос ч зайлсхийх боломжтой гэж ажиглагчид хэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж