Сахарын үнэ дахин өсч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Сахарын үнэ дахин өсч эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт уналттай байсан
бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсч эхэлсэн байна. Дэлхийн бараа
бүтээгдэхүүний индекс даваа гаригт 0,9 хувиар өсч, 306,4 пункт болж,
өмнөх долоо хоногийн алдагдлаа нөхөж эхэлжээ. Энэхүү индекст хөвөнгөөс
эхлээд какао, зэсээс эхлээд нефтийг хамардаг юм. Өнгөрсөн долоо хоногийн
мягмар гаригт хоёр жилийн өндөрлөгт хүрээд байсан бараа бүтээгдэхүүний
үнэ БНХАУ мөнгөний бодлогоо чангатгах сургаар долоо хоногийн сүүлээр
даруй 5,2 хувиар унасан билээ.

Долоо хоногт 23 хувиар унаж, хамгийн их хохирол амссан сахарын үнэ даваа
гаригт сэргэв. Энэ нь сахар үйлдвэрлэгч орнуудын нийлүүлэлт буурч
буйтай холбоотой юм. Ингэснээр худалдан авалт эрс сэргэжээ. Тунис улс
баасан болон даваа гаригт их хэмжээний сахар худалдан авсан бөгөөд Хятад
ч мөн адил худалдан авалтаа нэмэгдүүлсэн гэх мэдээлэл байна.
Гуравдугаар сар хүртэлх урьдчилсан гэрээт үнэ ирэх оны зургадугаар сарын
гэрээт үнэтэй ойролцоо үнэтэй байгаа нь хөрөнгө оруулагчид энэ
бүтээгдэхүүний үнийг нэмэх төдийлөн сонирхолгүй байгааг харуулж байгаа.
Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн үнийн уналтыг үл хайхран шинжээчид болон
эдийн засагчид цаашид сахарын зах зээл сэргэнэ гэж тооцоолж байна.
Бразиль улсын ургац муу байгаа нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл юм.

Хамгийн сүүлийн байдлаар нэг паунд боловсруулаагүй сахарын гуравдугаар
сарын гэрээт үнэ 2,2 хувиар өсч, 26,78 цент болсон байна. Гэхдээ энэ нь
өнгөрсөн долоо хоногийн рекорд болох 33 центэд хүрэхэд хол байгаа юм.
Харин цагаан сахарын арванхоёрдугаар сарын гэрээт үнэ 4,1 хувиар өсч,
тонн нь 738 ам.доллар болсон байна.

Газар тариалангийн зах зээл дээр шишийн үнэ 4,9 хувиар өсчээ. Афганистан
улсаас БНХАУ их хэмжээний шиш худалдан авах сургаар нэг бушель шиш
5.6025 ам.доллар болсон юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж