Н.Алтанхуяг дарга албанаасаа буухгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг дарга албанаасаа буухгүй

Ардчилсан нам ардчилагдаж, Н.Алтанхуяг даргыг албанаасаа бууна хэмээн мөрөөдөж суугаа эрхэм уншигч танд таагүй мэдээ дуулгая. Учир нь, Ардчилсан нам ардчилагдана ч гэж байхгүй, Норовын Алтанхуяг дарга албанаасаа бууна ч гэж байхгүй аж.

Аль хэдийнэ Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн өрөөнд энэ чиглэлийн тохироо хийгдэж, Ардчилсан намын улстөрчид бөөр, бөөрөндөө хэлхэлдэж эхэлсэн тухай мэдээлэл байна. Тэдний ийн хэлхэлдэж, улс төрийг өөрсдийн үзэмжээр шийдэх болсон нь хамтарсан Засгийн газрын хувь заяаг хамгаалах хүсэл.

Хоёр жилийн үр дүнгээ Тавантолгой, Оюутолгой гэсэн хоёр толгойгоор тайлбарлаж, холбоотой хос морины алхаагаар хол явна хэмээн мөрөөдсөн тэдний хүсэл ийн биеллээ олох цаг ойрхон байна. МАН нам XXYI их хурлаараа намынхаа нэрийг сэргээж, 2012 онд барьж орох мөрийн хөтөлбөрийнхөө ерөнхий тунг тодорхойлсон бол Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар юу хэлэлцэх вэ. Намын даргынх нь зүгээс лав гайхалтай гэмээр шинэчлэлийн санаа дэвшүүлж, шилдэг улстөрч байх үнэлгээ авахын төлөө хөөцөлдөхгүй нь тодорхой. Анхнаасаа тийм боломж байхгүй байгаа. Учир нь Н.Алтанхуягийн үед шинэчлэл эхэлж, Н.Алтанхуягийн гавьяагаар Ардчилсан намыг нам шиг нам болно гэдэг нь худлаа болохыг өдгөө гишүүд нь дэлгэж эхэлсэн.

Иймээс ч намын дарга хийгээд хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд Н.Алтанхуяг дарга Гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлыг хүртэл ордон дахь өрөөндөө хөл хорио тогтоон байж хуралдуулж, Үндэсний зөвлөлдөх хороогоор намын даргын асуудлыг ярихгүй болтол хааж буй гэнэ. Улмаар Ардчилсан нам доторх тал талын эрх ашиг бүхий фракцууд гал руу үсэрч орохоос зайлсхийн Засгийн газарт амлаж авсан эрх мэдлээсээ татгалзахгүй гэдэг тохироог ч бас хийжээ.

Намынх нь нөлөө бүхий гишүүдийн дунд МоАХ-ын ерөнхийлөгч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын шийдвэрийг хаашаа эргэх вэ хэмээн хүлээж байсан ч тэрбээр энэ удаад засгийн талд байгаагаа дам, дам илэрхийлэх болсон сурагтай. Учир нь түүнийг ийн шийдэхдээ одоогийн Засгийн газрын үед эхлүүлсэн төмөр замын тухай асуудлын эцсийг үзэх сонирхолтой хэмээн тайлбарлах аж. Нэг ёсны Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол тулах цэг, дэд бүтцийн салбарын хамгийн том бүтээн байгуулалт болох төмөр замын шинэ эхлэлийг өөрийнхөө үед эхлүүлсэн шигээ, дуусгах сонирхолтой гэнэ. Энэ сонирхлыг нь ч намынх нь нөхөд хүндэтгэж буй бололтой.

Харин “Алтангадас” фракцын тухайд хамтарсан Засгийн газарт тэргүүлж орсон боломжоо энэ хэвээр нь авч үлдэж, ирэх сонгуульд хоёр толгойн асуудлаар хол явна гэдэгтээ итгэчихсэн  яваа гэнэ. Улмаар “Кроун” болон МҮДН-ээс төрсөн дэд сайдууд ч албаа алдахгүй байхыг хичээж буй гэх. Ийн Ардчилсан намын эв хамтын нөхөрлөлийн эсрэг талд гарсан “Нэг ардчилал” клуб хийгээд З.Энхболд тэргүүтэй Ардчилсан намын өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хүсэлтэй сонирхлын бүлэг үр дүнгүй Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын өмнө боломжийн сайн улстөржих ганц гарцтай үлдэх бололтой.

Энэ бол Ардчилсан нам ардчилагдахгүй, Н.Алтанхуяг дарга ажлаа өгөхгүй гэдгийн нотолгоо. Ерөнхийдөө Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр өрнөх Ээлжит бус их хурал хуралдуулахын төлөөх энгийн гишүүдийн санал ч эрсдлийн өмнөх их тэнэглэл төдийхнөөр үлдэж, 2012 оны сонгуульд АН хийгээд МАН-ын эв нэгдэл сайн талаа хэн нь илүү дөвийлгөж магтах вэ гэсэн элэг хөшмөөр өрсөлдөөнөөр өрнөх нь тодорхой болов.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж