Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр Улсын клиникийн төв эмнэлгийн /УКТЭ/ дарга Н.Оюунцэцэгийг эсэргүүцсэн Түр хорооны гишүүдийг хүлээн авч уулзсаны дараа удирдах зөвлөлөө хуралдуулж, өнгөрсөн пүрэв гаригт эмнэлгийн даргаар шинээр томилоод байсан Н.Оюунцэцэгийг ажлаас нь чөлөөлж, оронд нь тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Бямбадоржийг УКТЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон юм. Н.Оюунцэцэг нь эмнэлгийн даргын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхээр хоёр жил явж, бүх шатны шүүхэд ялалт байгуулжээ. Тиймээс хөдөлмөрийн хуулийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин буюу 5 сая 800 мянган төгрөгийг нөхөн авсан байна. Тэрбээр нэгдүгээр эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Бямбадоржийг томилсон ч асуудал бүр мөсөн шийдэгдэх болоогүй байна гэх байр суурьтай байгаа аж. Бөөрний эмч Н.Оюунцэцэг анх 2006 онд тус эмнэлгийн даргаар томилогдсон боловч холбогдох албаныхны шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн учир дөрвөн удаа халагдаж, шүүхийн шийдвэр, төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр эргэн томилогдож байсан байна. Гэвч түүнийг эмнэлгийн ажилтнууд нь албан тушаалаа ашиглаж улсын мөнгө хувьдаа завшсан, ноцтой зөрчил дутагдал гаргасан, удирдах албан тушаалд тохирохгүй хүн учир эмнэлгийн даргаар хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
С.Отгон