“Барса” Афеллайг эгнээндээ элсүүлнэ | News.MN

“Барса” Афеллайг эгнээндээ элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

“Барса” Афеллайг эгнээндээ элсүүлнэ

Испанийн аварга “Барселона” клуб нэгдүгээр сард эхлэх өвлийн солилцооны цонх нээгдэхийн өмнө ээлжит байгаа онилжээ. Голландын “ПСВ Эйндховен” клубт хүчин зүтгэж буй 24 настай, голланд жигүүрийн тоглогч Ибрагим Афеллай “Барса”-гийн мэргэжилтнүүдийн нүдэнд өртөөд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэн тул арилжааны цонх нээгдмэгц гэрээг үзэглэхээр болсон байна. Энэ талаар Каталаны баг албан ёсны вэбсайтдаа мэдээлжээ. “Нэгдүгээр сард өвлийн солилцооны цонх нээгдмэгц тоглогч багтайгаа гэрээ байгуулна. Гэрээний нөхцлийг эцсийн байдлаар тохиролцох хүртэл Ибрагим ПСВ клубынхээ тоглолтод анхаарлаа хандуулж байгаа. Сүүлийн хэдэн жилд ПСВ Эйндховены хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөж буй Ибрагим чадварлаг, хурд сайтай жигүүрийн тоглогч. Довтолгооны хувилбар үүсгэх болоод хүчтэй, мэдрэмжтэй цохилтынхоо ачаар тэр Голландад бүхий л шагналыг хүртээд байгаа” хэмээжээ.

Афеллай 17-хон насандаа Голландын хөлбөмбөгийн топ дивизонд хөл тавьсан бөгөөд шигшээ багтаа дуудагдаж, 2010 оны дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо гурван удаа сэлгээнээс гарч тогложээ. Шигшээ багтаа тэрбээр нийт 30 тоглолт хийгээд байгаа юм. Утрехт хотноо төрж өссөн Афеллайн эцэг, эх нь Морокко хүмүүс боловч 2007 оноос эхлэн төрөлх нутгийнхаа багийг төлөөлөхөөр шийджээ.

“ПСВ Эйндховен” клубыг энэ жил Голландын лигийн тэргүүн эгнээг эзлэхэд Афеллай чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд өдгөө хүснэгтийн тэргүүн байрт өнгөрсөн жилийн аварга “Твенте”-гээс хоёр онооны илүүтэй байгаа юм. Тэд мөн энэ улиралд “Фейеноорд”-ын хаалганд 10 гоол оруулж, супер амжилт гаргасан билээ.

Харин “Барса”-гийн тухайд Испанийн Ла лигийн 11 тойргийн дараах байдлаар мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-аас нэг оноогоор хоцорч, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж